• Эхлэл
  • СОР17-г зохион байгуулахад ЕХОБ-тай хамтран ажиллах сонирхолтой байна

СОР17-г зохион байгуулахад ЕХОБ-тай хамтран ажиллах сонирхолтой байна

2026/02/08

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Улаанбаатарт зохион байгуулах бэлтгэл болон манай улсын дэвшүүлж буй “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус-газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга”-ыг Европын хөрөнгө оруулалтын банкаар дэмжүүлж, хамтран ажиллах сонирхолтой байна.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар ЕХОБ-ны Монгол Улсыг хариуцсан дарга Ралф Аямар, Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен Мург нарыг хүлээн авч уулзах үеэрээ энэ тухай ярилцсаныг тус яам мэдээлэв.

Уулзалтаар байгаль орчин, ойн салбарт Европын Холбоотой хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа өргөн хүрээтэй, идэвхтэй өрнөж байгааг онцолж, COP17 бага хурлын бэлтгэлийг хэлэлцлээ. Ялангуяа Ойн түншлэлийн хүрээнд гарсан үр дүн, ойн салбарын хууль эрх зүй, бодлогын шинэчлэл, хоёр талын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн танилцуулгыг БОУАӨЯ, Ойн газар, бусад оролцогч талтай хамтран зохион байгуулах талаар санал солилцжээ.

Сайд Б.Батбаатар COP17-гийн үр дүнг богино хугацааны төслийн түвшинд хязгаарлахгүй, харин “Steppe Action Agenda”-ийн хүрээнд олон жилийн хугацаанд хэрэгжих уялдаа бүхий хөрөнгө оруулалтын платформ болгон хөгжүүлж, тогтвортой өв болгоход ЕХОБ-ны дэмжлэг чухлыг тэмдэглэжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна