• Эхлэл
  • Монгол банкны томилгоо болон саарал жагсаалт

Монгол банкны томилгоо болон саарал жагсаалт

2020/05/07

 

-Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөн, дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томиллоо-

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг УИХ өнөөдөр хэлэлцлээ. Энэхүү албан тушаалд Г.Дөлгөөнийг томилуулах саналаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан юм.

Г.Дөлгөөн нь 2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж. Түүнийг УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү гэсэн мэдээлэл гараад байгаа юм.

Мөн хурлаар Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэн Г.Энхтайваныг томилохоор боллоо.

Г.Энхтайван нь 2007 онд АНУ-ын Арканзасын их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, 2013 онд Их Британийн Оксфордын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн эрх зүйн магистрын зэргийг тус тус хамгаалжээ. Тэрбээр 2007-2011 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хянан шалгагч, 2011-2012 онд Гадаад харилцааны яаманд сайдын туслах, Эдийн засаг, хамтын ажиллагаа, гадаад хуралдааны газарт атташе, 2013-2015 онд “Америк банк”-д дадлагажигч/шинжээч, 2015-2018 онд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2018 оноос “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.

Томилгооны асуудлыг хэлэлцэх үеэр сүүлийн үед Монгол Улс. FATF-ын хар жагсаалт орж магадгүй байгаа талаар мэдээлэл хөндөгдөв. Энэ талаар Г.Дөлгөөн

-Саарал жагсаалтаас гарах чиглэлд Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. FATF-д ойрын хугацаанд тайлангаа тавих шаардлагатай. Сүүлийн мэдээллээс харахад тавдугаар сарын 11-нд хурал нь болно гэж ойлгож байгаа. Нийтдээ зургаан асуудлаас гурвыг нь бүрэн шийдсэн, үлдсэн гуравт тайлбараа тавих байх. Европын холбооны хар жагсаалтын тухайд хэвлэлээс мэдээллийг харсан. Албаны эх сурвалжаас харахад албажиж шийдвэр гараагүй байгаа гэв.

Монгол Улс 2013 онд FATF-ын саарал жагсаалтад орж байсан ч тэр үед эрх барьж байсан Ардчилсан нам хууль эрх зүйн орчноо өөрчилж, тодорхой ажлууд хийснээр гурван сарын дараа саарал жагсаалтаас гарч байв. Харин одоо хар жагсаалт руу орох байдал үүсээд буй гэсэн мэдээлэл гарсан.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр /2020.05.06/ энэ талаар хэвлэлийнхэнд “Нягталж байна” гэсэн төдий тайлбар өгсөн.

Харин Ройтерс агентлаг Монгол Улс бохир мөнгө угаалттай тэмцэхгүй байна гэсэн үндэслэлээр хар жагсаалтад оруулах гэж байна хэмээх мэдээлсэн.

Одоогоор Европын холбооны хар жагсаалтад Афганистан, Ирак, Вануату, Пакистан, Сири, Йемен, Уганда, Тринидад ба Тобаго, Иран, Умард Солонгос оржээ. Үндсэндээ дайн байлдаантай хийгээд хөгжил буурай орнууд багтсан байгаа юм. Хар жагсаалтад Монгол Улс орсон тохиолдолд эдийн засгийн хориг арга хэмжээнүүд тавигдана. Үүнд: хямд хүүтэй, урт хугацааны зээл татах боломжгүй болж,  гадаадын хөрөнгө оруулалт зогсох, дотоодын арилжааны банкуудтай харилцаж байгаа гадаадын банк олон улсын санхүүгийн байгууллага харилцаагаа таслах, мөнгөн гуйвуулга зогсох зэрэг хүндрэл үүсэх аж. Тэр хэрээр хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж, дотоодод олгох зээлийн хүүнд дарамт учруулах эрсдэл дагуулах нь.

Гэтэл хэдхэн сарын дараагаас буюу 2021 оноос эхлээд Монгол Улс Мазаалай бондын эргэн төлөлтийг хийж эхлэх ёстой. Эхний удаад 500 сая ам.долларын өрийг шийдэх шаардлага үүсч байгаа. Үндсэндээ 2021-2024 оны хооронд 14 орчим тэрбум ам.долларын гадаад өр төлөгдөх тооцоо гарсан юм.

Уг нь FATF Монгол Улсыг өнгөрсөн оны аравдугаар сард саарал жагсаалтад оруулж, “Хар жагсаалтад орох эрсдэл өндөр байгаа шүү” гэдгийг сануулж байсан юм.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин