• Эхлэл
  • Алтайн хамтын ажиллагааны санаачилга

Алтайн хамтын ажиллагааны санаачилга

2023/06/14

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт өчигдөр болов. Төрийн ордны “Эзэн Чингис хаан” танхимд Алтай судлалын олон улсын чиг хандлага сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө.

Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор профессор О.Самбуудорж, Түрэг гаралтай улс орнуудын Парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр, Олон Улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаев, Бүгд найрамдах Киргиз улсын Олон улсын анагаах ухааны их сургуулийн доктор, дэд профессор Исаков Абдрасул нар үндсэн илтгэл хэлэлцүүлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар олон улсын чуулганы энэхүү салбар хуралдааныг нээж үг хэлсэн юм. Тэрбээр, “Номхон Далайгаас Дунай мөрнийг хүртэлх асар уудам нутагт өнө эртнээс нүүдэлчид хэл, түүх, соёлын улбаагаа үлдээснийг Хүннүгийн үеэс өнөөг хүртэл залгамжлан, соёлын, түүхийн улбааны маш нарийн хэлхээ холбоотойгоор хөгжүүлсээр ирснийг шинжлэх ухаанд “Алтай хэлний аймаг”, “Алтайн ард түмнүүд”, “Алтайн соёл” зэргээр томъёолж ирсэн бөгөөд сүүлийн үед зарим эрдэмтэн, судлаачид “Алтайн соёл иргэншил” хэмээн тэмдэглэх болсон.

Алтай судлалыг онц сонирхолтой болгож байгаа нэг гол зүйл бол энэ бүс нутгийн өвөрмөц соёл уламжлалын хослол бөгөөд үүнийг би үндэсний ижилсэл-ондоошилтой харьцуулан ойлгож болно гэж боддог юм. Ижилслээс ондоошил руу, ондоошлоос эргээд харилцан нийтлэг үнэт зүйлийн хэлхээ холбоо бий болсныг олон талаас харж болно. Тухайлбал, Алтай язгуурын ард түмний, ялангуяа нүүдэлчдийн гэр бүлийн соёл ижил төстэй байдаг” гэв. Алтай судлалын олон улсын чиг хандлага салбар хуралдаанд Монгол, Азербайжен, Киргиз, Казахстан, Турк зэрэг улсын эрдэмтэн судлаачид оролцсон юм. Оролцогчид Алтай судлалын институц байгуулахад санал нэгдэж байв. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын салбар хуралдааны үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Н.Энхбаяр

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч

УИХ-ын дарга Г.Занданшатар аа,

Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,

Анд нөхөд өө,

Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун гуайн сан, АНУ-ын Стэнфордын Их сургууль хамтран зохион байгуулж байгаа “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хуралд оролцогчдод амжилт хүсье.

Өнөөдөр дэлхий дахин түүхийн нэгэн тун сонирхолтой, ихээхэн ээдрээтэй цаг үед амьдарч байна. Энэ байдал улс төр, нийгэм, эдийн засгийн хуучин инститүүтүүдийг сорьж, өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөгдөж байсан ойлголтуудыг эргэн харахаас өөр аргагүй болгож, бат бэх энх тайвныг тогтоохын төлөө улс орнууд нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрөх, сонсох, шинэ харилцаа холбоо үүсгэн тогтоох, ингэснээр хүн төрөлхтөн цаашид ч амьдрах, хөгжин дэвших боломж бололцоотой болж чадах уу, үгүй юу? гэдэгт тодорхой хариу өгөхийг шаардаж байна.

Өнөөдрийн улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг ямар нэгэн байдлаар хөндсөн хямралт байдлыг товчхон тодорхойлъё гэвэл “ардчиллын хямрал” гэж хэлж болох мэт. Нээрээ өнгөрсөн зууны сүүлээр буюу 1980-иад 1990-ээд оны зааг дээр олон улсад “Хүйтэн дайн” хэмээн тодорхойлон томъёолдог байсан үзэгдэл дуусч, “Хүйтэн дайн”-ы бэлгэдэл болсон Берлиний хана нуран унаж, дэлхийн олон улс оронд ардчилсан төр засгийн тогтолцоо руу шилжсэн байдаг билээ. Эдийн засгийн хувьд зах зээлийн эдийн засаг руу шилжсэн байна. Эдгээр шилжилт зарим улс оронд нэгэн зэрэг болсон, харин бусад оронд эхлээд эдийн засгийн өөрчлөлтийг хийсэн гэж үздэг.

Ямар ч байсан “Хүйтэн дайн” дууссан нь хүн төрөлхтний хувьд ихээхэн хүлээлт бий болгож, хүн төрөлхтний түүхэнд ардчилсан төр засгийн тогтолцоог тогтоосноор зөрчил арилж, зөрчилгүй болсон учир Фукуяма судлаачийн хэлснээр “түүх дууслаа” гэж зарласан байдаг.

Гэтэл өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд “түүх дууссангүй”, “хуучин зөрчлүүд арилсангүй”, “шинэ зөрчлүүд бий болсон байна”, “олон улс оронд төр засгийн тогтолцоо жинхэнэ ардчилсан мөн чанартай болж чадсангүй”, “зах зээлийн эдийн засгийн харилцаа баян ба ядуугийн хоорондын ялгааг арилгаж чадаагүйгээр барахгүй харин улам нэмэгдүүлсэн” байна.

Ийм байдал хүн төрөлхтнийг бүхэлд нь, тухайн бүс нутаг, улс орныг олон хэсгүүдэд хувааж, тэдний хоорондоо ярьдаг, ойлгодог хэл яриа өөр өөр болж, үл ойлголцол, үл итгэлцэл газар авч, “хуйвалдааны онол”-д итгэгчдийн тоо нэмэгдэж, улмаар энд тэнд дайн дажин дэгжиж, цөмийн дайн дэгдэх эсэх тухай асуудал хүртэл яригдаж, хүн төрөлхтөн цаашид оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй байдалтай болж байна.

Дээр нь хүн төрөлхтний санаатай болон санамсаргүй үйл ажиллагааны улмаас байгал цаг уурын өөрчлөлт болж, энэ нь мөн адил хүн төрөлхтний цаашид оршин тогноход шууд аюул занал учруулж байна. Хэдийгээр зарим эрдэмтэн, судлаачид, улс төрчид байгал орчны өөрчлөлтийн тухай ярихдаа энэ бол гол нь газар дэлхийн өөрийнх нь өөрчлөлтөөс болж байгаа үзэгдэл мөн хэмээн тайлбарладаг ч миний бодлоор ямар ч байсан хүн төрөлхтөн байгал орчиндоо илүү хариуцлагатай хандаж, түүнийг бохирдуулан сүйтгэж байгаа үйл ажиллагаагаа хумиж, улмаар таслан зогсоох нь огт илүүдэхгүй гэж бодож байна.

Өнөөдрийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдал ямар учир шалтгааны улмаас ийм хүнд хэцүү болов? гэдгийн талаар санал бодлоо хуваалцая. Ач холбогдлын гэхээс илүү аливаа юмыг дэс дараалалд оруулан ярьвал түүний талаар яриа хэлэлцээ өрнүүлэхэд илүү амар хялбар байдаг учир би ч гэсэн хямралын учир шалтгаан, түүнээс гарах гарцын тухай ярихдаа тэдгээрийг дугаарлая гэж бодож байна.

Нэгд, Дэлхийн II дайны дараа бий болсон олон улсын институцууд баян ба хоосны ялгааг арилгах, шударга ёсыг тогтоох, ер нь баялаг, тэр тусмаа хэний ч бүтээгээгүй байгалийн баялгийг ижил тэгш хуваарилах, ардчилсан буюу хариуцлагатай төр засгийн тогтолцоог жинхэнэ ёсоор тогтоох, хүний эрх, эрх чөлөө ба үүрэг хариуцлагын зохистой тэнцвэрийг олж тогтоох, хүчтэй нь дандаа хождог биш харин эрүүл саруул ухаан ялдаг олон улсын харилцааг тогтоон хөгжүүлэх, бусдаас авах, тодруулвал бусдыг мөлжих байдлаар ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгийг цөөн тооны улс орон, аж ахуйн нэгж, хувь хүмүүс бөөгнөрүүлэн цуглуулах, энэхүү философиос урган гарсан үзлийн дагуу эргэн тойрон оршиж байгаа байгал орчныг хайр найргүй мөлжих гэх мэт үйл ажиллагааг зохицуулах талаар хүсэн хүлээсэн үр дүнд хүрч чадсангүй.

Тухайн үед энэ бүхнийг олж харсан албан тушаалтнууд, судлаачид, мэргэжилтнүүд ийм зохисгүй байдлыг засах гэж нэг бус удаа оролдсон ч тэдний эрүүл саруул ухаанд тулгуурласан оролдлого их хэмжээний эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн улс орны төр засаг, үндэстэн дамнасан пүүс, компанийн удирдлага, тэднийг дэмжигч хэвлэл мэдээллийн байгууллагынхны дэмжлэгийг аваагүй учир биеллээ олж чадсангүй.

Тийм учир өнөөгийн хямралт байдал бүр засахын аргагүй болж гүнзгийрэхээс өмнө бүгдээрээ эрүүл саруул ухаанд тулгуурлан хямралын зангилаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд өмнөхөөс илүү идэвхи санаачилга гарган хамтран ажиллах хэрэгтэй байна. Ийм түүхэн үүрэг та бидэнд бүгдэд нь оногджээ.

Хоёрт, юуны түрүүн аливаа улс орны төр засагт ерөнхийлөн ярьвал ард түмэндээ, тухайлан хэлвэл хувь хүндээ итгэх, түүний бүрэн эрхийг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх шаардлага улам хурцаар тулгарч байна.

Хүн төрөлхтний түүхэнд огцом хөгжил дэвшил авчирсан үе бол Сэргэн мандлын үе билээ. Тэгвэл Сэргэн мандлын үеийн гол субъект болон объект нь хүн байсан. Хүний оюун ухаан, түүний санаа сэтгэл, бие бялдар, түүний хүсэл мөрөөдөл аливаа асуудлын гол нь болсон байдаг билээ. Харамсалтай нь энэ сайхан чиг хандлага буруу замаар орж, хэт бардамнасан хүн Бурхан тэнгэрийг орлохыг оролдож, өөрийн үзэмжээр нүгэл ба буяныг тогтоох гэж зүтгэж, сайн сайхан зорилгод ямар ч хамаагүй аргаар хүрч болно гэсэн өөрийгөө зөвтгөх гэсэн үзэлд автан үйл ажиллагаа явуулж, санаа бодол, хэл яриа, үйл хэргээ хяналтын гадна гаргаж, туйлын хариуцлагагүй тогтолцоог тогтоосон байдаг юм. Энэхүү хариуцлагагүй байдал асар олон сая хүний амь насыг золиосолсон байдаг нь түүхийн эмгэнэлтэй үнэн юм.

Тэгэхээр энэ цаг үед та бид ард түмэн, хүнийг аливаа асуудлын голд тавихдаа эрүүл саруул ухаанд тулгуурлан нүгэл ба буяныг шинээр дураараа тогтоох гэж оролдохын оронд олон мянган жилийн турш хөгжиж ирэхдээ нийт хүн төрөлхтний хуримтлуулсан туршлагад тулгуурласан, цагийн шалгуурыг давсан үнэт зүйлс, тухайн улс орон, ард түмний өвөрмөц дүр төрхийг тодорхойлдог үнэт зүйлсийг аль алиныг нь хамтад нь хүндэтгэн хослуулах зарчмыг баримтлан хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Үүний тулд хүн төрөлхтний бүтээсэн нэгэн суут бүтээл болох “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг суурь бичиг баримт мөн хэмээн тооцож, түүнийг баяжуулан тодотгож, улс орнуудын төр засгуудын гүйцэтгэх үүрэг роль бол юуны түрүүн нийт хүн төрөлхтөн, тодруулвал тухайн улс орны ард түмэн, хувь хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, ингэхийн тулд хүн төрөлхтөн таатай амьдрах орчныг хайрлан хамгаалахад оршино гэдгийг тодорхой суулгаж өгөх хэрэгтэй байна. Эцсийн эцэст “ардчилал бол хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах зорилготой тасралтгүй үргэлжлэх үйл явц мөн” билээ.

Хүний заяагдмал эрхүүд дотроос хамгийн суурь эрх бол амьд явах, амьд явахдаа хүн шиг амьдрах эрх мөн билээ. Гэтэл өнөөдөр дэлхий ертөнцийн олон өнцөг буланд дайн дажин дэгдэж, энэхүү хамгийн нандин эрхийг бүдүүлэг зөрчиж байгаа нь олон улсын байгууллагууд, улс орнуудын төр засгууд хүний эрхийг хамгаалах үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж дүгнэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа нь ардчилал хямарч байгаагийн хамгийн тод илэрхийлэл мөн.

Тийм учир өнөөдөр аливаа хурц асуудлыг шийдвэрлэхийн тулд дайн дажин хийхийг хатуу хориглохыг олон улсын байгууллагууд, улс орны төр засгийн үйл ажиллагааны суурь зарчим болгон тогтох хэрэгтэй байна. “Дайн” гэдэг аймшигт үзэгдлийг хүн төрөлхтний амьдралаас бүрмөсөн авч хаях шаардлагатай байна.

Энэтхэгийн их хүн Махатма Ганди: Дэлхий дээр хамгийн хүчтэй зэвсэг бол “Хүч үл хэрэглэх тэмцлийн арга мөн” хэмээн хэлсэн нь юутай үнэн бэ? гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр батлагдаж байна. Хүч үл хэрэглэх тэмцлийн арга бусдын төлөө сайн сайхныг хийж бүтээх үүргээ ухамсарласан итгэл үнэмшил, энэхүү үүрэгтээ үнэнч байхын илэрхийлэл болсон идэвхи зүтгэл, эрхэм үүргээ биелүүлэхийн төлөө дайчлах ёстой эр зориг, бүхнийг учир шалтгааны шүтэлцээнд нь цогцоор нь харж чадах эрүүл саруул ухаан, аливаа хүнд сорилтыг даван туулах чадвартай тууштай зан, эхлээд бусдыг хүндэтгэх сэтгэлийг багтаасан их нигүүлсэнгүй сэтгэлийг багтаана.

Дайн дажин ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүйг нийтээрээ ухаарах цаг болсон байна. Эртний Хятадын цэргийн жанжин Сунь Зы “Дайны урлагийн хамгийн дээд нь огт дайтахгүй ялахад оршино” гэж айлдсан байдаг. Харин та бид амьдарч байгаа өнөөдөр “Аль нэг тал нь биш харин бүгдээрээ “ялах” нь амьдрахын урлаг мөн бөгөөд энх тайвнаар зэрэгцэн оршихын үндэс мөн” гэж хэлэх цаг болжээ. “Бүгдээрээ ялах” гэдэг нь ядуурлыг бүрмөсөн арилгах, баялгийг тэгш хуваарилах, хүн бүрт сайхан мөрөөдлөө хэрэгжүүлэх боломж бололцоог олгох, шударга ёсыг тогтоох юм.

Бүгдээрээ ялахын эрдмийг сурах нь шинэ сэтгэлгээ, шинэ соёл юм. Бүгдээрээ ийм энгийн мөртлөө чухал зарчим дээр суурилж Нэгдсэн Үндэстний Байгууллага мэтийн олон улсын байгууллагуудыг шинэчлэх нь зөв гэж бодогдож байна.

Гуравт, Дайн гаргахгүй байх нь чухал ч улс орнууд, хувь хүмүүс, пүүс компаниуд баян нь баянаараа, ядуу нь ядуугаараа олон арван жилийн турш байсаар байгааг аль болохоор богино хугацаанд засах хэрэгтэй байна. Энэхүү хуваагдмал байдлыг засаагүй цагт олон улсын харилцаанд шударга ёсыг бат бэх тогтоох боломжгүй юм. Ингэхийн тулд хэд хэдэн асуудлыг анхааран шийдвэрлэх ёстой. Тухайлбал, байгалийн баялаг бол хэний ч бүтээгээгүй баялаг мөн учир түүнийг тухайн орны ард түмний өмчлөлд шилжүүлэх, ингэснээр тэр ард түмний нийгмийн асуудлыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр болгох нь зөв хэмээн бодогдож байна. Энэ талаар НҮБ тэртээ 1962 онд “Ард түмнүүдийн байгалийн баялгаа захиран зарцуулах байнгын бүрэн эрх” нэртэй тогтоол баталсныг болон энэ чиглэлээр Норвег, Катар зэрэг улс орнуудад бусдад санаа авахуйц зохицуулалт хийснийг зориуд тэмдэглэе.

Дөрөвт, Хүн төрөлхтөн бичиг үсэг тайлагдах асуудалд онцгой анхаарал хандуулсны ачаар сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гарч, сайн үр дүнд хүрсэн байна. Энэхүү эрхэм үйл хэрэг хэрэгжих гол нөхцөл нь төр засаг бичиг үсэг тайлагдах үйл ажиллагааг бүрэн санхүүжүүлсэнд оршино. Гэхдээ одоо хиймэл оюун ухаан яригдаж, улс хоорондын болон тухайн нийгмийн амьдралд түүний гүйцэтгэх үүрэг, үзүүлж байгаа нөлөө улам бүр өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд энэ мэтийн боловсролын төвшин хангалтгүй байна.

Одоо бүгдээрээ дээд боловсролтой болох, тэр битгий хэл хүн нэг биш хэд хэдэн дээд боловсролтой болж, амьдралын богино цаг хугацаанд өөрчлөгдөж байгаа байдалд зохицон шинэ ажил хийх, орлогын шинэ эх үүсвэртэй болох боломжийг түүнд олгох, дээд боловсрол эзэмших явдлын санхүүжилтийг тухайн орны төр засаг бүрэн хариуцдаг болох хэрэгтэй байна.

Орчин үеийн дээд боловсрол гүн гүнзгий мэдлэг болон өндөр ёс суртахууныг буюу юуны түрүүн өөрийн эрх ашгийг бус харин бусдын эрх ашгийг боддог оюун ухааны чадварыг хослуулахыг зорьвол зохино. Ийм боловсролыг цогц дээд боловсрол хэмээн нэрлэж болох юм. Дашрамд хэлэхэд хиймэл оюун ухаанаас айх хэрэггүй, харин түүнийг хүн төрөлхтний нийтийн сайн сайхны төлөө ашиглахын тулд нийт хүмүүсийн боловсролын төвшинг дээшлүүлж, тэднийг хэнийг нь ч орхилгүй цогц боловсролтой болгох хэрэгтэй юм.

Тавд, Хүн төрөлхтөн баян ба хоосны ялгааг шийдвэрлэх гэж урт удаан хугацаанд тэмцсэн ч энэ талаар ахиц дэвшил бага гарсан гэж судлаачид үздэг. Тухайлбал Францын алдарт судлаач Пикетти сүүлийн зуу гаруй жилийн турш татвар төлөлтийн талаар хуримтлагдсан баримтанд тулгуурлан судалгаа хийхэд зуу гаруй жилийн хугацаа өнгөрсөн байхад баян нь баян хэвээрээ, ядуу нь ядуу хэвээрээ байсаар байна гэсэн дүгнэлт хийсэн байна.

Энэ бүхнийг судалсан судлаачид, улс төрийн зүтгэлтнүүд, эрдэмтэд, нийгэм, шашны зүтгэлтнүүд өмчлөлийн тухай ойлголтыг эргэн харах ёстойг өгүүлсэн байдаг. Нэг пүүс компани, нэг хэсэг хүн, нэг хүний гарт хэт их өмч хөрөнгө, баялаг төвлөрөх, түүнийг хуулиар хамгаалах нэртэйгээр баячуудыг хамгаалсан хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлсэн нь өмчийн ялгаа, түүний их, бага хэмжээнд тулгуурласан нийгмийн хуваагдал, ялгарлыг арилгах боломжийг хаан боогдуулж байна гэж үздэг. Ийм байдал буруу гэдгийг зарим баячууд өөрсдөө ойлгож, тухайлбал АНУ-ын тэрбумтан У.Баффет зэргийн баячууд өмч хөрөнгөнийхөө 90 гаруй хувийг нийтийн сайн сайхны төлөө хандивлахаар шийдвэрлэснээ зарласан нь нэг талаас тэдгээрийн өгөөмөр сэтгэлийг илэрхийлж байгаа бөгөөд нөгөө талаас өнөөдрийн эдийн засгийн тогтолцоо цөөн тооны хүмүүсийн гарт хэт их өмч, хөрөнгө төвлөрөх, тэр нь хэдэн үеэрээ өв залгамжлагдан өмчлөгдөх, ингэснээр баян нь баянаараа, ядуу нь ядуугаараа хэвээр байх нөхцлийг бүрдүүлж байгаа нь шударга биш гэдгийг илчлэн харуулж байна.

Тийм учир баялгийг жигд хуваарилах тогтолцоог бий болгосноор өмчлөлийн тэнцвэртэй байдлыг бий болгох, өмчийн ялгаа, орлогын тэгш бус хуваарилалтад суурилсан шударга бус байдлыг арилгах боломжтой болно.

Зургаад, Өнөөдөр хүн төрөлхтөн улс төр, нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий хямралт байдалд орсныг гутранги сэтгэлээр хүлээн авахын оронд энэ байдлаас гарах гарц, боломжийг хамтын хүчээр эрж хайх, олох хэрэгтэй юм. Зарим судлаачид, улс төрийн зүтгэлтнүүд өнөөдөр дэлхий дахинд өрнөж байгаа үйл явцыг олон улсын “Нэг төвт харилцаа”-наас “Олон төвт харилцаа” руу шилжих үйл явц хэмээн тодорхойлдог билээ.

Гэтэл энэ нь үнэн хэрэгтээ нөгөө л хэдхэн том улс орон хоорондоо тохирч дэлхий ертөнцийг өөр өөрийн нөлөөнд байлгах хэсгүүдэд хуваахыг эрмэлзэж байгаагийн хүсэл илэрхийлэл мөн гэж үзэж болно. Харин өнөөдрийн дэлхий ертөнцөд өрнөж буй үйл явц ихээхэн ээдрээтэй, ил, далд урсгал бүхий тул түүнийг нэг төвтэй, эсхүл олон төвтэй хэмээн тодорхойлж, уг тодорхойлолтонд тулгуурлан зохицуулах гэж оролдох нь бүтэмжгүй оролдлого болно хэмээн бодогдож байна.

Түүнийг ийнхүү тодорхойлон зохицуулах гэж оролдохын оронд өнөөгийн ертөнц бол цөөн хэдэн орны биш харин бүгдийн ижил тэгш оролцоог хүндэтгэн шүтэлцсэн харилцаа буюу “Цогц ертөнц” гэж томъёолвол илүү оновчтой байх болов уу. Англиар “Complex world”, оросоор “Сложный мир” гэж хэлж болох мэт санагдаж байна. Чухамхүү ийм “Цогц ертөнц”-өд амьдарч сурна гэдэг бол өөрөө шинэ соёл, шинэ сорилт мөн.

Энэ том зорилгод нэг улс орон дангаараа хүрэх гэж зүтгээд амжилтанд хүрэх боломжгүй юм. Харин хүчээ нэгтгэвэл сайн үр дүн гарах, сайн хувь нэмэр оруулах сайхан боломж гарна.

Монголын Эзэнт гүрэн ид хүчирхэг байх үед “Пакс Монголика” буюу “Монголын ёсоор энх амгалан орших” зарчим үйлчилж байсан гэж судлаачид үздэг. Энэ нь тухайн үедээ тэрхүү Эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан янз бүрийн үндэстнүүд, янз бүрийн шашнууд нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрч, сонсож, хүндэтгэж, ийнхүү энх тайвнаар зэрэгцэн оршиж, худалдаа наймаа хийж байсан гэсэн үг билээ.

Тэгвэл энэхүү сайхан жишээг өнөөдрийн цаг үед буулган хэрэгжүүлвэл “Пакс Алтаика” буюу “Алтайн соёл иргэншлийн дагуу энх амгалан орших” гэсэн зарчмыг санал болгон дэвшүүлж болох болов уу хэмээн бодож байна.

“Алтайн соёл иргэншил” хэмээх өргөн ухагдахуун түүх, хэл соёл, амьдралын хэв маяг, зан заншлын хувьд монголчууд, казахууд, үзбекүүд, туркүүд, киргизүүд, азербайжанчууд, түркменүүд бол ойр дотны садан төрөл, анд нөхдүүд мөн гэдгийг нотолдог бөгөөд бидний түүх, хэл соёлын хувьд холын садан төрөл, харин өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн харилцааны хувьд хамгийн ойр дотны анд нөхдүүд болсон солонгосчууд болон япончуудыг мөн адил багтааж байгаа юм. Тийм учир эдгээр үндэстнүүдийг төлөөлсөн улс орнууд хоорондоо ойр дотно олон талт харилцаа холбоо тогтоосноор даян дэлхийн энх тайвны үйл хэрэг, хөгжил дэвшилд ихээхэн нөлөөтэй Зүүн Хойд Ази, Төв Ази гэсэн хоёр чухал бүс нутгийг ойртуулан нягтруулах боломжийг нээх юм.

Энэхүү харилцаа юуны түрүүн түүх, хэл, соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцааг эдгээр улс орнуудын хооронд идэвхжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй гэж үзэж байна. Түүнчлэн энэхүү цогц харилцаа тухайн улс орныг хөгжүүлэхэд ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэхүү санаачилгыг “Алтайн хамтын ажиллагааны санаачилга” хэмээн нэрлэх саналтай байна. Та бүхэн энэ санаачилгыг тал талаас нь бодож, оюун ухаанаа уралдуулж, хэрэгжүүлэх их үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Улаанбаатар хот

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин