Ерөнхий сайдын хүүгийн сүйт бүсгүйдээ бэлэглэсэн цүнхнээс үүдсэн дуулиан залуучуудын зохион байгуулсан "Огцрох амархан" жагсаалаар үргэлжилж, 21 хоногийн дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д "Засгийн газарт итгэл үзүүлэх тухай" гэсэн тогтоолын төслийг барьж орж ирснээр энэ долоо хоногийн онцлох үйл явдал эхэллээ. Журмын дагуу уг асуудлыг УИХ-ын байнгын хороо асуудлыг хэлэлцсэн талаар бид мэдээлсэн.
Ингээд яаралтай горимоор чуулган хуралдаж эхэлснээр хуралдаан 10 орчим цаг үргэлжилж, зургадугаар сарын 2-ноос 3-ны шөнө дамнан үргэлжилж, 04 цагийн орчимд шийдвэрээ гаргалаа. Ингээд хуралдааны талаар албан ёсны мэдээллийг хүргэе.
Улсын Их Хурлын 2025 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг өөрийн хүсэлтээр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд шинэ, 126 гишүүнтэй парламентын нөхцөлд засаглалын тогтвортой байдлын сорилт, түүхэн анхны тохиолдол болж байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Ерөнхий сайд үг хэлэхдээ өнгөрсөн арван сар орчимд Засгийн газар томоохон төслүүдийг хөдөлгөж чадсан тухай, тухайлбал Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганц мод төмөр зам, ураны төсөл зэрэг олон жил гацсан асуудлуудыг дурдлаа. Түүнчлэн эдийн засгийн өсөлт, экспортын орлого, нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтийг сануулсан юм. Тэрбээр авлигын эсрэг хатуу зогсож ирсэн байр сууриа дахин илэрхийлж, хувь хүнийх нь орлого, хөрөнгө орлогын талаар шалгах бол нээлттэй оролцохоо илэрхийлсэн.
Хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намын бүлэг санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд гишүүдийн олонх Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэдгээ байр суурьтаа тусгасан. Байнгын хороо санал хураалтыг нууцаар явуулах горимыг санал болгож, 77 гишүүний дэмжлэгтэйгээр баталсан. Улмаар нууц санал хураалтад 82 гишүүн оролцож, 44 нь итгэл үзүүлсэн бол 38 нь татгалзсан тул Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төсөл батлагдсангүй.
Үүний үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллах шийдвэрийг УИХ гаргав. Ерөнхий сайд үг хэлэхдээ “Аалзны тор мэт сүлжилдсэн эрх ашгийн сүлжээ ард түмнийг дийлэхгүй” хэмээн мэдэгдэж, ард түмэндээ зүтгэсэн хугацаа нь нэр төрийн хэрэг байсан гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих санал, санаачлагыг эсэргүүцэж буйгаа албан ёсоор илэрхийлсэн юм. Тэрбээр Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахгүй, дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй хэмээн мэдэгдэж, ард иргэдийн жагсаал, шаардлагыг сонсож ажиллахыг уриалсан байна.
Чуулганы төгсгөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ажил, эхлүүлсэн том төслүүдийг өндрөөр үнэлж, түүхэн шийдвэрүүдийг хэрэгжүүлсэн гэдгийг онцлон амжилт хүсэж үг хэллээ.
Эх сурвалж: Parliament.mn
Сэтгэгдэл байхгүй байна