• Эхлэл
  • Б.Хурц нарын хэргийг шүүхийн жишиг болгож, эрүүдэн шүүлтээс ангижрах боломж байна

Б.Хурц нарын хэргийг шүүхийн жишиг болгож, эрүүдэн шүүлтээс ангижрах боломж байна

2020/05/18

Эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэхийг олон улсын болон дотоодын хуулиар хориглохдоо хүний ёсонд нийцэхгүй, үр дүн муутай, ийм аргаар олсон мэдээлэл найдваргүй гэдэг үндэслэлүүдэд тулгуурладаг аж. Гэсэн хэдий ч Amnesty International байгууллагын тайлангуудад дэлхийн олон оронд энэ аргыг хэрэглэдэг тухай дурджээ. Шалтгааныг нь эрүүдэн шүүлгэсэн хүмүүс заримдаа "үнэхээр гэм буруутан байдаг" тохиолдлууд гардагтай холбож тайлбарладаг юм байна. Гэхдээ ингэлээ гээд энэ арга техникийн ёс суртахууны талыг зөвтгөх аргагүй гэдэг нь мэдээж билээ.

Улс орнуудаас шалтгаалж энэ арга орчин үед, ард түмэнд огт мэдэгддэггүй далд, эсвэл нийтээрээ мэддэг ч ярьдаггүй хагас нууц, бүр эсвэл олон нийтийг айлгахын тулд нуулгүй зарладаг ил гэсэн 3 хэлбэрээр оршин байдаг аж. Тухайлбал, манайд хүмүүс мэддэг ч ярьдаггүй хэлбэрээрээ байсан нь бараг тодорхой болоод байна.

Энд эрүүдэн шүүх арга үр дүнтэй эсэх, ёс суртахууны болон эрхзүйн ямар хэм хэмжээг зөрчдөг, ямар тохиолдолд зөвтгөж болох тухай өгүүлэх нь илүүц юм. Учир нь, хэрэв манайд тийм практик байдаг бол түүнийг яагаад ч зөвтгөх аргагүй билээ. Харин нэг учир шалтгааны талаар ярихаас өөр аргагүй байна.

Эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон тухайн үедээ үүрэг гүйцэтгэж байсан 8 хүний хэргийг энэ 7 хоногт Төв аймаг дахь сум дундын шүүхээр дахин хэлэлцэхээр болжээ. Уул нь анхан шатны шүүх хуралдаанаас “хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Харин прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөн эсэргүүцэл бичиж, эсэргүүцлийг нь давж заалдах шатны шүүх хүлээн авч, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дахин буцаах шийдвэр гаргасны дагуу энэ шүүх хурал болж байгаа юм.

Шүүгдэгч нар мэдээж давахын шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэн УДШ-эд гомдол гаргасан. Учир нь “хэргийн нотлох баримт хангалтгүй” гэж анхан шатны шүүх үзсэн тул хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Прокурор шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, мөрдөн байцаалтыг дахин явуулахаас татгалзсан учир одоо ч гэсэн уг хэргийн "нотлох баримт хангалтгүй" хэвээр байгаа. Тэгэхээр энэ удаа ч гэсэн шүүхээс гаргах шийдвэр тодорхой, “хэргийн нотлох баримт хангалтгүй”.

Хэрвээ эсрэгээрээ “хангалттай” гээд шийдвэр гаргачихвал нөгөө "эрүүдэн шүүсэн" асуудлыг шүүх шийдвэрлэх чадавхигүй гэдгээ харуулна. Шүүх нэг хэрэг дээр хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй. Хэдхэн сарын дотор гуйвж дайваад, шийдвэрээсээ буцаад эхэлбэл шүүхийн хараат бус байдалд итгэх иргэдийн итгэл улам алдарна.

Уул нь ийм нэг бурангуй практикийг халахын тулд мөрдөн байцаалтыг өргөхөн хүрээнд явуулж, нэг хэргийг шүүхийн прецедент /шүүхийн жишиг/ болгож байгаад хууль хяналтын байгууллагаа нэг мөр эрүүдэн шүүлтээс ангижруулахыг оролдвол дахиж нэг ч болтугай хүн эрүүдэн шүүлтээс мултарч болохоор байгаа юм. Хэрвээ эрүүдэн шүүдэг практик нь манайд байгаа юм бол ажил үүргээ гүйцэтгэж явсан хэдэн хүнийг буруутай, эсвэл буруугүй гэж алх цохисон төдийгөөр ийм хэрэг цаашид гарахгүй гэх баталгаа болж чадахгүй. Үүнийхээ оронд мөрдөн байцаалтад нь буцааж, бие даасан комисс байгуулж, дахин нэг ч хүн ийм маягаар байцаалт өгдөггүй, хэрэг хүлээдэггүй байх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө явж яагаад болохгүй гэж?

Бидэнд, бидний үр хүүхдэд бүгдэд нь хамаатай болохоор энэ нэг хэргийг тэрний, энэний асуудал гэж хаяад, энэ чигээр нь дуусгачихаж болмооргүй харагдаад байна. Бүх шатандаа анхаарч үзэхгүй бол эрүүдэн шүүдэг энэ асуудал дахиад л нөгөө хүн болгон мэддэг хирнээ ярьдаггүй, хагас нууц хэлбэртэй байдгаараа дуусах нь.

Яахав, эрүүдэн шүүдэг практик манайд байдаг юм байна гээд хүлээн зөвшөөрсөнөөр олон улсын тавцан дээр нэг удаа нэр нүүрээ алдана л биз. Гэхдээ үүнийгээ засаж залруулсан арга нь буцаад бусдад хэрэг болж ч магад.

Эцсийн эцэст иргэд нь төрөөсөө айдаггүй байх чинь монголчуудын хүсэн хүлээдэг зүйл. Гэхдээ хууль хүчний байгууллагыхан нийт иргэдээ айдасгүй байлгахын төлөө нэг хэсэг хүнийг эрүүдэн шүүдэг байж болохгүй. Тэр хүн нь гэмт хэрэгтэн байсан ч эрүүдэж болохгүй. Хэрэв манай нийгэмд ийм зүйл байдаг бол үүнийг энэ хэдэн хүний хэрэг мэтээр зүгээр нэг хаачихаж болохгүй. Бүр үндсээр нь гаргаж ирж байж, угийг нь таслах ёстой юмаа.

Бэлтгэл хурандаа Л.Алтангэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин