Хар хун

2020/03/25

Э.Бат-Үүл ингэж өгүүлэв

Коронавирус хэмээн олонд алдаршсан халдварт өвчний улмаас дэлхий дээр өдгөө 323659 хүн өвдөж 13767 хүн нас бараад байна. Энэ тоог жишээ нь автомашины ослоор жил бүр 2 сая орчим хүн, диабетаар 3,5 сая хүн амь насаа алддаг гэсэн баримттай харьцуулахад шалихгүй л дээ. 

Гэхдээ коронавирус нийтийг паникдуулах эффект нь маш хүчтэй аж. Засгийн газрууд иргэдээ тайвшруулах гээд нэмэр болсонгүй. 

Тайвшруулах гэж цаг алдсанаас болоод Итали, Испани гэх мэт Европын орнуудад халдвар тахлын хэмжээнд очсон. Олон нийт зүгээс засгийн газраа буруутгах явдал тэсэрч эхлэв. Одоо засгийн газрууд ч паникдсан. 

Ийнхүү, иргэд болоод засгийн газрууд нь паникдан онцгой арга хэмжээнүүдийг шуурхай болоод цочир аваад эхлэхтэй зэрэг улс орнуудын эдийн засаг, цаашлаад дэлхийн эдийн засаг нурах төлөвтэй боллоо.

Улс бүрийн эдийн засаг нэгэнт глобалчлагдсан. Аливаа улсын эдийн засаг нь дэлхийн бусад улсаас ирэх жуулчин, аялагч, зорчигч; харилцаа холбоо, мэдээллийн солилцоо; бараа, үйлчилгээний худалдан авалт, нийлүүлэлт; хөрөнгө оруулалт, зээл тусламж зэргээс маш их хараат болсныг дэлхийн “худалдааны дайн”-аар харуулаад байсан юм. Одоо, коронавирус бүр ч тод харуулж эхэллээ.

Коронавирусын тархалт цаашаа хэр удаан үргэлжлэх бол гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Одоогийн тэмпээр тархвал олон сая хүн амь насаа алдах эрсдэлтэй гэдгийг л мэдэж байна. Жишээ нь, Их Британид 8-р сар хүртэл вирусын тархалт үргэжилбэл 250000-500000 хүн амь насаа алдаж болзошгүй гэсэн тооцоо гарсан байна.

Бүр их ноцтой нь коронавирус мутац, хувиралд орж дүрээ хувирган бултаад байдаг. Түүнээс болоод эмчлэх ерөндгийг нь гаргаж авахад амаргүй гэнэ. Хэзээ вакцин гаргаж чадах нь ч тодорхойгүй аж.

Коронавирусын тахал Хятадын Ухань хотоос гэнэтхэн л гараад ирсэн. Ийм болзошгүй үйл явдлын тухай Мэтт Дэймон нарын Холливуудын том одууд тоглосон “Халдвар” хэмээх кино есөн жилийн өмнө гарч байсан.

“Халдвар” кино, өнөөгийн коронавирусын цаг үеийг үзмэрч аятай урьдчилан харуулсан аж. Гэхдээ олон түмэн, байдаг л ээлжит адал явдалтай кино хэмээн үзэж нэг их тоогоогүй юм. Харин одоо эл кино маш их эрэлттэй болсон гэнэ лээ.

“Халдвар” киног бүтээгчид, уг киногоороо хүмүүсийн паник бол вирусээсээ ч хурдан тархаж нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлдэг гэдгийг харуулахыг зорьсон байдаг. Тэдний зөв байсныг өнөөдөр хүмүүн төрөлхтөн биеэрээ хараад сууж байна даа.

Хүмүүс гэнэтийн үйл явдалд, цочирдож паникдахаас өөр хариу үзүүлж чаддаггүй. “Бүх хун цагаан” гээд бодоод сурчихсан байтал гэнэт “хар хун” гараад ирвэл учраа олохгүй. 

Энэ учраа олохгүй бантах явдал нь л “хар хун”-аас илүү жинхэнэ аюулыг учруулж байдаг. Яагаад гэвэл “байдаг л байдал”-даа амар амгалан байгаад сурчихсан “тархи” шинэ нөхцөлд “бодож чадахгүй” хуучинтайгаа зууралдсаар “өнгөрдөг”. Тийм учраас болзошгүй гэнэтийн зүйлүүдийг ямагт шалгаж байх ёстой. Үгүйдээ л санаанд оромгүй гэнэтийн зүйл байдаг гэдгийг санаж ажил хэргээ явуулж байх ёстой аж.

Нэг ёсондоо, бодит ертөнц бидний тархинд заавал таатай байх ёсгүй учраас тархиа “шинжлэх ухаанч”-аар боддог болгох нь зөв болой!

Өгүүлж буй энэ “хар хун” гэх үзэгдлийг шинжсэн Нассим Талеб хэмээгч эрхэм 2007 онд “Хар хун” хэмээх номоо туурвижээ. Тэр ном философичид, судлаачдын хүрээнд уг нь их алдаршсан байдаг.

Гэтэл, коронавирус шиг “хар хун” ирж болзошгүй шүү хэмээн холливуудын “Халдвар” кино ч анхааруулаад, Нассим Талеб ч ном бичээд байсан хэдий ч мөнөөхийг “нисээд ирэхэд” нь хүн төрөлхтөн бэлэн биш байсныг одоо бид харж байна.

Нассим Талеб үнэн хэлжээ. Хүмүүн бээр, оюун ухааныхаа сурсан тав тухыг эрхэмлэж “хуучин байрандаа хоргодоод” байдаг болохоос шинжлэх ухааны “үнэний хүйтэн гадаа гадаалах” дүргүй юм байна.

Коронавирусын өвчлөл гарсан даруйд манай Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл цаг алдалгүй, эдийн засгаа хойш нь тавьсан чанга арга хэмжээнүүдийг авсны үр дүнд халдварыг оруулж ирэхгүй нэг хэсэгтээ амжилттай тогтоож чадсан. Харин гадаадад байгаа иргэдээ авчрах явцад халдвар ороод ирлээ.

Авчрахгүй гээд яалтай билээ. Улс орнууд өөрсдийнхөө иргэдийг аварч дийлэхгүй байхад яаж манай иргэдийг асрах вэ дээ.

Одоо Монгол хоёр том бэрхшээлтэй нүүр тулаад байна. Коронавирусын тархалтыг тогтоон барих, эдийн засгийн уналтыг зогсоох гэсэн ацалсан “шалаа”. Хэзээ “тогтож хайрлах” нь тодорхойгүй байгаа коронавирус удах тусам энэ ацан шалаа манай улсын хэвийн амьдралыг бүрэн нураах эрсдэлтэй юм.

Ийм үед Засгийн газар улстөрийн намууд, тэр дотроо Ардчилсан Намтай хамтарч ажиллах хэрэгтэй. Нэн ялангуяа Ардчилсан Нам бол улс орноо эдийн засгийн сүйрлээс авч гарч байсан арвин туршлагатай улстөрийн хүч. Өөр ямар ч намд ийм туршлага байхгүй!

90-ээд онд Монгол орон Зөвлөлт Холбоот Улс гэдэг тэжээгчээ алдаад 20-р зууны дэлхийн түүхэнд тохиогоогүй эдийн засгийн хямралд өртсөн. Монгол Улсын үндэсний худалдан авах чадвар хасах 68,6 хувьд хүрсэн болохын Харвардын профессор Харк Бум судлан тогтоосон байдаг. Түүний багш Жефрри Загс; Монгол, Мозамбикийн эдийн засаг ямар ч найдваргүй гэж байсан юм шүү дээ!

Ийм хүнд байдалд орсон эдийн засгийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, шадар сайд асан Да.Ганболд, Монгол Банкны Ерөнхийлөгч асан Н.Жаргалсайхан, Ерөнхий сайд агсан П.Жасрай, ерөнхий сайд асан М.Энхсайхан нар буухиалан чирсээр эцэст нь хүүхдийн мөнгө өгөх хэмжээний эдийн засаг болгосон билээ.

Монголын аз болоход тэд бүгд эдийн засагчид байв. Тухайн үед, улстөрч хүн биш эдийн засагч технократууд засгийн газар толгойлдог байжээ.

90 оны Монголын хувьд, Зөвлөлт Холбоот Улс хэмээх эзэнт гүрэн гэнэт нуран үгүй болсон хэрэг явдал нь ёстой мөнөөх “хар хун” нь байлаа. Монгол элгээрээ хэвтсэн дээ!

Ер нь эдийн засгийн хямралууд, хэзээ болж байгаагаасаа үл хамааран нэг л ижил төрхтэй. Хямрал эхлэхэд ажилгүйдэл, ядуурал тахал мэт газар авахуйд айл өрхүүд орлогын хомсдолд нэрвэгддэг. Хүмүүс нь мөнгөн орлогогүй болмогц иргэдийн худалдан авалт унаж, зах зээл эзэнгүйрдэг. Үүнийг дагаад худалдаа, үйлдвэрлэл зогсоно. Эргээд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ. Барааны хомсдол гаарна.

Ийнхүү; ажилгүйдэл, ядуурал, мөнгөн орлогын дутагдал, зах зээлийн эзэнгүйрэл, барааны хомсдол хэмээсэн гинжин урвалд эдийн засаг орчихож байгаа юм. Хямрал ийм л нийтлэг төрхтэй.

Энэ гинжин урвалаас л Монголыг татаж гаргасан туршлагатай эдийн засгийн мэрэгжилтнүүд нь Д.Бямбасүрэн, Да.Ганболд, Н.Жаргалсайхан, П.Жасрай, М.Энхсайхан нар юм. Ийм туршлагыг ямар ч Харвард олгохгүй гэдэг бол шинжлэх ухааны үнэн билээ. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ойлгох хэрэгтэй дээ!

2020.03.24


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин