
Энэ оны эхний хагас жилийн хугацаанд Норвегийн Үндэсний баялгийн санд 1.75 их наяд норвег кроны /184 тэрбум ам.доллар/ орлого оржээ.
Тус сангийн менежментийг хариуцдаг Norges Bank Investment Management (NBIM) компаниас танилцуулсан хагас жилийн тайланд дээрх тоог дурдсан байна.
Дэлхий дээрх хамгийн том баялгийн сан болох тус сангийн хөрөнгө оруулалтын өгөөж нь эхний хагас жилд 9.4 хувь байжээ. Орлого нь 1.75 их наяд норвег крон болсон нь тус сангийн түүхэн дэх хагас жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Сангийн ерөнхий захирал Николай Танген-ы ярьснаар, санхүүгийн үзүүлэлтүүд өндөр байсан нь хөрөнгийн биржүүдээс олсон орлоготой холбоотой ажээ. Ялангуяа Азийн технологийн компаниудын хувьцаанууд ихээхэн ашиг авчирсан байна.
Норвегийн Үндэсний баялгийн сан нь зөвхөн хувьцаа худалдан авах төдийгүй өрийн бичиг, үл хөдлөх хөрөнгө болон сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулсаар иржээ. Тус сан нь газрын тос ба байгалийн хийнээс орж буй үлэмж хэмжээний орлогод менежмент хийх зорилготойгоор байгуулагдсан юм.
Энэ оны 6 дугаар сарын 30-ны байдлаар, сангийн актив хөрөнгө 22.683 их наяд норвег крон буюу 2.3 их наяд ам.долларт хүрээд байна.


Сэтгэгдэл байхгүй байна