• Эхлэл
  • Хавдрын шинэ эмнэлгийн зураг төсөл наадмын дараа дуусна

Хавдрын шинэ эмнэлгийн зураг төсөл наадмын дараа дуусна

2025/07/04

Улсдаа ганц Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын зураг төслийн ажлыг 2025 оны долдугаар сарын 20-нд бүрэн дуусгах гэнэ. Зураг төсөлгүй гэдэг шалтгаанаар олон жил улсын төсвөөс хасагдсан шинэ эмнэлгийн зураг төслийг гурван тэрбум төгрөгөөр "Бодь пропертийз" компани хийхээр тендерт шалгарсан юм. Ажлын хэсгээс тодруулахад "Шинэ эмнэлгийн санхүүгийн асуудал шийдэгдсэн ч эцэслээгүй байна. Зураг төслийн ажил 2025 оны долдугаар сарын 20-нд дуусах бөгөөд ТЭЗҮ бараг дуусч байгаа. Удахгүй эмнэлгийн газар дээр хашаа татаж, барина" гэдгийг хэлсэн юм.

Шинэ эмнэлэг барих асуудлыг олон жил ярьсан ч ажил болгож чадалгүй өдийг хүрсэн. УИХ-ын зарим гишүүд 2025 оны улсын төсөвт шинэ эмнэлгийн дэд бүтцийг хийх 7.9 тэрбум төгрөг төсөвлөх саналыг гаргаж, батлуулсан байдаг.

Энэ талаар тухайн үед Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөхдөө "Дахин өргөн барих 2025 оны төсөвт алдагдлыг 1.4 их наядаар бууруулж, "Соёлын эрхийн бичиг"-ийг хасч, Хавдрын эмнэлгийн барилгын дэд бүтцэд 7.9 тэрбумыг нэмж тавьсан" гэж мэдээлж байв.

Өмнө нь Хавдрын шинэ эмнэлгийг нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Чулуутын аманд барихаар төлөвлөж байсан ч дэд бүтэцгүй гэдэг шалтгаанаар газрыг өөрчилж, Сонгинохайрхан дүүргийн 34 дугээр хороонд 12 га газарт барихаар болсон юм. Тодруулбал, "Найрамдал" олон улсын хүүхдийн зуслангийн наана буюу "Буман-Өлзий" хорооллын орчимд тус эмнэлгийг барина.

Шинэ эмнэлэг барихад нийт 450-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Хавдрын эмнэлгийн хана нь зузаан буюу цацраг идэвхит бодит ялгардаггүй байхаас гадна туяа, цөмийн төвтэй байх гэх мэт олон улсын стандартад нийцсэн хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд хэлж буй.

Одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн барилга нь 1981 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан.

Тэр цагаас хойш нэмэлт барилга барьж, өргөтгөөгүй гэдгийг эмнэлгийн удирдлага хэлж байсан юм. Хавдар судлалын үндэсний төвийн арын хэсэгт өргөтгөлийн ажлыг хийж, 3.7 тэрбум төгрөгөөр олон улсын стандартад нийцсэн дурангийн төв байгуулж байгаа юм. Уг өргөтгөл нь 2025 онд ашиглалтад орох гэнэ.

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн амбулаторийн үзлэгийн тоо жил бүр өсч байгаа харамсалтай статистик бий. Гэвч хавдраар өвдөж байгаа олон мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх улсад ганц байдаг эмнэлгийн тоног төхөөрөмж хүртээмжгүй байгаа талаар өвдсөн иргэд хэлж буй.  Мөн оочер дараалал их байгааг шүүмжилдэг.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан өнгөрсөн тавдугаар сард мэдэгдэл хийж, ирэх арванхоёрдугаар сарын 1-н гэхэд тус эмнэлгийг оочергүй болгоно гэсэн юм.

Тэрбээр "ХСҮТ-ийг ирэх арванхоёрдугаар сар гэхэд ямар нэгэн оочергүй болгоно гэдэг төлөвлөлт гаргасан ажиллаж байгаа. Тэгэхийн тулд төвийн зургаан дүүрэг туламж үйлчилгээнийхээ нэг хувьд хавдрын тусламж үйлчилгээ авах ёстой. Хавдрын эмнэлэгт жилд 28 мянга гаруй хүн оношлогдож, эмчлүүлж явдаг. Үүний 28 мянгыг нь дүүргүүдийн эмнэлэг авна гэсэн үг" гэдгийг онцолж байв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна