• Эхлэл
  • М.Энхбадрал: Мэдээлэл ил болсноор иргэдийн оролцоо сайжирна

М.Энхбадрал: Мэдээлэл ил болсноор иргэдийн оролцоо сайжирна

2023/06/12

Базарбямбын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад Цогц хөгжлийн үндэсний төв ТББ-ын гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадралыг урьж хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх болон парламентын үнэлгээний индекс боловсруулсан зэрэг сонирхолтой сэдвээр ярилцлаа.

 

ИРГЭДИЙН ОРОЛЦОО ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Блиц:

-МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд нийгмийн ажилтан мэргэжлээр бакалавр, социологи мэргэжлээр магистрт суралцсан.

-2013-2016 онд "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн судлаач

-2016-2018 онд Сантмарал санд судлаач

-2017- 2019 Авлигатай тэмцэх газрын Иргэний хяналтын зөвлөлийн гишүүн

-2018 оноос "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн гүйцэтгэх захирал

-Цогц хөгжлийн үндэсний төв 2011 онд байгуулагдсан. Социологийн судалгаа хийхээс гадна Засаглалын хөтөлбөр, хүний эрх, иргэний боловсролын хөтөлбөр, нээлттэй боловсролын хөтөлбөр, социологийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Засаглалын хөтөлбөрийн хүрээнд “united info hub” буюу иргэд өөрсдийн сонгосон төлөөлөгчийг ажлаа хэр сайн хийж байгааг харах боломж олгодог www.uih.mn цахим талбарыг ажиллуулдаг. Эндээс парламентын үйл ажиллагааны талаар иргэд бодитой мэдээллийг авах боломжтой. Ингэснээр иргэдийн хяналт сайжирна. Хоёрдугаарт, төлөөллийн байгууллагын хариуцлага дээшилнэ. 

Иргэний оролцооны тухайд нийгэмд тогтсон ташаа ойлголт бол илүү хүндрүүлж ойлгодог. Жишээлбэл, заавал цаг хугацаа зарцуулж, албан ёсны үйл ажиллагаанд оролцсоноор эсвэл  заавал нэг байгууллагын гишүүн болж уулзалт хийснээр иргэдийн оролцоо хангагдсан мэт ойлгох гээд байдаг. Тэгвэл өнөө цагт иргэд аливаа үйл ажиллагаанд цахимаар оролцох боломжтой. Иргэд цахимаар саналаа өгөөд шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож болдог. Хамгийн гол нь өгсөн санал нь үр дүнтэй ажил болж гарах зохицуулалтууд байх ёстой. Заавал цуглаж байж юм уу зохион байгуулалтад орж байж иргэдийн оролцоо байна гэж үзвэл өнөөгийн цаг завгүй, хурдтай нийгэмд нийцэхгүй, хоцрогдож байна. Тэгэхээр эрх баригч, шийдвэр гаргагчдын зүгээс олон нийтийг цахимаар оролцох боломжтой болгох нь иргэдийн оролцоог сайжруулах хамгийн зөв алхам болж байна. Нуулгүй хэлэхэд, иргэдийн оролцоо манайд хангалттай биш байна. Шийдвэр гаргахад иргэд саналаа өгөх юм уу, ямар нэгэн төлөөлөгчөөр дамжуулаад өөрсдийн хүсэл зоригоо гаргаж чадаж байна уу гэвэл хангалттай түвшинд гаргаж чадахгүй байна. Иргэдийн оролцоог хангах тухайд, хууль тогтоомжийг боловсруулах шатанд заавал иргэдээр хэлэлцүүлж саналыг нь авсан байх ёстой. Иргэдээр хэлэлцүүлэхээс гадна эрх ашиг нь хөндөгдөж байгаа оролцогч талууд, мэргэжлийн холбоод ТББ, бизнесийн салбарын асуудал бол бизнес эрхлэгчийн саналыг тус бүрт нь сонсч авах ёстой. Манайд сонсох, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанууд тодорхой хэмжээнд хийгдэж байна. Гэвч иргэдээс, олон нийтийн байгууллагуудаас саналыг нь авчихаад эргээд тухайн санал ямар үр дүнтэйгээр хуулийн төсөлд тусгалаа олсон, эсвэл ямар шалтгаанаар ороогүй, өөр саналуудтай нэгтгэгдээд туссан талаар ямар ч хариу мэдээлэл байдаггүй. Иргэний оролцоог зөвхөн тайланд тусгах гэж, “хурал хийсэн шүү” гэдэг ам таглах байдлаар байлгах бус тухайн иргэний өгсөн санал ямар үр нөлөөтэй туссан бэ гэдэгт заавал хариу өгөх шаардлагатай. Хэлэлцүүлгийн зар гараад, хэлэлцүүлэг хийгдсэний дараа тодорхой хугацааны дотор тухайн саналууд туссан эсэх талаар нэгдсэн байдлаар саналын товъёог гаргадаг. Энэ нь манайд бүр орхигдчихсон. Тиймээс ил тод байдал, хариуцлага, эргэх холбоо байхгүй, иргэдийн санал хуульд туссан эсэхийг мэдээлдэггүйгээс эргээд ямар ч үр дүнгүй байдаг юм чинь гээд идэвх нь суларчихдаг. Саналаа өглөө ч үр дүн гардаг юм уу гээд дараа дараагийн удаа оролцохгүй болчихдог. Жишээлбэл, “d.parliament.mn”-ээр иргэд хуулийн төсөлд саналаа өгөх боломжтой болсон нь дэвшилттэй зүйл. Гэвч миний өгсөн санал хуулийн төсөлд туссан уу, үгүй юу гэдгийг мэдэж чадалгүй үлддэг.

 

МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ ЧУХАЛ

 

Иргэдийн оролцооны байдлыг сайжруулахад хамгийн чухал зүйл нь мэдээллийн ил тод байдал. Мэдээлэл ил тод байж түүнд тулгуурлаж иргэд хянадаг, хяналтын чиг үүргүүд хэрэгждэг. Мэдээлэл хаалттай бол иргэд хэчнээн оролцоод ч тэндээс мэдээлэл авах боломжгүй. 2022 оны тавдугаар сараас өмнө Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль хэрэгжиж байсан. 2022 оны тавдугаар сарын 1-ээс хойш Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж байгаа. Гэтэл энэ хуулиудаар ил байх ёстой мэдээллүүд ил болдоггүй, төрийн байгууллагууд үүргээ хангалттай түвшинд гүйцэтгэхгүй байх жишиг байна. Тухайлбал, мэдээлэл авах хүсэлт өгөхөд хуулийн хугацаандаа тухайн хүссэн мэдээллийг гаргаж өгөхгүй байх жишээтэй. Өнөөдөр шилэн ажиллагаагаар сангуудын мэдээллийг ил болгож байна гээд сурталчлаад байгаа үйл явдал бол хуулиараа угаасаа л ил байх ёстой зүйл. Хуулийн хүрээнд ил байх ёстой юмыг ил байлгаагүйгээ гавьяа байгуулж байгаа мэт яриад байна. Энэ бол товчхондоо хууль биелүүлж байгаа л хэрэг. Энэ бүхэн үргэлж ил байх ёстой. Ингэхдээ хэн нэгний хүсэл зоригоос шалтгаалж биш, тогтмол, тухай бүрт шинэчлэгддэг байх нь чухал. Ингэж тухайн цаг бүртээ ил болж чадвал тухай бүрт нь иргэд саналаа хэлж, сэтгүүлчид мэдээлэл хүргэх, судлаачид тухайн шийдвэрийг эцэслэгдэхээс өмнө сайжруулах боломж, саналаа гаргаж,  олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой болно. Манайд энэ байхгүйгээс ил тод байдал гэдэг сурталчилгааны, пи-арын шинжтэй ашиглагдаж байна. Мэдээлэл ил болсноор иргэдийн оролцоо сайжирч, хяналт бий болно. 

 

ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ МУУГҮЙ Ч, ХЭРЭГЖИЛТ ТААРУУ

 

-Мэдээллийн ил тод байдлын асуудлаас гадна хуулийн хэрэгжилтүүд дараагийн тулгамдсан асуудал болсон. Манайд хуулийн зохицуулалтууд тийм ч муу биш. Иргэдийн оролцоог, иргэдийн шийдвэр гаргах түвшинд оролцох боломжуудыг тодорхойлж өгсөн. Хамгийн гол нь хуулийн биелэлтийг сайжруулахад анхаарах шаардлагатай. Жишээлбэл, УИХ-ын Хяналт шалгалтын чиг үүргийг анх бүрэн хэмжээнд хуульчилж, бататгаж өгч байгаа.

Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангана гэдэг сайн дурын шинжтэй байх ёсгүй. Хууль батлах үйл явц дэгтэй, зохицуулах дүрэм журамтай явдаг үйл ажиллагаа. Хууль тогтоомжийн тухай хуулиар хуулийг боловсруулах үйл явцад заавал иргэдийн оролцоог хангаж, саналыг нь авсан байх ёстой байдаг. Энэ зохицуулалтад хамаардаггүй олон улсын гэрээ конвенц, төсвийн асуудал, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлах, зэрэг цөөн хэдэн тохиолдол бий. Эдгээрийг хуульд нарийвчилж зааж өгсөн. Бусад бүх хуульд иргэдээс санал авч тусгана гэдэг. Сая Үндсэн хуульд өөрчлөлт оруулж 126 гишүүнтэй байхаар хууль баталлаа. Энэ үеэр олон нийтийг хэрхэн хамруулсан тухай албан ёсны судалгаа тооцоо харагдсангүй. Яахав УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж уулзалт хийх замаар тайлан, дүнг гаргасан байгаа. Үүний сул тал нь иргэдийн хэчнээн хувь нь дэмжиж, хэд нь дэмжээгүй талаар судалгаанд суурилсан, тоо баримттай бүрэн мэдээ гаргах боломжгүй. Уулзалт дээр цугласан хүмүүсийн төлөөллөөр дүн гардаг. Гэтэл  ийм орон нутгийн чанартай уулзалт хийж байгаа тохиолдолд дийлэнхдээ ахмадууд эсвэл намын гишүүнчлэлтэй, улс төрийн идэвхтэй цөөн хүн оролцох хандлага байдаг. Ажлын талбар дээр ажиллаж байгаа залуучууд, өөр орон нутагт сурч буй иргэд саналаа өгөх боломж гардаггүй. Үндсэн хуулийг өөрчлөхдөө УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн, сонгуулийн тогтолцоог өөрчилсөн энэ үйл явц дээр иргэдийн оролцоог төдийлөн сайн хангаагүй гэж хэлж болно.

 

ПАРЛАМЕНТЫГ ҮНЭЛЭХ НЬ ШҮҮМЖЛЭХ БУС, ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ

 

Иргэдийн оролцоог хангасан эсэхийг үнэлэхдээ хөндлөнгийн байгууллагууд буюу олон улсын байгууллагууд голдуу тайлан судалгаа гаргадаг. Түүнээс бус төрөөс иргэдийн оролцоог хангаж байгаа эсэхэд үнэлгээ хийж хэмжиж байгаа тохиолдол одоогоор алга. Бид цаашид парламентын ардчиллаа бэхжүүлье гэж үзэж л байгаа бол төлөөллийн байгууллагынх нь үндсэн мөн чанар болох иргэдийг төлөөлөх, иргэдийн саналыг тусгаж оролцоог хангах механизмыг сайжруулах шаардлагатай. Үүнийг сайжруулахын тулд тухай бүрт хэмждэг, үнэлдэг, тэр үнэлгээнд суурилж цаашид юунд анхаарах вэ гэдгээ хардаг болох ёстой. Өөрөөр хэлбэл, парламентыг үнэлдэг, иргэдийн оролцоог хэмждэг судалгаа тоон мэдээллүүдийг гаргаж ирэх зайлшгүй шаардлага байна. Бид үүнийг хийхээр эхлүүлээд явж байна. Парламентын үнэлгээний индексийн арга зүй, суурийг бид 2021 оноос боловсруулж эхлээд, 2022 онд үндсэн загвар бүтцээ бэлэн болгосон. Парламентыг үнэлэхийн ач холбогдлын тухайд дээр дурдсанаар төлөөллийн ардчиллаа бэхжүүлье гэвэл парламентаа сайжруулах хэрэгтэй. Парламентыг үнэлнэ гэдэг парламентыг шүүмжлэх бус, сайжруулж, хөгжүүлэх зорилготой.

Парламент гэдэг өнөөдөр байгаа Их хурлын дарга, 76 гишүүд, ерөөсөө биш. Парламент бол институц юм. Энд хууль тогтоохоос гадна өөрийнх нь эрх мэдлийг тодорхойлсон, харилцааг зохицуулж өгсөн хууль тогтоомж гээд иж бүрдэл бий. Үүнийг аль нэг талаас нь салгах биш иж бүрэн цогцоор нь үнэлж, хэмжих шаардлагатай байна. Парламентын индексийг бид одоогийн байдлаар нэгдүгээрт парламентын эрх мэдэл, хоёрдугаарт бие даасан хараат бус байдал, гуравдугаарт ил тод, дөрөвт, ёс зүй хариуцлага, тавдугаарт парламентын нөөцийн асуудал, зургадугаарт парламентын талаарх иргэд олон нийтийн ойлголт мэдлэг, долдугаарт парламентын үр нөлөөтэй үйл ажиллагаа, наймд парламент дахь цөөнхийн сөрөг хүчний оролцоо нөхцөл байдлыг үнэлэх гэсэн иж бүрэн цогцоор үнэлэх индексийг боловсруулаад явж байгаа. Хэсэг тус бүр нарийвчилж задарна.

Индекс гэдэг тогтмол хэмжиж, өөрчлөлтийг хэмжих зорилготой байдаг учраас арга зүй нь дутуу ч юм уу бусад шалтгаанаар ойрхон хугацаанд өөрчлөөд байх нь зохимжгүй. Тэгэхээр суурь арга зүйгээ маш нарийн тодорхойлж, сайтар нягтлах шаардлагатай байна. Парламентын индексийг гаргахдаа хавар, намрын чуулганыг нэг тайланд хамтатгаад нэг Их хурлын бүрэн эрхийн хугацаанд дөрвөн тайлан гардаг, дөрвөн удаагийн хэмжилт хийгдэхээр тооцоолоод явж байна. Эхний удаагийнх энэ жилдээ багтаад 2022 оны намрын чуулган болон 2023 оны хаврын чуулганыг хамтатгасан байдлаар гарахаар төлөвлөж байна. Ингэж индексээр хэмжсэнээр тухайн парламентын ил тод байдалд юуг сайжруулах юм, парламентын эрх мэдэлд юуг нь сайжруулах юм, парламент өөрөө эрх мэдлээсээ хууль батлах замаар татгалзаад байгаа бол алдаа нь хаана гарч байгааг ямар нэг субьектив үр дүнгээр биш бодитоор харах боломжтой болж байна.

 

БИЕ ДААСАН БАЙДАЛ НЬ ХАНГАГДААГҮЙ ПАРЛАМЕНТ “БАРЬЦААЛАГДАХ” ЭРСДЭЛТЭЙ

 

Парламентын бие даасан байдал гэдэг чухал. Парламент нь бусад институц болох Гүйцэтгэх засаглал, шүүх, ерөнхийлөгчийн инстутицууд болон улс төрийн намууд, корпорациудаас хараат бус байх ёстой. Бид энэ байдлыг хангаж чадахгүй бол парламент олонхын буюу ард түмний эрх ашигт биш тодорхой бүлгүүдэд үйлчлэх эрсдэлтэй. Тиймээс парламентын бие даасан байдлыг зайлшгүй хангах ёстой. Эндээс цаашид нарийвчлаад ярихад УИХ-ын гишүүдийн халдашгүй бүрэн эрхийн асуудал. Сүүлийн жилүүдэд их хурлын гишүүдийн үйл ажиллагаанаас болоод Их хурлын нэр хүнд иргэдийн дунд доогуур байна. Үүнээс болоод иргэд бухимдахдаа “УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг байхгүй болгочихвол гишүүд ингэж дураараа авирладаг, хууль бус үйлдэл хийдэг нь буурна” гэж харж байна. Тийм байж болно. Гэхдээ нэг шийдэл гаргахад цаана нь эрсдэл, асуудал дагуулж байдаг. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг цуцлах юм бол Их хурлын гишүүд зохион байгуулалттай бүлэглэл, улс төрийн намуудыг санхүүжүүлдэг ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн барьцаанд орох, цаашлаад хууль хүчнийхний ч барьцаанд орох эрсдэл гарахыг үгүйсгэж болохгүй. Тиймээс УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, өөр гарц гаргалгааг хайхаас биш сулруулах өөрчлөлтийг хийж болохгүй.

Парламентын бие даасан байдлыг сайжруулах нэг чухал зүйл бол парламент дахь цөөнх, сөрөг хүчнийг хяналтын үүргээ хэрэгжүүлэх чадамжтай болгох хэрэгтэй. Шийдвэр гаргах эрх мэдэл олонхид буюу эрх баригчдад сонгуулиар очдог учраас олонх өөрийгөө хянах боломжгүй. Яагаад гэвэл нийтлэг нэг эрх ашигтай болчихдог. Тиймээс хяналтын чиг үүргийг сөрөг хүчин хэрэгжүүлдэг. Сүүлийн хоёр сонгууль дамнаад Монголын парламент сөрөг хүчний хувьд үнэмлэхүй сул нөхцөл байдалд орсон. Тиймээс эрх мэдлийг хянах, гүйцэтгэх засаглалд хяналт тавих нөхцөл байхгүй болсон учир олон сөрөг асуудал гарч ирж байна. Ийм нөхцөлд парламентын бие даасан байдал алдагддаг, Засгийн газартаа хяналт тавьж чадахгүйд хүрдэг. Эсрэгээрээ Засгийн газрынхаа хуулийн нэгж шиг ажиллаад эхэлдэг. Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслүүд ногоон гэрлээр батлагддаг, тамгалагдаад гардаг. Засгийн газраас оруулж байгаа хуулийн төслийг хэлэлцэх, шүүмжлэх, сайжруулах үйл ажиллагаа хангалттай сайн явагдахгүй байна. Энэ бол өнөөгийн манай засаглалд илэрхий байгаа нөхцөл байдал. Тиймээс бид парламент Засгийн газартаа хяналт тавихуц чадамжтай парламентыг бүрдүүлэх шаардлагатай болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин