Аливаа улсын театрыг дэлхийн сонгодгууд тэр дотроо Гамлет, Фауст, Кихот ноён зэрэг сонгодгуудыг тавьсан эсэхээр нь үнэлж цэгнэдэг. Тэгвэл манай улсын драмын театр хэдийнээнээс Гамлет, Кихот ноён зэрэг жүжгүүдийг тоглосоор ирсэн. Дэлхийн ноён оргилуудыг тавьснаараа театр хөгжлийнхөө дараагийн шатанд хүрдэг ч гэдэг. Энэ удаа Германы суут сэтгэгч, зохиолч Иоханн Вольфганг Гётегийн алдарт Фауст жүжгийг найруулагч М.Батболд дахин тавих гэж байна. Фауст бол найруулагч М.Батболдын курсийнх нь ажил бөгөөд анх удаа үзэгчдийн өмнө эх орныхоо тайзан дээр тавьсан нь өнгөрсөн жилийнх юм. М.Батболд манай улсаас 30 жилийн дараа Москвагийн театр урлагийн академийг төгссөн найруулагч бөгөөд МУАЖ Г.Мягмарнарангийн хүү. МУАЖ Г.Мягмарнаран найруулагчийн зориг, тавилт, шийдлийг нь гүнээ хүндэтгэж эцгийн үүргээр огтхон ч оролцоогүй жүжигчнийхээ хувьд дүрээ мэхийн хүлээн авсан нь аргагүй л авьяас, туршлага нь тэгширсэн зангарагтай жүжигчнээс л гарах зан.
Дэлхийн уран зохиолын суут туурвил, хүн төрөлхтний хөгжлийн замнал хийгээд хүний амьдралын утга учрын тухай эргэцүүллүүдийн гүн ухаан шингэсэн уран сайхны шидээвр бүтээлийг тавих нь ур чадвар, авьяасаас өмнө эр зориг шаардана.
Уг зохиолынхоо санааг Гёте 1770-аад оны эхээр олоод насан туршаа бичсэн гэдэг. Бичиж эхэлснээс хэвлэлд өгч эхлэх хүртэл 60 жилийг зарцуулж нас барахынхаа өмнөхөн дуусгажээ. Тэрээр энэ тухайгаа “Фауст”-ын санаа эгээ л үүл мэт хэсэг хэсгээрээ хуралдаж, бүхий л насан туршид минь намайг дагасан билээ” гэж хэлсэн гэдэг. Романтизмын үеийн онцгой туурвил гэдгийг нь Гётег амьдад нь дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд “Фауст”-ын хүн төрөлхтний яруу найраг, философийн сэтгэлгээнд үзүүлсэн нөлөө улам л үнэ цэн орон оршсоор байна. Фауст туурвилыг дэлхийн театрууд өөр өөрийнхөөрөө тавьсаар ирсэн ч зохиолын гүн санаа, утга илэрхийлэл, үг хэллэгийг зохион өөрчлөх боломжгүйгээр бичигдсэн сод бүтээл.
Цусаар бичсэн гэрээ
Фауст зохиол тэнгэрийн оронд Бурхан, чөтгөр нар үг хэлэлцэн буйгаар эхэлдэг. Бурхан Фаустыг өөрийн үнэнч, чин сүжигт боол хэмээн магтана. Мефистофель харин түүнийг солиотой амьтан, эрэмдэгтэй мөрөөдөлтэй, эрлийн гаж донтон, бусдын төлөө гэдэгтээ бүр итгэчихсэн” гэх мэтээр муучилдаг. (М.Батболдын найруулгаар) Бурхан гэвч Фаустыг адгийн муу нүгэлд автахгүй гэж бат итгэж буй тул түүнийг сорихыг зөвшөөрдөг. Ийнхүү сайхан, муухай, үнэн худал, амьдрал үхэл, гайхамшиг, гутамшиг хоёрын тэмцэл эхэлнэ.
Аль нь дийлэх бол? Бурхан чөтгөр ийнхүү хэлэлцэн буй агшинд Фауст өнөөх л умгар өрөөндөө бөгтийн сууж ертөнц хоорондын утга учрыг тайлахаар уйгагүй оролдох аж. Далан нас хүртлээ давчуу энэ өрөөндөө суусны хүчээр тэр эрдэм мэдлэгийн оройд гарчээ. Гэвч тэр эцсийн эцэст нэг л зүйл хоосон утга учиргүй байгааг ойлгоно.
Тэр нь юу байв? Хоосроод ханаж дүүрэхгүй байгаа тэр зүйл нь түүний зүрх сэтгэл байлаа. Тэр тархиа эрдэм мэдлэгээр дүүргэсэн ч зүрх сэтгэлээ хайраар дүүргэж үзээгүй 70 насыг хүргэсэн зандан эр билээ. Фауст “Шашин шүтлэгийг ч судаллаа, гүн ухаан ч сонирхлоо, хууль цаазыг ч эмхэллээ, анагаах ухаанд ч суралцлаа. Тэгээд ч нэмэргүй тэнэг хэвээрээ л үлдлээ” гэж цөхөрсөн байдалтай өгүүлнэ. Эндээс нь түүний өөр нэгэн эрэл хайгуул эхэлнэ. Фауст хүний амьдралын сайхан, муутай нүүр тулж үзээгүй нэгэн. Тийм ч учраас бүгдийг бусдын төлөө гэж сэтгэдэг. Шавь Вагнер нь түүнийг магтан шагшихад Фаустын инээд л хүрэхээс цаашгүй. Магадгүй хүн хүн хэвээрээ байхдаа ийм үнэнээрээ байдаг ч магад. Өвгөн Фауст “Үзэж харсан бүхний минь хамаг гоо сайхныг энэ уйтгартай, амьтан сарниаж орхих юм!” гэж дотроо Вагнерыг зэмлэнэ.
Фауст хуучин номууд, элдэв шилэн сав, янз бүрийн оролдлого туршилтын дунд шал дэмий цаг хугацааг өнгөрөөсөн мэт санагдахад энэ балай амьдралыг орхин бүхий л ертөнцтэй нэгдэхийн тулд хор уухаар шийдсэн ч амжихгүй. Нохойны дүрд хувилсан Мефистофель эрдэмтэнд өөрийгөө “Бүх хүнд мууг хүсэхдээ эцэс төгсгөлгүй сайныг бүтээгч тэр хүчний нэгээхэн хэсэг” хэмээн танилцуулжээ. Үг яриа хэлэлцэж болохоор нэгэн тул Фауст түүнийг тэрүүхэндээ тоов. Тиймээс л анх удаа чөтгөрийн ятгалгаар бусдын төлөө биш зөвхөн өөрийнхөө төлөө бүгдийг туршаад үзэхээр шийддэг. Ийнхүү тэр цусаараа тангараглан чөтгөртэй гэрээ хийснээр Фауст залуу болон хувирдаг. Мефистофелийн дагуул Фауст амьдралын бүхий л нууцад хүрч, дээд зэргийн цэнгэл жаргал эдлэхээр эргэлтгүй шийдсэн ажээ.
Үүнээс хойш тэр хайр дурлалын охин тэнгэр Маргаритатай учирч хайр дурлал, үхэл хагацал өчнөөнийг үзэж өөрийн мэдэлгүй алуурчин болно. Ухаан самуурам хайр нь түүнд ар араасаа хөвөрсөн гай зовлонг дуудна. Фауст, Маргарита хоёрын сүүлчийн уулзалт бол дэлхийн яруу найрагт дүрслэгдсэн хамгийн эмгэнэлтэй, сэтгэл хөндүүрлэм хэсэг хэмээн судлаачид хүлээн зөвшөөрдөг. Дараагийн удаад Мефистофель Фаустыг нэгэн хааны ордонд аваачиж алдар нэр, эд хөрөнгийн оргилд хүргэнэ. Удалгүй ертөнцийн нүд гялбам үзэсгэлэн гоо Еленатай учирч гэрлэн хүүтэй болно. Гэвч бас л уй гашуу, хагацлаар төгсөнө. Фауст бусдын төлөө гэх сэтгэлээсээ хэзээ ч няцаж буцсан удаагүй. Тэр эргэн ирэхэд шавь нь түүний туршилтыг биежүүлэн хиймэл хүн бүтээсэн байв. Гэвч хиймэл хүн өөрийгөө Фаусттай эгээ л ижил жинхэнэ хүн хэмээн зүтгэж батлахаар Фаустын нүдийг сохолно. Энэ хэсгээс монгол найруулагчийн философи, уран санааг олж харж болно. Фауст хэдий сохорсон ч эрснээ олжээ. Тэр бол ХАЙР. Жинхэнэ хүн хайрыг агуулж, хайрын төлөө бэдэрч, хайрыг олж бас гээж энэ бүхий л хугацаандаа аз жаргалтай амьдарч чаддаг аж. Сүнсээ чөтгөрт худалдсан монгол Фауст эцсийн эцэст сүнсээ аварч “гэгээрч” чадна.
М.Батболдын Фауст
Монголын тайз Фаустыг тавих түвшинд хүрчээ. Бас түүнийг тавих найруулагч нь төржээ. Төржээ гэдгийг өмнө нь төрөөгүй биш харин тэр анхлан зоригложээ гэж ойлговол зохилтой. М.Батболд ОХУ-д найруулагч мэргэжлээр төгсөхөөсөө өмнө сэтгэл зүйч, сэтгэцийн эмч мэргэжил эзэмшсэн нэгэн. Тиймээс ч Гётегийн гүн ухаан, хүний сэтгэлзүйн олон утасны учир зангилааг агуулсан уг жүжгийг найруулан тавих нь хамгийн зохицсон хийгээд сэтгэлд нь багтах ажил байсан биз. Фауст жүжиг хүн төрөлхтний мөнхийн асуултуудыг үе үе биднээс асуудаг сануулга юм. Хариултыг нь хэдэн зууны өмнө хэлээд өгчихсөн ч бурууг хайж будилж төөрдөг тул асуулга биш сануулга гэвэл зохилтой. Учир нь хүн гэгч тун чиг харалган ухаарал сэхээрэл нь хожмоо ирдэг амьтад ажээ. Хүний амьдралд нь жор байдаггүй гэдэг ч суутнуудын бичиж үлдээсэн сор бүтээлүүд бол хүний амьдралын жор юм.
Төөрөлдөж будилж замаа олохоо байчихсан мэт энэ цаг дор энэхүү жорыг найруулагч М.Батболд хийгээд Фауст жүжгийн нийт уран бүтээлчид бидэнд сануулж байгаа нь сайшаалтай. Өнөөгийн Монголын нийгэм Мефистофелийн Фаустыг урхинд оруулдаг шиг алдар нэр, эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө ааг амьсгаагүй уралдаж буй нь үнэн бөгөөд эмгэнэлтэй. Энэ их “уралдаан” биднийг хаа хүргэх вэ? Алдар нэр, эрх мэдэл, мөнгөний төлөөх энэхүү “уралдаанаа” бид өнөөдөр амьдрал гэж нэрлээд аз жаргалын төлөө гэж итгэдэг. Бас болоогүй үүнийгээ “хөгжил” гэх үгээр томьёолдог. Түүний төлөө л бид чөтгөрт сүнсээ худалддаг. Бид бүгд хэдийнээ чөтгөрт сүнсээ худалдчихсан яваа.
Гол асуулт нь Фауст хүн чанараа гээгүйдээ сүнсээ буцаан авч чадсан. Харин та бид авч чадах уу? Чөтгөртэй гэрээлсэн сүнснийхээ оронд зуу ч хүрэхгүй насандаа идэх уух жаал зугаа юм, хувцас хунар, байшин, машин тэрэгхэн аваад л тамын хаалганд тулах болдог. Диваажинд төрнө гэж та бодож байна уу? Үгүй дээ, та сүнсээ чөтгөртэй хэдийнээ гэрээлчхээд аз жаргалын төлөө биш эд баялгийн замаар эрэл хайгуулаа үргэлжлүүлж яваа ч юм билүү. Жүжгийн зохиол яг ийм л маш олон төрлийн шашин, философи, гүн сэтгэлгээний нарийн учир холбогдолтой. Найруулагч нар ганцхан үзүүрээс нь л барьж авахад хангалттай агуу бүтээл. Найруулагч М.Батболд ч монгол үзэгчдийн сэтгэлд хүрэх яг тэр жишмийг барьж авч чаджээ.
Сонгодог зохиол бидний танин мэдэхүйн дээд хэмжээст оршдог тул түүнийг дордуулж тавих эрх найруулагчид үгүй. Харин түүнийг хэрхэн өөрөөрөө туучуулан бидэнд авчрах бол гэдэг л чухал. Өмнөх жил М.Батболд чадсан. Драмын урлаг давтах тусмаа чангаран чанарждаг давуу талтай. Тиймээс энэ удаад улам чангарах нь дамжиггүй гэж итгэнэ. М.Батболд найруулагч төгсч ирэнгүүтээ үзэгчдэдээ шалгалтаа өгчихсөн. Энэ удаа тэр үзэгчээсээ л шалгалт авч ч байж магадгүй. Драмын урлагийн үзэгч юу хүртсэнээрээ шалгалт өгдөг бичигдээгүй хуультай. Түүний шалгалтад тэнцэх эсэх нь үзэгчээс мэдрэмж, зөн билиг, сэтгэхүйн бяд шаардана. Шидээврүүд ийм л учраас урлагийг, хүн төрөлхтнийг нийтэд нь чирдэг жамтай. Суут бүтээлүүдэд чирэгдэж байж үзэгч болдог ч байж магад.
Найруулагч хэдэн зууны өмнөхийг энэ цагт, энэ Монголд маш онцгой, өвөрмөц, шинэлэг шийдлээр авчирсан байсан. Дэвшилтэт технологи холограм,эффектүүд, лазер гэрлийн хугарал, тайз засал гэх мэт. Энэ жилийн мэдрэмжийг үзсэн хойноо ярилцъя гээд орхиё.
Та аз жаргал, эд хөрөнгийн алиныг нь хайж явна вэ? Эсвэл бид аз жаргалыг бус агшин зуурын таашаалыг эрж хайсаар энэ насыг барж явна уу? Та хайрыг, аз жаргалыг хайсан уу? ФАУСТЫГ ҮЗ.... ТА ОЛОХ БОЛНО.
ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН
А.МӨНХЖИН
Сэтгэгдэл байхгүй байна