• Эхлэл
  • Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон батлаад байна

Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон батлаад байна

2026/02/09

Монгол Улс гадаад худалдааг төрөлжүүлэх, нэг зах зээлээс хэт хамаарах байдлыг багасгах, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэхээр Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнуудтай гурван жилийн хугацаатай худалдааны түр хэлэлцээр байгуулаад байна.

Монгол Улс, ЕАЭЗХ-ны гишүүн орнууд дотоодын соёрхон батлах явцыг дуусгаж, харилцан нот бичиг солилцсоноос 60 хоногийн дараа худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Одоогоор ОХУ, Бүгд Найрамдах Беларусь, Казакстан улс хэлэлцээрийг соёрхон баталсан бол Бүгд Найрамдах Армени, Киргиз Улсад парламентын хэлэлцүүлгийн түвшинд явж байгааг ЭЗХЯ мэдээллээ.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем (БТКУС)-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифыг тэглэх, багасгах, тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх, хөнгөлөх зэрэг дөрвөн төрлийн зохицуулалтыг хийхээр тохиролцжээ. Энэ нь зөвхөн гаалийн тарифт хамаарах бөгөөд НӨАТ, онцгой албан татварт хамаарахгүй юм.

Монгол Улсаас ЕАЭЗХ-ны зах зээлд экспортлох 367 барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бол ЕАЭЗХ-ноос импортлох барааны 81.7 хувь нь манай улсад үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал эрдэс, химийн, 7.5 хувь нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн байна. Үүний зэрэгцээ улаанбуудай, өндөг зэрэг хүнсний гол нэрийн бараанд квот тогтоож, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн тарифыг хэвээр ногдуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг тусгажээ.

Ингэснээр дотоодод үйлдвэрлэдэггүй, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай бараа, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэж, импортын өртөг багасах, инфляц тооцоход ашигладаг импортын 42 нэр төрлийн бүтээгдэхүүний тарифыг тэглэж, өрхийн хэрэглээний зардал багасах боломжтой. Мөн худалдааг хөнгөвчлөх хүрээнд экспортын бараанд 50-иас дээш хувийн дотоодын гаралтай орц ашигласан тохиолдолд тарифын хөнгөлөлт эдлэх, 5000 еврогоос доош үнийн дүнтэй бараанд гарал үүслийн гэрчилгээг өөрөө мэдүүлэх, эрсдэлийн үнэлгээнд суурилсан шалгалт хийх зэрэг шинэ зохицуулалтыг нэвтрүүлэн бизнесийн зардлыг багасгах нөхцөл бүрдэх юм.

Хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ханган, ОХУ-ын холбогдох байгууллагууд хамтран гадаад худалдааны дүрэм, стандарт, хорио цээрийн шаардлагын талаар цахим сургалт, семинар хийхээс гадна МҮХАҮТ-тай хамтран ЕАЭЗХ-ны зах зээлд экспорт хийхэд тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлох судалгаа хийж, экспортлогчдыг дэмжиж байгаа ажээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна