
Япон Улсад сүүлийн өдрүүдэд байгалийн гамшиг ээлж дараалан тохиолдож байгаатай холбогдуулан тус улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-наас анхааруулав.
Тухайлбал, Айчи мужийн Нагояа хот болон бусад бүс нутагт энэ сарын 8-нд хүчтэй аадар орсны улмаас үер болон хөрсний нуралтын эрсдэл үүссэн байна. Иймд иргэд та бүхэн тус улсын Цаг уурын агентлаг болон оршин суугаа газрынхаа орон нутгийн захиргаанаас гаргаж буй газар хөдлөлт, цүнами, аадар, үер, хөрсний нуралт, тайфү зэрэг гамшгийн талаарх сэрэмжлүүлгийг тогтмол авч хэвших нь зүйтэй.
Мөн аадар орж байгаа үед гол мөрөн, далайн эрэг, уулын бэл, налуу болон хөрсний нуралт үүсэх эрсдэлтэй газарт ойртохгүй байх, үер усанд автсан зам, гүүрээр зорчихгүй байх, орон нутгийн захиргаанаас гаргасан нүүлгэн шилжүүлэх зааврыг тухай бүр дагаж мөрдөх хэрэгтэй.
Ингэхдээ нүүлгэн шилжүүлэх байр, аюулгүй газар хүрэх зам, яаралтай үед холбоо барих дугаар зэргийг урьдчилан тогтоож, гар утас болон холбооны хэрэгслийн цэнэгийг бүрэн байлгахыг зөвлөж байна.
Ялангуяа холбогдох байгууллагаас сэрэмжлүүлэг гаргасан тохиолдолд нэн даруй зааврыг даган биелүүлж, аюулгүй газар нүүх шаардлагатай хэмээн зөвлөв.


Сэтгэгдэл байхгүй байна