
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” шашин, соёлын наадам зургадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадам зургадугаар сарын 27-ны 10:00 цагаас Очирваань бурхны тахилга, эзэн богд Чингис хааны сан тахилгаар эхлэх ажээ.
Тус наадмын үеэр улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхийн барилдаан, сур харваа, шагайн харваа, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, есөн дүүргийн ардын авьяастнуудын урлагийн тоглолт болно. Мөн цам харайх ёслол, лам нарын дунд ном хаялцах болон мэтгэлцээний тэмцээн, балин тосон урлалын уралдаан, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын олон арга хэмжээ болох юм.
Их Хүрээ цамыг МБШТ– Гандантэгчэнлин хийд 1999 онд уламжлалт ёс дэг, зан үйлээр нь сэргээн залсан түүхтэй. Энэхүү нандин өвийг дахин сэргээх үйл хэрэгт тус хийдийн ахмад хувраг агсан Д.Данзан, Н.Сэрээтэр нар үнэтэй хувь нэмрээ оруулсан гэж үздэг байна. Наадмын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэг бүхий найман секторт хувааж, 170 гаруй цэгт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглож байгаа юм. Нийт найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд,
- “A” секторт гар урлал, бэлэг дурсгал, соёлын бараа, жижиг дунд үйлвэрлэл эрхлэгчдийн бараа;
- “B”, “С”, “D” , “Е” секторт худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ;
- “F” секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө;
- “G”,“H” секторт есөн дүүргийн соёл, хүндэтгэл, бэлтгэлийн гэр болон асар байрлана.
Өнөөдрийн байдлаар А секторт 50, B, C, D, E секторт 85, F секторт 30 нийт 165 цэгт иргэн, хуулийн этгээд худалдаа, үйлчилгээ гаргахаар бэлтгэж байна. Мөн наадмын үеэр наадмыг зорих иргэдэд автобус үнэ төлбөргүй үйлчлэх аж.



Сэтгэгдэл байхгүй байна