• Эхлэл
  • Шинэ Төв цэвэрлэх байгууламж 10-р сард ашиглалтад орно

Шинэ Төв цэвэрлэх байгууламж 10-р сард ашиглалтад орно

2025/07/31

Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ирэх намар ашиглалтад оруулахаар болжээ. Тодруулбал, 2025 оны аравдугаар сард хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг бүрэн зогсоож шинэ цэвэрлэх байгууламжаа ашиглаж эхэлнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн анхны усыг наадмын өдрүүдэд авч туршсан байна.

Хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоон нэг жилийн хугацаатай шинэ цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн туршаад, Улсын комисст хүлээлгэн өгөх юм байна.

Шинэ Төв цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд баригдаж байна. Нийт 17.6 га газрыг ашиглахаар төлөвлөсөн байдаг.

Төслийн нийт өртөг 262.7 сая ам.доллар ба 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг Хятад улс, таван хувь буюу 13.1 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсын тал гарган, хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250 мянган м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой. Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллах юм.


Сэтгэгдэл байхгүй байна