• Эхлэл
  • Ш.Батхүү, Б.Ундармаа, “ЖДҮ-ЧИН” Б.Батзориг нарын хөрөнгийг хэзээ хураах вэЭ, Л.Оюун-Эрдэнэ дарга аа,

Ш.Батхүү, Б.Ундармаа, “ЖДҮ-ЧИН” Б.Батзориг нарын хөрөнгийг хэзээ хураах вэЭ, Л.Оюун-Эрдэнэ дарга аа,

2019/12/05

Манай улс яагаад ийм ядуу байгааг улстөрчид нь ханаж цадахаа мэддэггүйтэй холбож тайлбарласан онигоо бий. Наргианы наян хувь нь ортой гэдэг шүү дээ. Үнэхээр ч гишүүдийн идсэн уусан завшсан бүхнийг ард түмний татвараар нөхдөг жишиг тогтоод удаж байгаа билээ. МАН эрх барьж буй энэ хугацаандаа долоон төрлийн татвар нэмэгдүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр дахь удаагаа нэмэгдүүлэх шийдвэр гаргаад буй. Бас дээр нь, НИТХ-аас автомашин эзэмшигчдээс жилд нэг удаа авдаг татварыг тав дахин нэмэгдүүлэхээр болсон. Ард түмний халааснаас гарч буй энэ их татвар, татаас улстөрчдийн сонгуулийн төсвийг бүрдүүлж байгаа юм. Уул нь, Засгийн газар, УИХ, эрх баригчид “Ждү-чин”, “Концессчин”, худалч, хулгайч гишүүддээ хариуцлага тооцоод явбал татварыг ингэтэл нэмэгдүүлэхгүй байх гарц бий. Гэхдээ тэд үүнийг хүсэхгүй байгаад хэргийн учир оршиж буй юм.

24 компанитай Б.Ундармаагаас эхлээд 240 тэрбумыг ав

 Монгол улсын нийт даатгал төлөгчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгөнд ямар ч баталгаа алга. Улс төрчид энэ мөнгөөр “тоглодог”. Банкинд хадгалуулж хүүг нь өсгөх нэрээр өөрсдийнхөө бизнесийг босгодог. Үүний хамгийн тод жишээ нь, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банк дампуурч Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 140 тэрбум нийт 240 тэрбум төгрөг алга болсон явдал юм. Энэ мөнгөө эргүүлж авахын оронд улс төрчид ажилчдын болон ажил олгогчдын нийгмийн даатгалын мөнгийг нэмэх замаар тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөх тухай ярьж байна. Төр өнөөдөр тэтгэврээ тавьж чадахгүй болчхоод байгаа бол эхлээд ард түмний татварын мөнгөөр хувьдаа 24 компанитай болсон Б.Ундармаагаас 240 тэрбумыг нь аваач.

190 тооны үл хөдлөх хөрөнгөтэй Ш.Батхүүгээс 98 тэрбум төгрөгийг хураана гэсэн, яалаа

 “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан луйврын хэрэг сүүлийн 10 жил яригдаж байна. Хэргийн эзэн уг нь тодорхой. “Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүү. Тэрээр 2009 онд “Эрдэнэт”-ийг барьцаалж гадны банкнаас 109 сая ам.долларыг гаргуулаад авчихсан. Ингэхдээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн асуудал байдаг. Үүнээс болж Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд хүртэл дуудагдсан.
Гэсэн ч хууль, шүүхийн байгууллагаас одоог хүртэл Ш.Батхүү болон энэ асуудалтай холбогддог албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж чадаагүй байна. Сүүлдээ Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, Ш.Батхүүгийн өрийг нь төлсөн билээ. “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сан гэдэг нь чухамдаа халхавч төдий нэр. Үүний цаана ард түмний татварын мөнгөөр энэхүү өрийг дарсан гэх хүмүүс ч бий. Улмаар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Уг өрийг төлж барагдуулах хэмжээний хөрөнгө Ш.Батхүүд бий” хэмээн мэдэгдэж байсан билээ. Мөн тэрбээр, “Жаст” группын захирал Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой 98 тэрбум төгрөг бүхий 190 тооны эд хөрөнгө байна. Түүний эд хөрөнгийн тухай бүртгэл мэдээллийг ЗГХЭГ-аас хүсэлт гаргаж АТГ-аас авсан” гэдэг мэдээллийг өгсөн. Түүнээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл сураг ажиггүй байсаар.

Ард түмний боломжийг хулгайлсан “ЖДҮ”-чин гишүүд яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ

 Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийг иргэдэд олгохын тулд улс жилийн 17 хувийн хүүтэй бонд гаргадаг аж. Энэ мөнгөө иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй олгодог бөгөөд бондын зөрүү 14 хувийн хүүг татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг байна. Тэгэхээр “ждү”-чин гишүүд зөвхөн гурван хувийн хүүтэй зээлийг хулгайлаад зогсохгүй, бондын өрийнхөө 14 хувийн хүүг ард түмнээр төлүүлсэн гэсэн үг. Ийм хэмжээний эрсдэл үүрч санхүүжүүлсэн зээл жинхэнэ эзэддээ очоогүй. Харин эрх баригчид хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан авч, ББСБ-аар дамжуулж 36 хувийн хүүтэй зээлж, мөнгө угаасан билээ. Энэ мэтээр ард түмний боломжийг хулгайлж, түрийвчээ түнтийлгэсэн 51 гишүүндээ эрх баригч нам өнөөдөр ямар нэг хариуцлага тооцсонгүй. Харин хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригоор туг тахихаар шийджээ. Түүнтэй хамт яамны мэргэжилтнүүд болох Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү нарын зургаан хүн дээрх хэрэгт яллагдагчаар татагдаад буй. Тэд өнөөдөр сайн дураараа хэргээ хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх буюу прокурортой ял наймаалцах замыг сонгоод байна. Гэхдээ хялбаршуулсан журмаар шийдэхийн тулд гурван шаардлага хангасан байх ёстой гэнэ. Үүнд, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, хохирогчтой эвлэрсэн байх гэжээ. Харин Б.Батзориг нарын долоон хүний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн эсэх, хохирлыг хэрхэн тооцох, хэний хохирлыг барагдуулах нь тодорхойгүй байгаа гэнэ. Чухамдаа, Б.Батзориг тэргүүтэй “ждү”-чин гишүүдийн хөрөнгийг хурааж, улсын төсөвт суулгачихвал ард түмнээс авах энэ олон татвар, татаас багасах боломжтой баймаар.

Эрх баригчдаар улсад учруулсан 11 их наядын хохирлыг нь төлүүлээч

 АТГ-аас мэдээлж буйгаар, энэ оны эхний зургаан сарын байдлаар авлига албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 11 их наядын хохирол учирсан гэнэ. Улсын төсөвтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан эрх баригчидтайгаа эхлээд хариуцлага тооцооч, Л.Оюун-Эрдэнэ дарга аа. Ядарсан гурван сая иргэнээ биш, задарсан 76 гишүүнийхээ халаасыг эхлээд тэмтрээч, Л.Оюун-Эрдэнэ дарга аа.

ЭХ СУРВАЛЖ:ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

Д.Соёмбо


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин