• Эхлэл
  • М.Тулгат: Энэ бол улс төрийн захиалгат ял

М.Тулгат: Энэ бол улс төрийн захиалгат ял

2023/11/08

Хөгжлийн банкны хэрэгт холбоглуулан Д.Отгочулуу, Н.Мөнхбатнарт ял оноох шийдвэрийг шүүхээс гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат бухимдаж, байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр:

-Уур минь хүрч байна! “Гэм хийгээгүй юм чинь санаа зоволтгүй ээ, үнэн мөн ялна” гээд явж байсан залуус өчигдөр өргөст торны цаана хайр найргүй шидэгдлээ. Д.Отгочулуу, Н.Мөнхбат. Нэг нь Германд, нөгөө нь Австрид эдийн засаг, санхүүгийн чиглэлээр өндөр боловсрол олсон залуус. Ажил хийж, ачаа үүрэлцэж явсанаас биш одоогийн Ардын намынхан шиг хуйгаар нь идэж ууж, хулгайлж хумслаж явсангүй. Тийм сэдэлгүй, ёс зүйтэй залуус. Отгочулуу бол манайдаа ховорхон сайн эдийн засагч. Хааяа пиво ууж хөгжилдөх, маазрахаас өөр хорхойд гэмгүй, цайлган, шулуухан. Мөнхбат бас цөөн тохиох банк санхүүгийн мэргэжилтэн. Төлөв даруухан, үг цөөтэй, ажилд махруу, ноён нуруутай эр хүн. Хөгжлийн банкийг хөлд ороогүй байхаас нь хүлээж аваад, ажлаа хүлээлгэж өгөх үедээ Монголын хамгийн том банк болгосон.

Үнэндээ бол АН-ын зурвасхан жилүүдэд Хөгжлийн банк утгаараа ажилласан. Ардын намын жилүүдэд замаа алдсан. Өчигдөр тэдэнд тус банкны барилгыг худалдаж авах шийдвэрт гарын үсэг зурсан, улсад 4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж ял өгөв.

Өөрөө авсан, идсэн, завшсан гэсэнгүй. “Шинжээч” нэртэй “1 дээр нэмэх 1 тэнцүү хэд гаргамаар байна” гэх төрлийн хүмүүс улсад учирсан хохирол тэд гээд тогтоочихсон. Гэтэл яг адилхан барилгын өөр давхраас худалдан авалт хийсэн хувийн хэвшил түүнээс ч илүү үнээр авсан байдаг. Энэ бол улс төрийн захиалгат ял. Өөр юу ч биш. Хуулийг буруу хэрэглэсэн, процессийн алдаа гаргасан энэ тэр нь бүр замаа алдсан. 2015 оны асуудлыг 2022 оны өөрчлөлтөөр хүндрүүлж шийдсэн. Яаж ийгээд АН-ын гэсэн тамгатай бол ял өг. Үр дүнд нь АН ч адилхан, МАН ч адилхан гэдэг нөгөөх л харлуулалтаа зогсоо зайгүй сэв. Өөрсдийн нам доторх өрсөлдөгч хэдэн хүнээрээ туг тахиж харуулна. Гадагш бол шударга ёсны төлөө тэмцэж байна гэдэг хэзээ ч дуусдаггүй үлгэрээ дахин үргэлжлүүлнэ. Тэмцээд л байдаг, кино үзүүлээд л байдаг, амьдралын чанар унаад л байдаг, хөргөгч хоосроод л байдаг.

Хэдэн жил сонгогчдыг хуурч, хэчнээн залуу боловсон хүчнийг золиослох юм, бүү мэд! Өнөөдөр 7-8 жилийн турш хилийн хориг тавиулж, дансаа хаалгаж, ажилд ч орох боломжгүй болж, гэр бүлдээ хаягдаж, шүүх цагдаагийн хаалга сахихаас өөр ажилгүй, дээвэргүй шоронд амьдаараа залхаан цээрлүүлэлт эдэлж байгаа АН-ын хэдэн арван залуу бий. Ардын намын шургуулган дотроос гарч ирэх тэдний нэрс тасрахгүй юм гэдэг нь өчигдөр батлагдлаа. Үндсэн хуулинд хүний гэм бурууг зөвхөн шүүх тогтооно гэж байхад, прокурорын байгууллага хэрэг нээж, хааж, түр хойш нь тавьж, хэрэгтэй үедээ гаргаж ирэн тоглож байна. Гэм буруугийн шүүх хурлын шийдвэр нь нэг тусдаа, ялын дүгнэлт нь нэг тусдаа гардаг дэлхийн туршлага манайд хэрэгждэггүй. Өмгөөлөгчдөд ижил тэнцүү эрх мэдэл өгч, яллах тал, өмгөөлөх тал хоёрт ижил боломж олгодог практик манайд үйлчилдэггүй. Шударга шийдвэр гаргахын төлөөх биш, хүнийг яллахын төлөөх Сталинч тогтолцооны сүнс өдгөө хэр тэнүүчилсээр, тэр нь улс төрийн багаж зэвсэг болсоор.

Хууль тогтоогчид оо, нам үл харгалзан наад хууль шүүхийнхээ системийг өөрчил, сайжруул! Өнөөдөр танд хамаагүй мэт боловч, маргааш хоолойнд чинь тулна. Тэгээд шударга ёс тогтдог бол хамаа алга. Шударга ёс тогтох биш, эздэдээ үйлчилдэг АТГ, тагнуул, цагдаа, тэдэнд гогдуулан дарамтлуулдаг шүүхийн хонгил гүнзгийрэх нь хатуу үнэн. Юун хөгжил дэвшил! Тамын тогоо, чөтгөрийн тойрог…

Ид хэлмэгдүүлэлтийн үед монголын удирдагчдыг, боловсролтой сэхээтнүүдийг баярын өдрөөр хяддаг байсан. Өчигдрийнх ч “Октябрийн баярын” өдөр тохиосон нь гашуун түүхийг зориуд сануулна бишүү! гэжээ. 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин