• Эхлэл
  • Таван байршилд зам хааж, засварын ажил эхлүүлнэ

Таван байршилд зам хааж, засварын ажил эхлүүлнэ

2025/06/26

 

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг шинэчлэн засварлах ажил эхэлсэн бөгөөд гол замын засварыг ирэх долоодугаар сарын 5-наас өмнө дуусгах юм.

Тэгвэл энэ долоо хоногт таван байршилд зам хааж, засварын ажил хийх аж. Тухайлбал,

-Маргааш 22:00 цагаас эхлэн МУБИС-иас Бөхийн өргөөний уулзвар хүртэлх 0.86 км авто замыг хааж, засна. Уг ажлыг энэ сарын 30-ны 06:00 цаг дуусгаж, нээх юм. Засварын хүрээнд зорчих хэсгийн асфальтбетон хучилт хийх, суурь солих, одоо байгаа хучилтыг дахин боловсруулж цементээр бэхжүүлэх аж.  

-120 мянгатын тэмээтэй хөшөөний уулзвараас ТЭЦ-3-ийн уулзвар замын зорчих хэсгийг хучих тул энэ сарын 27-29-нд хаана.

-“Өлзий” төвөөс 100 айлын уулзвар хүртэл замыг өчигдөр хаасан бөгөөд энэ хэсэгт асфальтбетон хучилт хийж, маргааш нээнэ.

-“Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто замын засвар, шинэчлэлтийн өргөтгөл ажлын хүрээнд  0.7 км авто замын зорчих хэсгийн өнгө хучилт хийнэ. Тиймээс энэ сарын 29-30-нд замыг тур хугацаанд хаахаар болов.

-Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэл 1.2 км ажлын хүрээнд 0.9 км авто замын зорчих хэсэгт тэгшилгээний үе болон өнгө хучилт хийх тул энэ сарын 27-29-нд хаах юм.

Зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн автобусны чиглэлд бага зэрэг өөрчлөлт орох аж. Иймд иргэдийг ажилд хүндрэл учруулахгүй, хүлээцтэй хандахыг холбогдох албаныхан уриаллаа. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна