• Эхлэл
  • АШУҮИС хувьчлагдах уу?

АШУҮИС хувьчлагдах уу?

2020/01/28

Нэгэн танил маань ярьж байв. “Интермед Монголд тоног төхөөрөмжөөрөө толгой цохьдог ч боловсон хүчний тал дээр учир дутагдалтай. Оношоо бүрэн уншиж чаддаггүй. Анагаахын докторууд үнэхээр чадалтай.  Гэвч тоног төхөөрөмж байхгүй.  Харин АШУҮИС дэргэдээ эмнэлэгтэй болсон нь Монголын хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй, хамгийн чадвартай боловсон хүчинтэй хамгийн шилдэг эмнэлэг болсоон” гэж...  

Гэвч Анагаахын клиник боссон даруйдаа л  дампуурлын эрсдэлд оров.  Сайхан эмнэлгийн ач тусыг ард түмэн ч хүртэж чадсангүй.   Японы ард түмний хөрөнгөөр боссон дээрх эмнэлэг шуналын овоо хараанд өртөж, хөрөнгө бэлтэй нөхдийн улаан нүдэнд олзлогджээ. Менежментийн хувьчлалаар авах сонирхолтой олон эрхмүүд ил далд яриа тохироо хийж, луйврын процесс дэглэж эхлэв.

Японы ард түмний хөрөнгөөр  Монголын ард түмэнд зориулагдан боссон эл эмнэлэг MCS-ийнхэнд очих гэж байгаа дуулдав.  Дахиад л MCS.  Тэд юун түрүүнд клиник эмнэлгийг  АШУҮИС- иас салгаж чадав. Эмнэлгийг сургуулийн  харьяанаас гаргаж, Эрүүл мэндийн яамных болгосноор  Монгол улсын анагаахын сургууль эрдэм шинжилгээнийхээ бааз сууриас салав. Дээрх шийдвэрийг тухайн үеийн Боловсролын сайд Ц.Цогзолмаа  гаргасан байв.  Найз бүсгүйнхээ шахаанд орж  Ц.Цолмонг сургуулийн захирлаар томилсноор сургууль төдийгүй эмнэлгийн барилгын хувь заяа  өнцөгдсөн гэж хэлж болно. Тэгэхээр  Ц.Цолмонгийн амбиц Анагаахын сургуулийн захирлаар хязгаарлагдаагүй, MCS-ийнхний луйврын ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн үг юм.

Одоо тус эмнэлэг  Эрүүл мэндийн яамны мэдэлд буй.  2019, 2020 оны төсвийн тодотголд  эмнэлгийн төсөв  багтаагүй учир эмч, сувилагч нар  эхнээсээ нь цомхотгогджээ.  Ийм аргаар үнэгүйдүүлж, аажим аажмаар сөхрүүлж байгаад  менежментийн хувьчлал нэрийн дор луйвардаж авдгийг дампуурсан олон банк, төрийн өмчүүдийн хувьчлалын жишээнээс монголчууд дэндүү сайн мэдэх болсон.  Ийнхүү  АШУҮИС-ийн эмнэлгийн хувь заяа Интермедийн араас орох нь ээ.

Дэлхийн стандартыг хангасан эмнэлэг хөрөнгөтнүүдийн халаасанд орж  орлого багатай иргэдийн урсгал энэ эмнэлгээс тасарна.  Хөрш Японы ард түмнээс Монголын ард түмэнд зориулсан юмсан. Олон Япончуудын сэтгэл шингэсэн, олон Монголчуудын найдвар тээсэн тэр сайхан эмнэлгийг мөнгөтэй  нөхдийн халаасанд   гулгуулж орхино гэдэг үнэхээр харамсалтай.  Анагаахын шинжлэх ухааны гол төв болсон АШУҮИС-ийнх шиг ийм эмнэлэгийг бид хүсч мөрөөдөөд ч дахин босгож чадахгүй биз.  Төртэй улс гэж байгаагийн хэрэг юу билээ?   “Хөрөнгө оруулагч нь Японы ард түмэн,  Гүйцэтгэгч нь Жайка, өмчлөгч нь АШУҮИС”  гэж тодоос тод бичсэн байдгийг тэдэнд ойлгуулж өгөөч...

ЭХ СУРВАЛЖ:24barimt.mn

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин