• Эхлэл
  • "Улны"-хны мөнгө хаашаа урсдаг вэ?

"Улны"-хны мөнгө хаашаа урсдаг вэ?

2022/10/12

Ирэх оны төсвийн төсөл УИХ дээр ид яригдаж эхэлсэн үеэтэй давхцуулан ТВ5 телевиз бас нэгэн “сюрприз” дэлгэв. ХНХ-ын яамнаас хэрэгжүүлдэг ядуурлыг бууруулах төслөөр бүхэл бүтэн 70 тэрбумыг угаасан тухай. Аз болж энэ “хэргийг” нь аудитын байгууллага овоо хараандаа аваад, ухаад гаргаад ирснийг ТВ5 телевиз Ням гаригийн тоймоороо үзүүллээ. Энэ сэдвийг өнгөрсөн пүрэв гаригийн чуулганаар төсвийн төсөл хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар сөхөж, УИХ-ын гишүүдэд “сонордуулжээ”. УИХ-ын хаврын чуулганаар НББХ-ны гишүүд сонссон боловч нүдээ аниад өнгөрөөсөн олон асуудлын нэг нь.

Тодруулбал, ХНХ-ын сайдын эрх мэдлийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг шинээр бий болгох чиглэлээр жилдээ 100 тэрбум орчим төгрөгийг төсөвлөдөг юм байна. Үүнд нь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авдаг хөнгөлөлттэй зээл, тусламж багтдаг юм байна. ХНХ-ын сайдын захиран зарцуулсан энэ мөнгөний өнгөрсөн дөрвөн жилийн зарцуулалтад аудитын байгууллага (Үндэсний аудитын газар) хяналт шалгалт хийсэн чинь 70 тэрбум төгрөг хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихсон. МСҮТ-ийн барилга байшин барих, тоног төхөөрөмж авах, оюутнудыг сургахад зарцуулсан гэх боловч хаана ямар ажил хийсэн тухай тайлан байхгүй. Говь-Алтай аймгийн нэг иргэн нэг төслөө бариад долоон удаа зээл авсан, Хамгийн багадаа хоёр, ихдээ 55 иргэн нэг хаяг, утасны дугаараар бүртгүүлээд ХЭДС (Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан), ЖДҮХС(Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан)-гаас зэрэгцүүлээд зээл авчихсан. Эргэн төлөгдөөгүй 12,7 тэрбумын өртэй, хэн төлөх нь тодорхойгүй... Нөгөө “ул”-ныханд зориулсан мөнгийг хэн хааш нь гулсуулаад байна вэ?

Энэ мэдээлэл ТВ5 телевизээр гарсны маргааш, “Өдрийн сонин”-д бас нэгэн мэдээлэл гарав. ТВ5 телевизийн захирал асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн нөхөр нь ҮАГ-ын дарга Д.Хүрэлбаатар юм байна. Тэдний хүү Х.Улам-Өрнөх нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажилладаг, хурдан удмын адуу, автомашин хоёрт гар татдаггүй, орчин цагийн тэрбумтан гэнэ. Барилгын компанид тендер авч өгнө гээд 125 сая төгрөгийн авилга авсан хэргээр АТГ-т хоёр жил шалгуулж байгаа. Хамгийн сүүлд Дарханы замын барилгын ажлын багцыг өөр компанид шилжүүлсэн, санхүүжилт олгосон хэрэгт холбогдоод байна л гэнэ.

Нэгдүгээрт, ХНХ-ын сайд асны нөхөр нь ҮАГ-ын дарга байсан хийгээд шалгалтын үр дүн ингэж гарсан нь огт санамсаргүй зүйл биш байх. Хоёрдугаарт, санаатай байлаа ч гэсэн аудитын байгууллагаас явуулсан хяналт шалгалтын үр дүнтэй маргах хүн гарахгүй байх. Ядаж л ядууралтай тэмцэж байгаа яамны ажлын үр дүнг бид бодитоор нь харлаа шүү дээ.

Гуравдугаарт, УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өнгөрөгч баасан гаригт Хөгжлийн банкнаас авсан чанаргүй зээлээс болж хуулийн байгууллага саатуулан шалгаж байгаа. Туслахынхаа нэр дээр авсан 12 тэрбум төгрөгийн төлөгдөөгүй зээлийнх нь тухай өнгөрсөн хэдэн өдөр соошлаар нэг сэвлээ. Төрсөн ах нь Ж.Бат-Эрдэнэ нь бас Дарханы замын тендерийг зувчуулсан хэргээр баривчлагдсан л гэнэ.

Баривчлагдахынхаа өмнө Ж.Батзандангийн хийсэн мэдэгдлийг бараг толгойтой бүхэн үзсэн байх. “У.Хүрэлсүх ээ, чи бид хоёр найз байсан. Миний ах танай намын Бага хурлын гишүүн, чиний зөвлөх байсан” гэж ирээд хоолойгоо цахиртуулсан бичлэгийг... Яахав, Ж.Батзандан бэртэгчин л дээ. Гэхдээ тэр бол зүгээр л УИХ-ын сул гишүүн байсан, нам нь сөрөг хүчин байсан, нам дотроо Ж.Батзандан бас сөрөг хүчин байсан. Тийм этгээд Хөгжлийн банкнаас туслахынхаа нэр дээр 12 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр авч чадсан, авч чадаад зогсохгүй төлөх сонирхол ч үгүй болтлоо зэрлэгшсэн шалтгаан нь хэн, юу байсан бэ? Авсанд биш, өгсөнд бас их учир байна даа...

Эх сурвалж. inews.mn

Б.ЗАЯА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин