Та бид цагаан будаагүйгээр гал тогоогоо төсөөлөх аргагүй болтлоо энэхүү хүнсэнд дассан атлаа дотооддоо тарьж ургуулдаггүй гэдгийг нь ч төдийлөн ойшоодоггүйгээ анзаарч байсан уу. Үгүй л болов уу. Учир нь цагаан будааны хэрэгцээгээ импортоор хангадаг ч гэлээ өдөр тутамд бүх нийтээрээ өдрийн гурав хоол хийгээд ч гачигдахааргүй нөөцтэй явж ирсэн болохоор тэр байх. Тэр тусмаа цагаан будааны хамгийн өндөр хэрэглээтэй япончуудаас хямд үнээр худалдан авдаг гэхээр бидэнд цагаан будаа хомсдох, аливаа хомс зүйлийн үнэ өсөх зэрэг бэрхшээлтэй нүүр тулж байсангүй.
Айл өрх, нийтийн хоол, үйлчилгээний газар, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хоолонд өдөр тутамд, цэс бүрт будаа, будааны хачир дагалдах төдийгүй баяр ёслолын тансаг хоол ч будаагүйгээр таваглагдах нь бараг үгүй. Бид улсынхаа хэмжээнд жилд 90-100 орчим мянган тонн цагаан будааг гадаадаас худалдан авдаг ба сүүлийн таван жилд жил тутамд Импортоор гаднаас авах цагаан будааны хэрэглээ сүүлийн таван жилд жил бүр 15-20 хувиар нэмэгддэгийг статистикийн мэдээнд дурджээ. Улс орон зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш монголчуудын хэрэглээ дэлхий дахинтай улам ойртож, өмнөх нийгмийн үед хөгшчүүд “сэрүүн чанар”-ын хүнс гээд төдийлөн таалдаггүй байсан цагаан будааг өнөөдөр бантангийнхаа дараа эрэмбэлэх болсон нь сонин.
Нярай хүүхдийг бор хоолонд оруулахдаа “алтан медальт” бантангаар эхэлдэг байсан бол одоо цагаан будааны шүүс, зутан түүнээс дутахгүй шилдэг жор гэгдэх болсноос үзвэл аль хэдийнэ “мөнгөн” медаль хүртэхээр гавьяа байгуулжээ.
Хоол хүнсээ “цатгах” зориулалттай л гэж боддог байсан борогшуу үе ард хоцорч, бүгдийг нь нарийн судалж мэдэх, чухам ямар найрлагатай, эрүү мэндэд яагаад тустайг ойлгох эрмэлзэл бүх нийтийн хамарсан соёл болж байна. Энэ нарийн “лаборатори” ажиллагаанд цагаан будааны соёл, хэрэглээ ч нэлээн нарийвчлагдан шүүгдсээр. Хүүхдээ бор хоолонд оруулахаас эхлээд хүүхнүүд турах дэглэм барих, арьсаа цайруулах хүртэлх ажиллагаагаа будаагүйгээр төсөөлөхөд бэрх болсны цаана чухамдаа цагаан будааны өөрийнх нь шид оршиж буй. Түүний найрлагад биологийн идэвхэт бодис, В, С, Е амин дэмүүд ихээр агуулагддаг учраас хүнсний тэжээлийн үнэт чанар өндрөөс гадна 60 хувь нь нүүрс ус, 25 хувь нь өөх тос, 15 хувь нь уураг байдаг байна. Ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлэн сайжруулахаас гадна өөхийг шатаадаг. Японд явуулсан судалгаагаар өдөрт 150 грамм цагаан будаа иддэг хүмүүс өдөрт 14 грамм будаа иддэг хүмүүсээс илүү гуалиг байжээ. Тэгэхээр цагаан будааны хэрэглээгээ ихдүүлэхээс айх хэрэггүй байх нь.
Ямар ч сурталчилгаагүйгээр монголчуудын өдөр тутмын хүнс болсон цагаан будааг дотооддоо тарьж ургуулах, 2021 он гэхэд дотоодын хэрэглээгээ хангах том зорилгыг төр засаг дэвшүүлж байсан ч төдийлөн амжилт олоогүй л байна. Гэлээ гээд гутрах шаардлага огт үгүй. Цагаан будааны эх орон болсон Азийн улс орнуудаас импортоор хямд үнээр хэрэглээгээ хангаж чадаж буй тохиолдолд хэрэглэгчдийн хувьд энэ нь тийм ч санаа зовоох асуудал биш билээ. Тэр тусмаа сонголтууд өргөжиж байгаа өнөөдрийн зах зээл дээр шүү дээ. Ямар будаа нь илүү сайн бэ гэдэгт хүмүүс төдийлөн хариулж мэддэггүй. Гаднах савлагааны дизайн, үнийн зөрүүг нь харж байгаад сонголтоо хийдэг хүмүүс дийлэнх олонх. Ялангуяа гал тогооны бурхан тэнгэр босон бүсгүйдэд дизайн нь юун түрүүнд нүд, сэтгэлийг нь татдаг. Жишээ нь би “Сараана” будааны савлагаанд татагддаг, будаа нь ч таашаалд нийцдэг. Хүнсийг шим тэжээлээс гадна таашаал гэж үзэх болсон орчин цагийн концепцид түүний савлагаа, дизайн ч бас хамаарах чухал хүчин зүйл билээ.
З.Боргилмаа
Сэтгэгдэл байхгүй байна