• Эхлэл
  • Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ?

Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ?

2025/06/13

Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ?

Эргэцүүлцгээ!

Би юу юу гэж донгослоо: Х.Баттулга орос магнатуудын захиалгаар төмөр замын төслийг бантагнуулсан. Мухар замыг маань урд хөрш холбож өгвөл Оюун-Эрдэнийн гавъяа болох гэнэ. 2014 онд Ши Жинпин Монголд зочлоход хоёр улсын төрийн тэргүүний өмнө нарийн царигаар төмөр зам тавих гэрээнд гарын үсэг ёслол төгөлдөр зурсан. Гарын үсэг зурсанаас хойш БНХАУ нэг жилийн дотор Ганц мод хүртэл тавих нарийн төмөр замаа ашиглалтад оруулчаад манай талыг гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг олон жил хүлээж, бүтээн байгуулалт нь орлогогүй саатаж олон тэрбумаар “шатсан”. Манай төр засаг “нарийн цариг тавих улсын бодлогод нийцэхгүй” гээд Төрийн дээд хэмжээнд үзэглэсэн гэрээгээ нулимав. Хятадууд баян гүрний өгөөмөр зангаар монголчуудад хулхидуулсан хохирлоо нэхэлгүй уучлав. (Орос ахаа бид тэгж хулхидвал юу амсах бол). Холболтод дахиад хэдэн ч тэрбум орох юм, юутай ч 3-4 жилдээ бүтэхгүй. Овор их нурмаг малтмалаа машинаар лав л арваад жил ухнатна гэсэн үг. Төмөр замын 20-иод жилийн гацааг хамтарсан засгийн газар хөдөлгөлөө гэж сүржигнээд байдаг?!

Хойд их хөршдөө дөнгүүлснээсээ сургамж авах бүү хэл евроазийн холбоонд элсэж, хоригт орж бэлгүйдсэн Оросын үр тариа, тэжээл, гурил, өндөгний татваргүй урсгалаар баялаг бүтээгч хэдийнхээ голомтыг самрахаар шулууджээ. Ингээд байхаар чинь өвгөн зохиолч үглэх юм. Гайхалтай нь татваргүй орж ирсэн орос барааны үнэ их бууны сум болоод украйнчуудыг албал орос ахдаа үнэнчээ харуулна гээд байгаа юм уу хаашаа юм бэ. Мега төслүүд олон жил гацсанаас учирсан асар их хохиролд харуусаж, ядуу буурай олноо хорлогчдыг уран бүтээлч хүний гажгаар би ад болтлоо шүүмжилсэн. Миний сонордуулж буй дорх нуршуу матаас-улиг болсон баримтууд тул унших хүн гарахгүй биз. Гэлээ ч уншигчгүй болсон зохиолч зөнөг өвгөн-би “завтай нэгэн тухтай зугаацаж юу магад” гэж горьдсоны улмаас сайтаараа дахин цацав. Яршигтай өвөөгөө өршөөгөөрэй.

 

Шав тавих ёслол мега төслийн оршуулга болов. Хичнээн ч нүхэнд хадаг цай булж, тэр тоолонгоор хичнээн ч цахилгаан станцын төсөл унтрав даа. Бүтэн хагас сая кв. км нутгаасаа эрчим хүчний станц барих дов олсонгүй. Тууз хайчилж хуврагууд аргил шахмал хоолойгоор тарина хүнгэнүүлж, хадаг цай өдий төдий нүхэнд булсны зардал юу шалиа. Гагцхүү булсан шав болгоны төслийн нэгж гэгчид шургалсан хэсэг этгээд цадаа. Хонхорт булсан шав гэхэд л 20-иод саяыг залгисан сурагтай. Булсан шавнуудаа эргээд олох уу?

 

Эрдэнэбүрэнгийн УЦС. 1964 оноос ярьсан энэ төслийг тендерт шалгарсан хятад компани 288 сая төсөвт өртгийг 17 саяар хямдруулж, 271 сая доллароор барих тохироонд 2021 оны 9-р сарын 17-нд хүрч, талууд гарын үсэг зурснаар зуун дамнасан төсөл 2022 оны 4-р сард хөдлөх болжээ.Овоо доо гээд баярлатал “даврах болоогүй” гээд ОХУ шатахууныхаа гэрээт нийлүүлэлтийг хааж цочоов. Мал өсөөд маханд очерлохоо больсон ч машиныхаа хоолонд очерлолоо. Социализмд сайдууд машин унадаг байсан бол хоосрол дагуулсан ардчилалд машинтай ядуус үржжээ. Явгарсан ядуус хоёр зээрдээрээ таваргахаас залхуурч ах нарынхаа өөдөөс аймшиггүйгээр “бензиний чинь үнийг валютаар төлчөөд байхад гэрээгээ зөрчиж крантаа урьдчилж анхааруулалгүй хаав” гэж цоролзлоо. Маниусын үед ингэж даварвал алуулах байв. 

 

V ДЦС. Тээр жил Ангела Меркель-Монголд хөрөнгө оруулахад хоёр бэрхшээл байдаг. Нэгд баялгийн ордууд нь олон зуун, бүр мянган км-ийн чанад дэд бүтэцгүй цөлд оршдог, хоёрт хөршөөс нь зөвшөөрөл авахгүй бол төсөл нь явдаггүй гэж телевизээр мэдэгдэж харагдсан. V ДЦС-д хөрөнгө оруулахаар солонгос франц япончууд хэдэн жил тэвчээртэй хүлээсний эцэст энэ төслийг Орос хэзээ ч зөвшөөрөхгүйг мэдээд буцсан. Цөхөрсөн биз. Төслийг гацаасан этгээдийг олох нэхэл ковидоор сөхөгдмөгц манай эрх баригчид “монголчуудаас болоод гадны хөрөнгө оруулагч нар V станцын төслийг орхисон” гэж орос ахаа хаацайлав.  

 

Эгийн УЦС. 40 жил гацсан станц. БНХАУ тэрбум долларын урт хугацааны нэн хөнгөлттэй зээл олгохоор болж, өндөр өртөгтэй эрчим хүч импортлох хэрээс хэтэрсэн ачаа хөнгөлөх нь гэжөмнөд хөршдөө бид баярлалгүй яах билээ. Эгийн гол урсдагаараа хэдэн жил урсаад л өртгөө нөхчих төсөл. Гэтэл хайрт орос ах нар минь Эгийн УЦС Байгал нуурт хөнөөл учруулна гээд зогсоочхов. УЦС барихад аварга усан сан тогтоодог. Хиймэл нуур манай хуурайшлыг чийгшүүлж хур бороо элбэгшинэ. Ер нь УЦС гэж хэрэглээ талаас нь нэрлэдэг ч давхар өгөөж нь ус тогтоож нуур буй болгох юм. Монголын төв ба хойд бүсийн гол горхи бүгд Байгал нуурт цутгадаг. Усны зөвлөх инженер П.Бадамдорж ярихдаа: 1988 онд Сайд нарын зөвлөл, ХААЯ, УААЯ зэрэг газраас Хилийн усны хэлэлцээр боловсруулах ажлын хэсэгт намайг оруулсан юм. Гэтэл тэр баримт бичиг сураггүй болжээ. Яасан бэ гэвэл 1988 оны хэлэлцээрээс тэс өөр хэлэлцээр 1996-1997 онд хийчхэж. Байгуулсан эзэд нь тогтоогддоггүй, гарын үсгийн тайлал байхгүй-энэ хэлэлцээрийг өдгөө оросууд бариад дайрдаг. Заалт нь: хил дамнасан гол мөрний асуудлыг ОХУ-аас асууж шийднэ гээд заачихсан. Гол мөрнийхөө усны 20 хувийг нутагтаа саатуулж,бүтээн байгуулалтдаа ашиглах эрх олон улсад үйлчилдэг. Үүнийг оросууд мэднэ. Эгийн голд УЦС баривал Байгал нуурт хөнөөлтэй гэж ОХУ-ын гаргасан гомдлыг ЮНЕСКО-гийн Өвийн хорооны 39-р чуулганаар хэлэлцэж, Өвийн хорооны эрх бүхий гишүүн улсууд “Эгийн голын УЦС Байгал нуурт нөлөөлөхгүй нь судалгаа шинжилгээгээр нотлогдсон тул хөгжиж буй Монгол улсыг дэмжих нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлж байв.Эгийн гол төсөлд зөвлөхөөр Францын Трактебэл инженеринг (GDF Suez) компани ажиллав. Энэ компани эрчим хүчний салбарт дэлхийд гуравт жагсдаг. Уг компаний судалгаанаас ганцыгонцлоход “нөлөөлөл 1 хувиас доош бол огт нөлөөлөхгүй гэж тооцдог бол манай станц ашиглалтад орсноор Байгал нуурт 0,023 хувиар нөлөөлнө” гэсэн тооцоо гарчээ.

 

Осол гарах аюул хутагны ирэн дээр өвөлждөг. Нас нь олон жилээр хэтэрсэн станцууд унтрах, Орос экспортоо хаах-аль нь ч дайрсан 1,7 сая оршин суугчтай хот 40 хэмийн тэсгим жаварт тэс хөлдөнө. Өвгөн станцууд оргил ачааллынхаа үед бүх тэнхээгээ шавхаж, дээр нь Оросоос авдаг өндөр үнэтэй цахилгаанаар сэлбэвч, нөхөх үүсвэр-зуух трубингүй учир нүүрсээ нүдээ аньж өрдсөөр осол гарах аюул хутагны ирэн дээр өвөлждөг. Багануурын станц бол эрчим хүчний доголдлыг арилгах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл байв! “Сүйрүүлэх хужаа төсөл” гээд юу ч биш болгосон. Багануурт станц баривал Хятад арми хяналтаа тогтоож, 5000 хужаа бүхий тосгон үүсэж, ах нарын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хужаа тогонд навс цохиулж шатна гэх инээдэмтэй марзан ухуулга цацсан. Энэ ухуулгын ил эзэн нь “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн, нууц ноён нь Ц.Даваасүрэн сайд байв. Өмнөд хөршөө үзэн ядагч сүргийн цөсийг хөөргөхөд тэнэг пиар чухам. Харанхуй тархи тоглоом болдгийн тод жишээ. Багануур ДЦС-ыг Ц.Даваасүрэн бус “олны шаардлагаар” төр засаг царцаав гэх ойлголт хар массын вакум толгойд үлдсэн. Ингэснээр орос олигархиудын цахилгаан манай руу саадгүй урсав. Монгол улсын хөдөлмөрийн хууль, Засгийн газраас олгодог гадаад ажилчдын квот дагуу хятад ажилчдын тоо хязгаартай. Ажилчдын 90 хувь монголчууд байна гээд гэрээгээр тохирчээ. Юун 5000 хужаа, юун Хятад арми вэ? Хүчдэлээ маневрлан тохируулах боломжтой тул юун шатах аюул бэ? Монголд маш чухал төслийг гацаах цуурхлыг төр засаг огт хайхраагүй. Далдуур дэмжсэн байх. Биеэ үгүйлдэггүй би бичиж зөнөгөө дуудуулж байлаа.

Нас нь хоёр нугарсан станцуудын үхмэл цогцсуудыг салгаж хаяад орлуулах донор “эрхтэн”-үүдийг зөвхөн Оросоос авдаг. Энэ нь өндөр үнэтэй цахилгааныхаа араас сэлбэгээ шахах тулгалт. Ийм аргаар шулахын тулд чадамж өндөр шинэ технологиор сүпер эх үүсвэр барихыг гацаадаг. Ахын заль ужиг агаад хорон хажир. Манай инженерүүд амбасын үеийн станцуудынхаа болохгүйг болгон монголчилж, тэсгим жаврыг давж яваа нь юутай их буян бэ. Хөлдөж үхэхээс аврагч та нарыг минь бурхан өршөөг. Багануур нэг кВт цахилгааныг ОХУ-аас импортолж буй тарифаас хямдаар төвийн бүсэд нийлүүлнэ. Уурхайн хажуудахь станц тээврийн зардлаа хэмнэнэ. Нас хэтэрч үжирсэн станцуудаа хальхуулаад сэхэхгүй. Багануур станц ашиглалтад орсон бол цахилгаан дулаанаар өдгөө ингэж доголдоогүй.     

Н.Тавинбэх сайдын яриа: “Багануурын ДЦС-ын гэрээ их сайн гэрээ болсон юм билээ. Ажил эхлээд явж байхад нь Монголын тал тодорхойгүй шалтгаанаар зогсоосон... Ши Жинпинь даргын үгтэй холбоотойгоор нүүрсний технологиор ажилладаг эх үүсвэрийг санхүүжүүлэх ажлыг зогсоосон ч 2022 оны IV сард Хятадын Хөгжил шинэчлэлийн хорооноос уг төслийг тусгай горимоор санхүүжүүлэх буюу Ши Жинпинь даргын үгнээс хамааралгүйгээр санхүүжүүлэх төсөлд оруулсан. Тиймээс “танай концесс эзэмшигч хүсэлтээ гаргавал бид санхүүжилтын асуудлыг ярилцъя” гэсэн... 

Үжирсэн станцуудаа байнга өндөр үнээр сэлбэж, хөрөнгөө дэмий үрдгийг больж, орчин үеийн станц барих манай төслүүд аварга орос саварт атгаастай. III ДЦС-д оросууд 655 сая долларын сэлбэг шахсан мэдээ цацагдав. Багануур станцын нийт өртгийн талаас илүү үнэтэй сэлбэг?!Гайхалтай. Мөн III ДЦС-ын элэгдсэн эд ангийг сэлбэх төслийг Оросын “Интер РАО-экспорт” компани гүйцэтгэхээр ТЭЗҮ-гээ ирүүлж, ОХУ-аас олгох өндөр хүүтэй зээлийг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулна гэв. Багануур-ДЦС алсарч үжирсэн станцуудаа өндөр үнээр сэлбэх дараалсан хагалбаруудын төлбөр, хулхи сэлбэгүүдийн үнэ, эрчим хүчний хэт өндөр өртөгтэй нийлээд хойшоо урсав. В.Путин Халх голын ойгоор дуулиантай зочлохдоо III ДЦС-ын засварт дээр дурдсан 655 сая доллар бус 1,4 тэрбум евро гаргахыг тулгаад буцлаа.    

 

Ураны төсөл. 3,5 сая зүдүү монголчуудыг өөд нь суга татах ураны төсөл мухар төмөр зам шигээ, эрчим хүчний эх үүсвэрүүд шигээ дашин шог болно. Гэхдээ гялс дашин шог болохгүй. Янз бүрийн хууралтаар сунжирч эрчим хүч экспортлогч ах гуай хугацаагаа сунгаж, хожлоо нэмэхээр шунана. Орос эх сурвалж: Монгол улс Францын уран олборлодог Нигер биш. Канад Францыг Монголд уран олборлохыг ОХУ хэзээ ч зөвшөөрөхгүй. Ийм мөрүүд уншсанаа санаад Францтай тохиролцож буй ерөнхийлөгчийн маань ураны төсөл явдаг л байгаа даа гэж эмзэглэв. ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко манайд морилоод Францтай хийж буй ураныхаа төслөөс татгалзвал ОХУ хариуд нь бага оврын атомын станц барьж өгье гэжээ. Ганц энэ хатгаас л ураны төслийг өлхөн суулгана. Зөнөг зохиолчид юу үнэртэв гэвэл “ураны төсөл монголчуудын хэрүүлд унтарснаас оросууд огт оролцоогүй” гэх танил комбинаци ханхлав. Төслийг зүтгүүлсэн ерөнхийлөгч маань ганцаардах вий.

Эрчим хүчний эх үүсвэр барихыг Орос зөвшөөрдөггүйг шууд хэлэх эх оронч удирдагч манайд байдаггүй. Казахстан ОХУ-тай ойлголцож ураныхаа өгөөжийг хүртээд сэхэв. Казахуудаас юугаар дутаж буйгаа өөрсдөөсөө хай. Оросын барьж өгөх бага оврын АЦС хэдэн онд эрчим хүчээ түгээх бол? Тэр болтол ОХУ эрчим хүчээ манайд шахна. Лав 10 жил шахна. Удах тусам хэт өндөр үнэтэй цахилгаан шахдаг оросуудад хожоотой. Орос гацааг далдалж, “гацаагчид нь хоорондоо хэрэлддэг монголчууд” гэх башир суртлыг би залруулах гэсэн буурай. Гол төслүүд оросуудын дарамтад унтарч ядуурахын дээр “улсынхаа хөгжлийг чөдөрлөгч” гэх муу нэр зүүсэн арчаагүй олноо өрөвдөөч. Манай удирдагч өндөр хөгжилтэй барууны хүчирхэг гүрэнд айлчилж, гар барьж, тэврэлдэж, гэргийтэйгээ ёслолын хүндэт харуулын өмнүүр алхах-үзээгүй юмаа үзэж буй нь тэр. Яагаад гэвэл тийм завшаан манай удирдагчдад Кремль олгож байгаагүй юм. Ёс зүй, соёлоор тэргүүлэгч гүрэнтэй зээ зүү болсон үгэндээ заавал хүр. Дараа нь орос сайдын өмнө чичрээд, үзэглэсэн гэрээнээсээ буцвал-Монгол минь үүрд сэвтэнэ.

 

Өргөн цариг тавихыг ямар түвшинд хэн шийдлээ-мэдээж УИХ-ын 76. Өргөн цариг тавихаар кноптсон 76 гишүүн танк их бууны аюул “бодиттойд” итгэдгээ гадаад дотоодод нотлов. Яагаад гэвэл нарийн царигаар Хятадын төмөр замтай шууд холбох боломж байсаар атал сэлгүүлэн ачих терминалд асар их хөрөнгө, үнэт цаг хугацаагаа зориуд дэмий үрээд зогссонгүй, галт тэрэгний урт урт цуваагаар сая сая тонн эрдсээ хил хамгийн хямдаар шууд давуулах боломжоо алдах өөр шалтгаан байгаагүй юм чинь даян дэлхий тэгж ойлгохоос яах билээ.

Төмөр замыг 10-20 жил оросууд гацааснаас яг үнэндээ монголчууд өөрсдөө гацаагаагүй. Өргөн нарийн цариг гэж монголчууд хоорондоо маргалдаад төмөр замаа тавиагүй гэж нам засаг ард олноо буруутгадаг нь орос ахдаа хир халдаахгүй гэснийх. Хүлцэнгүй иргэдээ элэг барьж буй нь тэр. Мангуу онигооны цаана муу нэрт монголчуудын өрөвдөм зовлон оршдогийг бидөөрсдөө дэлхий дахинаас нуудаг. Энэ бол геноцидээс угшилтай эмгэг. Танк их буугаа ачаад орж ирнэ гэх онигоонд мань итгэж дөнгүүлсэн юмбиш. Овор их нурмаг малтмал экспортлогч манууст дэлхийн стандарт-нарийн цариг (сэлгүүлэх терминал хэрэггүй) ашигтайг ОХУ-д илэрхийлчих сачий Монгол төрд байдаггүй. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж томорч буй нь ийм учиртай. Архивт үлдэх баримтгүй орос ахын нууц аман тушаалыг задруулах зориггүйдээ бид “өргөн нарийн цариг” гэж маанаг монголчууд талцан маргадгаар дотоод гадаадад ойлгуулж, орос ахынхаа нэрийг цэвэрлэдэг юм.  

Юутай ч 12 жил гацсан галт тэрэг эцсийн эцэст зэргэлээт говиор нэг удаа туршилтаар жирэлзэв. Таван толгойд туг далбаа дарцаглан хөгжим нижигнэж дарс ханхаллаа. Жилд 70 сая тонн нүүрс экспортолно гэж ерөнхийлөгч хөөрцөглөв. Дагаад хөөрчих гэсэн чинь хилийн боомтоос хэдэн км-ийн наана өргөн царигтай төмөр зам маань мухардаж, галт тэрэгний цуваа нүүрсээ эзгүй хээр асгаад цааш машинаар зөөх гэнэ. “Ашиглалтад оруулав” гэж сүржигнэсэн төмөр замаараа нүүрсээ илчит тэрэгний цуваагаар хил давуултал хэдэн жил хүлээх-явцгүй заль илрэв. Тэрбумын өртөгтэй терминал барьж дуусгах дарамт, дараагийн төр засгийн нурууг хотойлгоно. Энэ бол бодлогын залгамж чанараа нулимдаг 76 хоноцын гай.  

Өргөн цариг тавьсанд танк их буунаас өөр шалтгаан байгаагүй. УИХ сэлгүүлэх терминалд хомс төсвөө өм цөм хоослохыг тоогоогүй нь танк их буунаас айсан бус орос ахаа зуйрчээ. Царигаа дэлхийн стандартаар тавьсан бол Гашуун сухайт, Шивээ хүрэн, Хангийн терминалуудыг барих их хөрөнгө ядуу оронд минь аштай юу. Амин чухал наад захын хэрэгцээнд төсөв хүрэхгүй өлөн зэлэм ядаж байхад яагаад маш их давхар давхар үрлэг бүхий терминал шаардлагатай өргөн цариг тавив гэхэд “танк их буунаас айгаад” гэх үү. Өөр хариулт байна уу? Байвал хэлээч УИХ-аа. “Сэлгүүлэн ачих буулгахад дурлаад” гэлтэй ч биш, “мөнгөө хоосон үрмээр санагдаад” гэхэд хэн ч итгэхгүй. Яагаад нарийн цариг тавиагүй вэ гэвэл танк их буу ороод ирнэ хэмээх онолоор УИХ олон тэрбумын терминаль шаардах өргөн цариг тавьжээ гэсэн хариу гардаг. Эх орноо ингэж “шатаах” өргөн цариг сонгосон нь оросоос хулчийж өмдөндөө харвасны дээр өөрсдөө баяжих гэсниййх. 

Уг нь нүүрсээ галт тэрэгний цуваагаар хил давуулж валют болгож байж л тугаа мандуулж, хөгжмөө нижигнүүлж, дарсаа ханхлуулмаар. “Экспортын төмөр замаа 10 гаруй жил гацаасны гайгаар 80 ихнаядын ашиг алдсанаа экс ерөнхийлөгч Х.Баттулгаас нэхэмжлэх учиртай” гэж Засаг мэдэгдсэн ч монголчууд Украйны нацистуудыг зүхэж В.Путиныг өмөөрөөд 80 ихнаядын хохирлоо тоогоогүй. Та бидний сонгосон 76 түшээ дэлхийн стандартын царигтай холбох боломжгүй өргөн царигтай төмөр зам тавьснаар урд хилийн наана манай мухар замын төгсгөлүүд элсэнд булагдаж буй. БНХАУ танк их буугаа ачаад орж ирнэ гэдэгт 76 түшээ итгэдгээ өргөн цариг тавьснаар дэлхийд зарлачлаа. Хэн хэндээ хожоотой найрсаг айлсая гэдэг БНХАУ энэ мангуу өдөлтийг нэвт дүгнэж буй. Хятад Орос шиг хөрш рүүгээ довтлохгүй. Тэд даруу-соёлтой. Харин манай чулуу шороог авахгүй болчвол бид хэцүүднэ. Орос магнатууд үүнийг л хүсэж буй. 10-20 жилийн өмнөөс нүүрсээ төмөр замаар зөөсөн бол монголчууд өдгөө чинээлэг амьдарч буй.

Хэвтээ төмөр зам элсэнд булагдах вий. ТЭЗҮ-гүй, гео судалгаагүй Тавантолгой-Зүүнбаянгийн 416 км төмөр замыг тавихаар зүтгүүлсэн нь-нүүрс хил давмагц вальют болдог Гашуунсухайтын замыг гацаах гэснийх. Санхүүжилт нь төрийн нууц. Галт тэрэгний урт цуваагаар Тавантолгойгоос нүүрсээ ачаад Зүүнбаянд очно. Нүүрсээ Зүүнбаянд зөөснөөр зорилго биелэхгүй. Эцсийн өгөөж зам тавихад бус нүүрсээ худалдаж зоос олох! Галт тэрэг өдөрт хэд ч сүнгэнэсэн ээрэм говьд түгжрэлгүй. Мунадаг амжилт, өнгөц харвал. Гэвч нүүрсээ Зүүнбаянд Шилийн богд шиг овоолоод ч ганц доллар олохгүй. Харин тээврийн зардлаар шатна. Ийм зам эхэлж тавьдаг мөрөн дээрх бөндгөр чинь чинийх үү, хүнийх үү Баттулгаа. Суурь бүтцэд 280 сая доллар булчихсан, хил алхмагц түүхий нүүрс авдаг хэрэглэгчтэй, 10 гаруй жил гацсан төмөр замын урдуур дайрсан төсөл. Нүүрсээ галт тэрэгний урт цуваагаар тээж, ахиу үнээр борлуулж, ашгаа өсгөхийг гацаах ээлжит орос комбинацийн хорт санаа хоног хоногоор тодорно. Ард түмэн минь маллуулж хаширдаггүй тэнэг духаа шаа. Би ч гэсэн маанаг духаа шаангаа үүнийг бичив. Шулуулж буйгаа ухаардаггүй маанагууд шулаачаа магтсаар хувхайрах тавилантай. Хойд их хөрш бидний урдуур нүүрсээ борлуулснаар хожих юм биз. Бяцхан Монгол гацсаар бахь байдаг зүдүү хэвээр шар нар бор хоног элээх аугаа Оросын хөгжилд хурд нэмнэ гэж үү. Хятадын мангас шиг ходоод Орос Монголын нүүрсийг залгиад Австрал Индонезээс нүүрс авдаг тул аварга Орос ядуу Монголыг бизнесийн харгуйд дэгээдэж унагах нэрийн хор байгууштай-Оросод өгөөжгүй дарангуйлал. Зүүнбаянгийн 416 км замд баясах гэтэл энэ замаар тээсэн нүүрснээс Монголд наалдсан олз-тэг. Үүнийг сануулах гэж нуршив. Гашуунсухайтаар гармагц доллар болдог нүүрсээ Зүүнбаянд галт тэргээр зөөж овоолох бүтэж үхмээр тэнэглэл. Нүүрсэн овоонд татвар төлөгчдийн хэдэн төгрөг булагдах бол?  

Орос эх сурвалжийн товч: “ОХУ эрчим хүчээр дэлхийдтэргүүлэх болно. Орост нефть, хий, нүүрс, уран байна. Сүүлийн 2-т бичигдсэн эх үүсвэр буюу нүүрс, уран нь Монголд бий. Зөвхөн нүүрсээр л гэхэд Монгол ОХУ-ын нүүрсний экспортыг нураана. ОХУ шинэлэг зах зээл буюу Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэлээ өөрчилсөн. Нэгд төмөр замын асуудлыг шийдвэрлэх, хоёрт нүүрсний магнат болох. Монгол түншээр Х.Баттулга гэгч улстөрчийг сонгож авав. Якунинд тавьсан Путины бооцоо-Таван толгойн нүүрсний ордыг монголын төмөр замтай холбох. УБТЗ-ын нийт хувьцааны талыг ОХУ эзэмшдгийн хувьд Таван толгойн ордыг ОХУ автоматаар хяналтандаа авах боломжтой. Гэтэл монгол залуус төмөр зам барих төсөлдөө хөрөнгө босгочхов. ОХУ-ын төмөр замаас үл хараат бие даасан төмөр зам уурхайгаас Хятадын хил рүү татахыг яахан зөвшөөрөх билээ. Энэ зам хэрэгжвэл ОХУ-ын нүүрсний төслүүдийг баллана. Тиймээс Монголын Засгийн газар дахь чухал хүмүүст энэхүү төмөр замын бүтээн байгуулалтаа яаралтай зогсоох тушаал өгсөн билээ.

Чуулганы танхимд үзэгдэхгүй байсан Х.Баттулга гэнэт гарч ирээд “Нарийн царигтай төмөр зам барьсан бол газар нутгаа 100 жилээр алдах байсан. Газрын баялгаа, газар нутагтайгаа 100 жилээр алдах байсныг зогсоосон, цаашдаа ч зогсооно. Өнөөдөр гадаад ажиллах хүчин гэж юм орж ирж байна. Үүний эсрэг би тууштай зогсоно” гэж хөмсөг зангидаж, хөмхий зуув.

Хятад компанитай бизнес хоршвол тусгаар тогтнол замхарна. Тэднийг өшиглөөд хил давуулчвал Монгол ялна гэж ерөнхийлөгч болсон нь мартагдаагүй байна. Асар их бэл бэнчин, ханахгүй хэрэглээгээр дэлхийн сонирхлыг татсан хаяа нийлэгч-хамар дорх Хятадгүй хөгжих итгэл төгс ерөнхийлөгч Х.Баттулга тэртээ дээр омогшихнь цагтаа сүрдэм байв. Омог бардам түүний толгой дээгүүр овжин гадныхан өмнөд хөршөөс олз ууталсаар. Энэ урсгалыг тэр бээр тамирчны хослолтой сөрөн гүйж явсан самбоч.

Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдоод телевизээр ард түмэндээ албан ёсоор хандсан анхны мэдэгдэлдээ: “Орос металлургийн орон... хил давахад тэнд тэд төмөр замаа барьчихсан. Манай нүүрсийг Иран, Пакистан авъя гэж байна. Тиймээс бид хэвтээ тэнхлэгийн төмөр замаа яаж ийж байгаад барих хэрэгтэй... Бид урд хөршөөс хараат болчихсон байна. Бурхан шашнаа шүтэх асуудал ярихад шүтэж болохгүй гэж байна. Далай ламаа урья гэхээр болохгүй гэж байна шүү дээ. Үүнийг мэдээж урд хөрштэйгөө ярина... Манай бүтээгдэхүүнийг битгий хямд авч бай гэж ийм л асуудлыг ярина” гэж байсан. Анхныхаа мэдэгдлээр ийнхүү омогшиж асан ерөнхийлөгч маань хоёр жилийн дараа цар тахал дундуур 30 мянган хонь билэглэх том пайзаар энгэрээ рекламдаад Ши жиньпин даргын өмнө, малчдаас төсвийн мөнгөөр авсан 30 мянган хонио хувиасаа өгч буй мэт дүр эсгэв. Бага буурай ч нэг улсын ерөнхийлөгч гэхэд малын хулгайч шиг л харагдсан. Цар тахал дундуур эр зориг гаргаж гадаадад айлчилсан дэлхийд ганцаараа удирдагч гэж түүний цолыг дуудсан магтаалын цуурай одоо ч Хөвсгөл Булган Эрдэнэтэд замхраагүй уянгалах авай. 

 

Түүх сөхье: Дааж давшгүй алдагдалд унагах орос тулгалтыг “үгүй” гэж шууд зөрж зүрхэлдэггүй манай хулчгар эрх баригчид буруутай харагдавч түүхэн хөндүүр тэдэнд минь бий. Тэдний ой санамжинд П.Гэндэн А.Амараас эхлээд С.Данзан Д.Бодоог хүртэл олон удирдагч нарын маань эмгэнэл бичээтэй байгаа. Зөрвөл толгойгүй болж байсан аюул арлиагүй бол яалтай. Нүүдэлчид ардчилагдаж, “зөвлөлт тусламж, хятад аюул” гэх таринаа “хоёр хөршийн гацаа” гэж шинэчилжээ.“Оросууд гацаав” гэж бид шууд хэлж зүрхэлдэггүй. Айсандаа “хоёр хөрш гацаав” гэдэг ч айх тусам оросууд чангардаг нь гомдмоор.

Коммунизм байтугай СССР ч үгүй соц. намагт зоогдоод хаягдахад хөтөлж явсан Орос гараас татсангүй гэж бид гомдоогүй. “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гээд хүн төрөлхтөнөөс зүүгдэхээр сарвалзав. Хоёр их гүрний завсар хашигдсан буурай бөглүү Монгол ардчилал, чөлөөт зах зээлд хөлөө зоригмог тавив гээд барууны хөрөнгө оруулагчид Орос Хятадыг даваад үүд сөхлөө. Ашигт малтмалын үнэ өсөх мөчлөг азаар таарч, урд хөршийн хэрэглээ эрс ихэссэнээр ядуу бидний эдийн засаг сэргэмэгц харамсалтай нь зөвлөлтийн тусламж гэх сүржин молги-орос гацаанд хувираад дээрэлхэв. Тэглээ ч Орос гацааг бид ярих дургүй. Ярьсан хүнд бүр ч дургүй. Ярихдаа тулбал “хоёр хөрш гацаав” гэж Хятадыг заавал хамсруулж Орост бялдуучилдгаа боль гэх гээд би хулмагнаад байна. Энүүхэндээ шивнэхэд нэг нь хөгжүүлэхгүй гээд манай мега төслүүдийг гацаадаг бол нөгөө нь “хамтдаа хожьё” гээд зээл олгодог юм биш үү.

Парламентат тогтолцоо, хуулийн засаглал, гурав дахь хөршийн бодлогод эрсдэл нүүрлэж буй нөхцөлдхаяа хатгасан-хамтдаа хожьё гэдэг аварга хэрэглэгч хөршөө өдөж хатгаад буруу харуулчвал нүүрс хүдэр зэсээ дэлхийн аль буланд ямар тээврээр яаж хүргэж, хэнд хэдээр зарахаа бод. Их хятадгүйгээр Монголоо төсөөл. Орлогогүй болж бид л баларна. Орос олигархиуд үүнийг л хүсэж буй. Бөөр нийлж айлссан ганц худалдан авагчаа оросуудын хатгаасаар зүхдэгээ тунгаа.

Улсаа хөгжүүлэх оюунлаг шударга залуусыг хөгшид мөрөөдөж санааширдаг. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг мууламгүй ч төр засгийн толгойд гарсан улстөр нь миний уран бүтээлийн үзэл баримтлалтай харшилдаг. Гэлээ ч ураны төсөл зүтгүүлж буй ерөнхийлөгчөө ганцаардах вий гэж эмзэглэдэг бөгөөд түүний “хүнсний хувьсгал”, “тэрбум мод”, “цагаан алт” төслүүдийг би уухайлан түрдэг. “Ураны төсөл монголчуудын хэрүүлд унтарснаас оросууд оролцоогүй” гэх танил хүчирхэг комбинаци базвал монголчууд хоёр гараа өргөх нигуртай. Төмөр замын гацааг мултлах арга эв хайж яваа ерөнхий сайддаа баярлууштай. 17 жилийн гацаанаас учирсан хохирол-31,5 тэрбум долларыг Х.Баттулгаас нэхнэ гэж Л.Оюун-Эрдэнэ ил сүржигнэж рейтингээ ахиулдаг ч далдуур Х.Баттулгын зууны хулгайг хаацайлж буйд ХХIзууны залуус мань шиг хууртсангүй.

Улаан орос чинь ах нар юм уу, ах нар маань улаан орос юм уу. Ташуураас өөр зэвсэггүй малчид болъщевикуудад ичгүүргүй бялдуучлаад хүйс тэмтрүүлэлгүй үлдсэн. Сайн долигносныхоо хүчинд голомтоо самруулаагүй нь овоо шүү. Лениний онолд итгэсэн монгол олон ч “итгэлээ” гэж нохойтсон нь цөөнгүй. Тэд 70 жил арьсаа хамгаалж явсаар ардчилал чөлөөт зах зээлтэй золгуут жагслаа. Шар феадлууд зурагтаар ном хурж даврав. Чоймаа монгол бичиг заагаад цэнхэр дэлгэцээс салахаа больсонд үндэсний үзэлтнээр баалуулж явсан яруу найрагч анд минь уйлсан гээд бодчих.

ХХI зуунд дахин ичгүүргүй бялдуучлах уу? Үгүй шүү! Эх орныхоо амин чухал эрх ашгаас яав ч хазайхгүйгээ оросуудад 3,5 саяул шийдмэг нотолж, муусайн удирдагчдаа эрвийх дэрвийхээрээ түшье!Тэд хүн амаа чинээлэг аж төрүүлэхийн төлөө жинхэнээсээ тархиа ширгэтэл чөмгөө дундартал зүтгэг. Ерөнхийлөгчийнхөө санаачлагуудыг дуугарах дуу, тугтрах хүчээ нийлүүлж дэмжье. Нефтээ нэрж-өндөр үнэтэй шатахуунаар холгуулдгаа цэглэе. УЦС, ДЦС-аа урд хөршийнхөө хөрөнгө оруулалтаар эргэж хургалгүй ашиглалтад даруй оруулж, уранаа газрын гүнд уусган баяжуулах аюул багатай технологиор олборлож мөнгөжье. Тэрбум модны ногоон шугуй униартан, гол мөрний ай саваар усан сангууд цэлэлзэн хур бороо элбэгшиж, тариа ногоо дэлгэрч, органик хүнс лангуу дүүрэн бялхаг. Зөнөг өвгөний дэврүү элийрэл биелнэ-харж байгаарай.

Жич: Хөрөнгө оруулагчдыг хуу хөөсөн хууль зохиогч Г.Занданшатар Москвад сэм очоод Монгол Оросын парламентын хамтарсан онцгой комисс байгуулчхав. УИХ-ын 76-гийн шийд үү, эсвэл ганц спикерийн “Салхитын сюрприз” шиг тусгай ажиллагаа юм уу одоо хүртэл таг. ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володин “Энэ комисс байнга ажиллаж, хоёр орны ерөнхийлөгдийн хэлэлцэж тохирсон асуудлыг ажил хэрэг болгох бөгөөд цаашид ямагт тодорхой шийдвэрүүдийг гаргах учиртай. Түүхээ сайн санаж яваарай, мартвал та нарт муу юм болно шүү. Хоёр орны хуулийг уялдуулж хийнэ” гэв.

 

   Дахин сийрүүлсэн 2025-06 11  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна