
Ажиглагч ийн өгүүлэв
Ноднингоос эхлэн Монголд “коопарвандолоо”-гүй юм үгүй болж гадаадаас ирэх 10 мянган зочинд зориулсан “түр байгууламжууд”-ыг босгох газар нь цэвэр усны хамгаалалтын бүсэд болж таарсанд иргэд хачирхаж, бас барж идэхгүй их мөнгө орж ирэх тухай тайвшруулалтад итгэж ядаж суух зуур нөгөө агуу хурал нь эхэлж зурагтаар 190 давсан улсын төрийн далбаа Улаанбаатарын салхинд намиран Монгол Улс дэлхийн төв болсон мэт санагдуулах болж, ядаж байхад нээлтийн хуралдаан дээр ОХУ ба АНУ-ын төлөөлөгчдийн эсэргүүцэл илэрхийлсэн мэдэгдлүүд (дор оруулья) дараачийн өдрүүдэд уйтгартай илтгэл айлтгалаар дүүрсэн арга хэмжээнүүд дундуур элдэв дуулиан дэгдээж магадгүй санагдсан тул бусадтай хамт Ногоон бүсээр шагайгаад миний “коопдолт” өндөрлөхөөр тооцоолж байсан би гэнэт идэвх гарган асууж нэхсээр НҮБ-ын тэр цахим системд сэтгүүлчийн хувьд бүртгүүлж хэдэн хоног хүлээгээд зөвшөөрөл авч нийт 12 хоног үргэлжилсэн COP17-гийн төгсгөлийн хэдэн өдөр Цэнхэр бүс гэгчид нэвтрэн орж соёлыг гайхах нь тэр.
COP17 ямар болсон, олз омгийн талаар эхнээс нь дуустал явсан сэтгүүлч, судлаач, тоймч болон албан ёсны оролцогчид үнэлж дүгнэнэ. Би нэг орохдоо 2-3 цагаас илүүгүй саатсан, ганц ч хуралдааныг бүтэн үзээгүй, тэгээд ч үндсэн арга хэмжээнүүд шувтарч, гадаад байтугай дотоод сайд дарга нар нутаг буцсан буюу үзэгдэхээ больж, сэтгүүлчдийн тоо эрс цөөрсөн тул COP17-г манайхан хэрхэн сурвалжилж байгааг бага сага сурвалжлах миний санаа бүтсэнгүй. Иймээс хэдэн эрээвэр хураавар гэрэл зураг, бичлэгтэй үлджээ.
Нөгөө үргэлжлэхийг нь хүлээсэн Орос ба Америкийн эсэргүүцлийн талаар тэр өдөр миний бичсэн фэйсбуукийн пост энэ байна.
Ажиглагч + Mongolika
August 17 at 1:12 PM
·
СOP17-гийн нээлтийг зурагтаар хараад сууж байна. Нэр томъёо, хөтөлбөр энэ тэрийг сайн мэдсэнгүй. Нээлтийн арга хэмжээнд үг хэлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хоосон яриа биш, тодорхой үр дүн, бараг л шийдэл, хөрөнгө оруулалтыг нэхэв. Дараа нь хуралдаан эхлэхэд эхний оролцогчид ёстой, шаардлагатай, сайжруулах, санал болгож байна гээд урсгаж өглөө.
Харин хэлэлцэх асуудлын талаар (өмнөх COP-оор баталсан гэх шиг болов) ОХУ-ын төлөөлөгч үг хэлэхдээ хурлын нарийн бичгийн дарга нартай холбоотой ямар нэгэн бүтцэд ОХУ-ын төлөөллийг оролцуулаагүй, энэ нь улс төрийн шалтгаантай, бид ямар ч улсын эсрэг саналаа өгч байгаагүй гэж эсэргүүцлээ илэрхийлээд, хэрвээ оросын эрдэмтдийг оролцуулбал эсэргүүцлээ татаж авахад бэлэн гэсэн утгатай үг хэллээ. Синхрон орчуулгыг муу гэж хэлэхгүй (үнэхээр хэцүү ажил учраас төгс байх боломжгүйг ойлгоно), гэхдээ бүр онц сайн биш учраас бүрэн тодорхой ойлгогдсонгүй.
Дараа нь АНУ-ын төлөөлөгч энэ конвенцийн асуудлыг хэлэлцэхэд жендер, оролцоо, иргэний нийгмийн асуудлыг (эсвэл байгууллагыг) оролцуулахыг (сүүлд нэмж оруулсан гэх шиг болов) эсэргүүцэж энэ асуудлыг дахин хэлэлцэж зөвшилцье гэсэн санал дэвшүүллээ.
COP17-г манайхаас MNB, бас хурал чуулган форум дамжуулалтаар дагнасан Tenger TV дамжуулж байгаа. Хажуугаар нь бас бөөн сайтууд эргэн тойрон харагдсан. Ер нь тэр олон хэлийн илтгэл, яриаг бүрэн эхээр нь аль нэг сувгаар (MNB.mn эсвэл MNB World) сонгож сонсох боломжийг бүрдүүлж болох байсан уу?
Америкийн араас саналаа хэлсэн Энэтхэг, Европын холбоо, бас Бразилийн төлөөлөгчид нэгэнт баталсан хөтөлбөрөөр явъя гэсэн ба хуралдааныг даргалж байгаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг маргаан дэгдээсэн тэр асуудлыг зөвшилцөхөөр талуудад үлдээгээд бусад асуудлыг хэлэлцээд явья гэж шийдэв.
Бас Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудыг итгэмжилж статусыг батлах болоход Азербайжаны төлөөлөгч тус улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд харш үйл ажиллагаа явуулсан хоёр байгуулллагыг итггэмлэхээс татгалзаж байна гэв. Юу ямар, байгууллага болохыг бүү мэд.
Б.Батцэцэг сайд, таны саналыг анхааралдаа авлаа, хурлын протоколд тусгана гэж дахин нэг удаа аргалав.
Цааш үзсэнгүй.
Нэгэнт Цэнхэр бүсэд нэвтэрснийх Оросын павилеоныг олж очиход нөгөө эсэргүүцэл шийдэгдсэн бололтой, тэнд Төв Азийн буюу Казакстан, Кыргызстан улсуудын цөлжилтийг ярьж суусан нь чухал сэдэв хэдий ч жаахан сонин санагдав. Нөгөө эсэргүүцлийг дурсах хүн олдоогүй, дахиж сөхөхгүйгээр шийдсэн байх. Харин Америкийн павилеон байтугай ширхэг ч хүн олдоогүй. “Америк нөхөр хаачив?” гээд нэхээд явалтай биш. Эхний өдрийн дараа харьсан болов уу. Трамп ах дэлхийн цаг уурын өөрчлөлтийг тоодоггүй, бүр эсэргүүцдэгийн үргэлжлэл байж таарна. Харин гадна талбайд тавин таван хошуутай АНУ-ын төрийн далбаа бол үлдсэн. Сонирхолтойгоос, хажууханд нь томоос том улаан таван хошуутай БНАСАУ-ын төрийн далбаа харагдана. Тэндээс хэн ч ирээгүй нь мэдээж. Яг хэдэн улсын төлөөлөгчид Улаанбаатарт цугларсан юм бол?
Бараг хоёр долоо хоног үргэлжилсэн нүсэр арга хэмжээ болж өнгөрчээ. Дундуур нь “Нүүдэлчин” нэртэй фестиваль Налайхын цаахна гурван өдөр үргэлжилсэн. Монгол Улс аль алиныг сайн зохион байгуулж чаджээ. Зам талбай, тохижилт, нөгөө цуутай бордюр, амрах сандлаас эхлээд хурал, үзэсгэлэнгийн танхимууд, тэр бүгдийг багтаасан аварга байгууламжууд нь төгс. Тэдгээрийг барилга биш түр байгууламжууд гэнэ, яагаад гэвэл францын компаниас түрээслээд дараа нь буулгаад буцааж өгнө гэж ярилцахыг сонссон, тэгвэл хайран санагдтал бүтээн байгуулжээ. Энд тэндгүй уран зураг, баримал хөшөө. Харин нөгөө сүлбүүлж үхсэн морины төмрөн баримал надад тааралдаагүй.
Манайхан Улаанбаатарын COP17-г янз бүрээр шүүмжилдэг. Миний хувьд энэ арга хэмжээг дэндүү томдуулж нүсэрдүүлсэн санагдсан шүү. Зохион байгуулалтад хамаатай ганц нэг хүнийг сонсоход цаанаасаа, НҮБ-ээс тэгэж шаарддаг, өөр аргагүй байсан, өмнөх Эр Риядын COP16 бүр “аймаар том” болсон гэлцэнэ. Магадгүй НҮБ-ыг хэт нүсэр хуралдамтгай, үр дүнгүй, үрэлгэн байна гэж Трамп шиг загначих нэр нөлөөтэй хүн үгүйгээс болжээ. Та бидний нүдэн дээр дэлхий ертөнц төрөл арилжиж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэж нэг унжгар португал нөхөр хэрэг алга, ашгүй удалгүй солигдоно.
Миний үзсэн сүүлийн өдрүүдэд хуралдааны танхимууд арай л цөөн хүнтэй (эсвэл танхим томдоод тэгэж харагдсан?), би нэгэн хурлаар би санаандгүй шагайж арын нэг суудалд сууснаар заал дүүргэлтийг овоо өсгөсөн удаатай. Бас нэг удаа “Хүннү Палас” зочид буудлын урдаас суусан COP17-гийн тусгай автобусанд хоёулхнаа тэр халуун өдөр бараг даартлаа сэрүүцэн тансагласаар (нөгөө нөхөр зүүн, би баруун эгнээг эзэгнэж) Цэнхэр бүсэд заларч билээ.
Бүгдэд нээлттэй, бүртгэл зөвшөөрөл шаардахгүй, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үүднээс цахилгаан машинаар хүргэж буцаах үйлчилгээтэй Ногоон бүсэд дан монголын байгууллага, компаниуд танилцуулга, сурталчилгаагаа хийжээ. Тэр дунд Улаанбаатар хотын захиргаа нөгөө олон мега төслүүд, нэг нь нөгөө гайтай Туулын хурдны замын төслөө пологдтол чихсэн бол Өмнөговь аймаг Орхон, Хэрлэнгийн усыг говь руу урсгахыг ноцтойгоор шаардсан нь содон байлаа. Надтай тааралдсан дуу шуутай өөр хүмүүс бол ногоон буюу веган хоолтнууд. Зарим нь бүр гадаадаас хүрэлцэн ирцгээжээ. Тэдний барьсан уриа лоозонг уншаад “би мал амьтны мах идсэнээраа тоо толгойг нь цөөлж үүгээрээ цөлжилтыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа хэрэг биш үү” гэж үг сөрөөд буруутаж бараг идүүлчих шахав. Үгээр. Тэд надад төгс гэгээрсэн Их багш Чин Хай гэж урд зүгийн эмэгтэйн зураг бүхий хайр майр гэсэн нэртэй хоёр номыг бэлэглээд уншаад үз, тэгээд шууд гэгээрнэ гэсэн. Яах уу? Мах идэхээ болино гээд төсөөл дөө…
Монгол Улс COP17-г зохион байгуулахад 301 тэрбум төгрөг зарцуулна гэж анх зарлаад түүндээ өөрөө сүрдэж 1,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт татна, бүр илүү ч байж магадгүй гэж ам гарж байжээ. Хаалтын хэвлэлийн бага хурал дээр танилцуулсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ, хэлэлцээр, санамж бичгүүдийн дүнг нэмэхэд нэлээн дөхөж очсон тоо гарсан. Үүнээс хичнээн нь төдөлгүй хэрэгжих, хэд нь он жилээр сунжирч замхран одох, ямар нь Монголын газар нутгийн 80 хувь нөлөөлсөн гэж тайлагнаад байгаа цөлжилт, газрын доройтлыг зогсоож ухраахад туслахыг таашгүй. Хоёр жилийн өмнө Саудын Аравт болсон COP16-гаас тус улсад 12 тэрбум долларын санхүүжилт амалснаас бүтсэн нь одоогоор 2 тэрбум гэж мэдээлжээ.
Удалгүй манайхан Улаанбаатарын COP17-гийн үр дүнгийн талаар шажигнуулж өгөх байх. Одоогоор миний сонссон нэг нааштай (одоогоор сураг төдий) мэдээлэл байна, тэр нь Монгол Улс анх тооцоолсон 301 тэрбум биш “дөнгөж” 158 тэрбум төгрөгийг зарцуулсан гэж.


Сэтгэгдэл байхгүй байна