• Эхлэл
  • С.Бямбацогтыг УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсангүй гэж Цэцэд өгөх нь АН-ынхны ээлжит "скандал" болно!

С.Бямбацогтыг УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсангүй гэж Цэцэд өгөх нь АН-ынхны ээлжит "скандал" болно!

2026/09/07

АН-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга С.Бямбацогтыг “Үндсэн хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй төсвийг хүлээн авч, хэлэлцүүлэх нь Үндсэн хууль зөрчсөн” гэх акц хийх гэж оролдлоо. Тус намын гишүүдийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагаас үзэхэд одоогоор Үндсэн хуулийн Цэцэд энэ талаар хандаагүй байгаа бололтой.

Хэрэв тэд Үндсэн хуулийн Цэцэд энэ асуудлаар хандваас Улсын Их Хурлын тухай хуулийг уншиж судлаагүй, хууль тогтоох үйл явцыг бүрэн гүйцэд мэдээгүй, ойлгоогүй нь илрэх байлаа. Учир нь хуулийн төслийг өргөн барингуут агуулгыг нь “хянаж” үзээд, “Үндсэн хууль зөрчиж байна аа” гээд хүлээж авахгүйгээр буцаадаг хууль тогтоох ёсон байдаггүй юм.

Харамсалтай нь тэд “Төсвийн төсөл боловсруулах”, “өргөн мэдүүлэх”, “хэлэлцэн батлах” процессуудыг Үндсэн хуулиар ялгаатай субъектэд хуваарилсан бүрэн эрх гэдгийг мэддэггүй аж. Үндсэн хуулиар хэн нь төсөл боловсруулах, хэн өргөн мэдүүлэх, хэн хэлэлцэн батлахыг субъект заагаад баталчихсан байдаг бөгөөд нэг субъект нь нөгөөгийнхөө эрх рүү дайрч, халдаж, булааж болдоггүй бүрэн эрх билээ. Засгийн газар үндсэн бүрэн эрхийнхээ дагуу Төсвийн төслийг боловсруулжээ. Ерөнхий сайд нь өргөн барилаа. УИХ-ын дарга хүлээж аваад Улсын Их Хурал Үндсэн хуулийн 25.1.7-д заасны дагуу хэлэлцэн батална. Ердөө л энэ.

Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй гишүүдийнхээр бол УИХ-ын дарга С.Бямбацогт өргөн барьсан хуулийн төслийг “уншиж” үзээд, “Энэ нэг л болохгүй байна, Үндсэн хууль зөрчсөн юм шиг байна” гээд буцааж өгөх байж л дээ. Ингэвэл УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдсан болно. Үүнийг мэддэг байсан уу, анх удаа сонсож байна уу, АН-ын бүлгийн гишүүд ээ?!

Эрхэм гишүүд халуухан улс төр хийхээр андуурч эндүүрэн “Төслийг өргөн мэдүүлэх”, “Төсвийн төслийг хүлээн авах” гэсэн эрх зүйн зохицуулалтын өөр өөр шатыг ялгаж харж чадалгүй, “Бушуухан УИХ-ын даргыг Цэцэд өгчихье” гэж яаран догдолсондоо алдаа гаргасан байж болзошгүй тул зарим ойлголтын ялгаа болон холбогдох хуулийн заалтыг тайлбарлаж өгье.

Юуны өмнө “Өргөн барьсан хуулийн төсөл Үндсэн хууль зөрчсөн эсэхийг, тухайлбал энэ кэйс дээр Төсвийн төслийг хэлэлцэх боломжгүй гээд буцаах эрх хэнд байдаг вэ”? Төсвийн тухай хуулийг хэлэлцэх нь ердийн хуулийг хэлэлцэхээс юугаараа ялгаатай, яагаад таван үе шаттай байдаг” гэдгийг эрхэм гишүүн Та мэдэх үү?

Нэгдүгээр хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд, Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн танилцуулга, дүгнэлтийг сонсоно. Дараа нь УИХ-ын гишүүд тэднээс асуулт асууж, үг хэлж, төслийн агуулга, тооцоо, үндэслэлтэй танилцана. Ингээд 1-р шат дуусна.

2-р шатанд төсвийн төсөл, төсвийн тодотголыг цаашид хэлэлцэхээр хүлээж авах эсэхээ шийдвэрлэнэ. Хэлэлцэхгүй гэвэл буцааж болно шүү дээ. УИХ-ын гишүүд л санал хураалтаараа шийднэ. Уучлаарай, төсвийн төсөл таалагдахгүй байгаа бол энэ шатанд олонхийн кнопоор эсэргүүцэж буцааж болох нь. Гэхдээ ажлын гурван өдрийн дотор дахин өргөн мэдүүлэх чиглэл өгч Засгийн газарт буцаана. Хэлэлцэхээр шийдвэрлэвэл 3,4,5-р шатанд хэлэлцэж батална.

Тэгэхээр УИХ-ын дарга төсвийн төслийг өргөн барингуутаа биш, төсвийн 2-р хэлэлцүүлгийн шатанд хийдэг үйлдлийг нэхэж Үндсэн хуулийн Цэцэд өгөх нь хэр мэргэн шийдвэр байна даа?

Дараагийн асуудал. УИХ-ын Тамгын газар тухайн хуулийн төслийг буцааж болох уу? Болохгүй. Тамгын газрын Бүрдүүлбэрийн хяналт, УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд хийх агуулгын хяналт хоёрыг ялгаж ойлгох ёстой. Энэ процессийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 41.2, 41.3-т хэрхэн заасан бэ?

УИХ-ын Тамгын газар хууль санаачлагчаас өргөн мэдүүлэхээр ирүүлсэн хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийг ажлын таван өдрийн дотор хянаж үздэг. Гэхдээ агуулгыг бус хэлбэрийг! Өөрөөр хэлбэл, үзэл баримтлал, танилцуулга, дагалдах хуулиуд, холбогдох судалгаа тооцоо гэх мэт нэг ёсондоо “Хуулийн төсөл болох шаардлага хангаж байна уу, хууль болон мэндлэхэд “эрхтэн бүтэн” үү, үгүй юу гэдэг бүрдлийг хуульд заасан шаардлагын дагуу нэгбүрчлэн хянана. Тамгын газрын энэхүү “Бүрдүүлбэрийн хяналт” нь тухайн хуулийн төслийн бодлого нь зөв эсэх, төслийн агуулга нь Үндсэн хуульд нийцсэн үү, зөрчсөн үү гэдгийг УИХ-ын өмнөөс урьдчилаад эцэслэн шийдэх ажиллагаа биш. Тэгэх юм бол УИХ-ын Тамгын газар Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг булааж хэрэгжүүлсэн болно шүү дээ. Яагаад гэвэл Үндсэн хуулиар хууль батлах эрхийг Улсын Их Хуралд л өгсөн болохоос УИХ-ын дарга ч, УИХ-ын Тамгын газар ч тэр эрхэд халдаж урдуур нь орж болохгүй. Үүгээрээ УИХ-ын Эрхэм гишүүн Таны хууль батлах эрх хамгаалагдсан байдаг.

Ямартай ч энэ удаад АН-ынхны сэдсэн “УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандах” оролдлого холбогдох хуулийн заалтуудыг “мөргөөд” амжилтгүй болчихлоо. Цаашид энэ сэдвээр “наргих” бол маш сайн судлахгүй бол өөрсдөө хуулийн мэдлэггүй, ичгэвтэр байдлаа харуулах нь. Одоогоор Үндсэн хуулийн Цэцээс УИХ болон УИХ-ын Тамгын газарт албан ёсны мэдээлэл, тайлбар, бичиг баримт гаргуулах хүсэлт зэргийг ирүүлээгүй байна.

Цаашид сануулга болгох үүднээс дахин товчоор тайлбарлахад Засгийн газар хууль санаачлах эрхийнхээ дагуу төсвийн тодотгол, холбогдох хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлсэн. Эрхээ эдэлсэн. УИХ-ын Тамгын газар хуульд заасан баримт бичиг, шаардлагын хяналтын дагуу бүрдүүлбэрийг хянасан. Хэтрүүлж ч, дутуудуулж ч болохгүй. Харин төсвийн тодотголыг хүлээж авах, цаашид хэлэлцэх, өөрчлөх, хуульд нийцүүлэх, эцэслэн батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрх гэдгийг цээжлээд аваарай.

Эрхэм гишүүд та бүхнийхээ улс орны эрх ашгийн төлөө, ард иргэдээ сайн сайхан амьдруулах чин хүсэл зорилго дор нэгдэж, Үндсэн хуулиар хамгаалагдсан онцгой бүрэн эрхээ эдлэн Төсвийн төслийг хэлэлцэн батлах ажилд тань өндөр амжилт хүсье.

Нийтлэлч У.Оргилмаа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна