Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагаанннуур боомтыг өргөтгөж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Боомтын шинээр барих өргөтгөл барилгын шав тавих ёслол энэ сарын 23-ны өдөр боллоо.
Уг ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, Боомтын захиргааны Өлгий, Цагааннуур, Даян боомтыг хариуцсан төлөөлөгч А.Гылымхан нарын албаны хүмүүс оролцлоо.
Цагааннуур боомтын цогцолборын өргөтгөл шинэчлэлийн ажлыг Азийн хөгжлийн банкны 85 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийнэ. Энэ хүрээнд 1288 кв.м талбайтай нэг давхар зорчигч тээврийн цогцолбор барилга, 865 кв.м талбайтай хоёр давхар ачаа тээврийн цогцолбор, мөн 38 айлын орон сууц, 3 бүлэгтэй цэцэрлэгийн барилга, хилийн цэргийн салбарын байр зэрэг 26 барилга, 15 туслах байгууламжийг 17.5 га газарт тус тус барина. Барилга угсралтын ажлыг 2026 онд багтаан дуусгана.
Дээрх ажлуудыг хийсний үр дүнд Цагааннуур боомтын зорчигч болон ачаа тээврийн нэвтрүүлэх хүчин чадал 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоог мэргэжлийн байгууллага гаргажээ.
Ташрамд, өнгөрсөн онд Цагааннуур боомтоор 92927 зорчигч, 32488 тээврийн хэрэгсэл гарч, 88001 зорчигч, 24,854 тээрийн хэрэгсэл орсон байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ
Сэтгэгдэл байхгүй байна