• Эхлэл
  • Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 болгов

Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 болгов

2025/06/13

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр /2025.06.13/ төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ.


Мөнгөний бодлогын зөвлөл  бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50 хувь байхаар шийдвэрлэжээ.  Тэтгэврийн зээл нь цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил гэж үзсэн байна.

Ингэснээр тэтгэвэр барьцаалсан зээл авахад нийт тэтгэврийнхээ 50 хувийг зээлэнд, үлдсэн 50 хувь нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болж үлдэнэ.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн гуравдугаар сард тэтгэвэр барьцаалсан зээлд тавих шалгуурыг хатууруулсан. Шалгуур хатуурснаар сарын 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан тэтгэврийн зээл авахад 150 мянга нь зээлэнд, үлдсэн 500 мянга нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болж өөрт нь үлддэг болсон. Гэвч шалгуур хатуурснаар бага тэтгэвэр авдаг ахмад настнуудын хувьд дээд тал нь 1.8 сая төгрөгийн тэтгэврийн зээл авахаар хязгаарлагдсан нь асуудал дагуулж, тэтгэврийн зээлд тавих шалгуурыг зөөллөж өгөхийг хүссэн. Энэ дагуу төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл дээрх зохицуулалтыг хийжээ. Гэхдээ ахмадуудын хүссэн хэмжээнд тэтгэврийн зээл олгогдохгүй болж буй. Өмнө нь ахмад настнууд тэтгэврийнхээ 30 хувийг өөртөө үлдээж, 70 хувийг нь тэтгэврийнхээ зээлийг төлөхөд зарцуулж ирсэн. Энэхүү хуучин горимд нь шилжүүлэхийг хүсэж байсан юм.

Мөнгөний бодлогын зөвлөлийн хувьд тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 хувиар тогтоосноос хугацаан дээр хязгаар тавиагүй. Энэ нь тухайн арилжааны банкуудын дотооддоо шийдэх асуудал гэж тооцжээ.

Иймээс хэдий хугацааны тэтгэврийн зээл авах боломжтой вэ гэдгийг зээл олгох банк нь шийдвэрлэх юм байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дээрх шийдвэрийг гаргахдаа дараах хүчин зүйлүүдийг харгалзан үзсэн гэж төв банкны ерөнхийлөгч тодотголоо. Жилийн инфляц алгуур саарч, 2025 оны тавдугаар сард улсын хэмжээнд 8.3 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарлаа. Инфляц ийнхүү саарахад мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон импортын барааны үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлөв. Инфляц хүлээлтээс эрт саарах хандлага ажиглагдаж эхэлсэн хэдий ч зарим  төрийн зохицуулалттай бараа болон үйлчилгээний үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц энэ онд Төв банкны зорилтоос өндөр байх хүлээлт хэвээр байна.

Инфляцийн цаашдын төлөв Засгийн газраас хэрэгжүүлэх төслүүд, түүний санхүүжилт, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан хүнсний үнийн өөрчлөлтөөс хамаарна.

Эдийн засгийн өсөлт 2025 оны нэгдүгээр улиралд 2.4 хувьд хүрч хүлээлтээс бага гарлаа. Голлох эрдэс бүтээгдэхүүний олборлолт буурсан, тээврийн салбарын орлого хурдтай саарсан, татвар, худалдааны салбарын үйлдвэрлэл агшсан зэрэг нь өсөлт саарахад нөлөөллөө. Энэ онд хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэх, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна.

Гадаад орчны хувьд геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын худалдааны бодлоготой холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад эрэлт, түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байна. Харин алт, зэсийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эерэг нөлөөтэй байна.

Тэтгэврийн орлого барьцаалсан зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, тэтгэврийн зээлдэгчдийн хувьд өр төлбөрийн дарамт, санхүүгийн ачаалал өндөр болсон бөгөөд цаашид ч хүндрэх эрсдэлтэй байна. Иймд тэтгэврийн зээлийг зохистой түвшинд нь зохицуулах шаардлага байна.

Дээрх бодлогын шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах замаар инфляцыг 2026 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах, 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд хүргэх Төв банкны зорилттой нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна