Никарагуа улс 1500 ашгийн бус байгууллагын бүртгэлийг хүчингүй болгосон байна. Тодруулбал, олон зуун шашны бүлгүүдийг багтаасан эдгээр байгууллагууд нь 35 жилийн хугацаанд нэг ч удаа санхүүгийн тайлан тавиагүй гэж Ла Гацета гэх засгийн газрын сонинд нийтэлсэн байжээ. Хаагдсан байгууллагуудын зарим нь спортын арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн эрх, ЛГБТК эрхийн бүлгүүд, хууль зүйн холбоод, ахмад дайчдын клуб зэрэг багтсан. Тэдгээрийн дор хаяж 695 нь шашин шүтлэгтэй холбоотой байгууллага байжээ.
Гол хаагдсан шашны байгууллагууд нь Католик, Евангелист, Пентекостал шашныг төлөөлдөг Христэд итгэгчид байв.
НҮБ-ын Хүний эрхийн албаны хэвлэлийн төлөөлөгч Лиз Тросселл энэ талаар хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд Никарагуад иргэний орон зай үндсээрээ сүйрч, шашин шүтлэгийн эрх чөлөөг зүй бусаар хязгаарлаж байна" гэж мэдэгдэв. Мөн 2022 оны зургадугаар сарын сүүлээс хойш нийт 5000 гаруй төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувийн их дээд сургуулиудын эрх зүйн статусыг цуцалсан гэж тэрбээр онцолсон байна.
Никарагуа дахь иргэний эрх чөлөө 2021 онд тав дахь удаагаа сонгогдсон ерөнхийлөгч Даниел Ортегагийн удирдлага дор эрс багассан. Сүүлийн жилүүдэд түүний засгийн газар "Үндэсний аюулгүй байдлын тодорхой бус хууль"-ийн дагуу сөрөг хүчний гишүүн, сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг баривчилсан. Ерөнхийлөгч Даниел Ортегагийн дэглэмийн эсрэг дуугарсан хүн бүр ямар нэгэн байдлаар хохирдог аж. Жишээ нь 2018 онд ерөнхийлөгчийн эсрэг болсон жагсаалын үеэр олон зуун хүн амиа алдсан явдал нь Никарагуа улсын эрх чөлөөний индексийг бууруулсан юм. Тиймээс төрийн бус байгууллагуудыг хааж буй нь Даниел Ортега өөрийн мэдлийг нэмэгдүүлэх гэсэн сүүлийн үеийн арга юм гэж Лиз Тросселл тайлбарлав.
Эх сурвалж:CNN
Сэтгэгдэл байхгүй байна