Монгол Улсынхаа цорын ганц итгэл найдвар, “хонгилын үзүүр дэх гэрэл” болон сүүмэлзэж буй Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-д Ерөнхий сайдыг дагаж явлаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд өнөөдрийн байдлаар тулгараад буй бэрхшээлийг нь сонсож тодорхой шийдвэрүүдийг гаргаад зогсохгүй өөрийн онцгой хяналтад авч үйлдвэрийг дуусгахаар боллоо.
Юуны өмнө Газрын тос боловсруулах үйлдвэр 60 хувьтай байгааг дуулгая. Энэ хувь хэмжээ улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан олонтаа хувирч, олон нийт ч итгэж ядах болсныг нуух юун. Ямартай ч нүдээр үзэж гараар барьж үзлээ. Үйлдвэр барьж байгуулна гэдэг хоосон газарт тариа тарихаас өөр шүү дээ. Хэдэн хувьтайг нь худал хэлэх аргагүй. Орос, Хятадаас төмөр авчраад угсарчихаж гэх аргагүй, өндөр технологийн маш өвөрмөц нарийн бүтэц найрлагатай “төмөр” хийцүүдийг хэдэн бээрийн холоос усан онгоцоор авчирч угсрах нь нүд хуурах ямар ч боломжгүй, ёстой л “мэддэг хүмүүс нь л таних” тийм л төмөр хийц, техник технологи угтлаа. Урьд нь уг үйлдвэрийг очиж үзэж байсан хүмүүс ч энэ удаад бол Газрын тосны үйлдвэр бараг баригдчихжээ, тарьсан мэт ургажээ гэж байна. Юуны өмнө Алтанширээтэд Газрын тосны үйлдвэр “ургуулах”-ын тулд 24 цагийн турш 3 ээлжээр ажиллаж буй нийт ажилтан ажилчид, алс холын Энэтхэг улсаас талын Монголд цаг уурыг тэсвэрлэн ажиллаж буй 700 гаруй зочин ажилчдад баяр хүргэе. Монгол ажилтнуудын хувьд бидэнтэй чөлөөтэй яриад байх зав боломж байсангүй. Тааралдсан заримаас асуухад “Төслийн гүйцэтгэлийн санхүүжилтийг улсын төсвөөс салгахаар шийдвэрлэсэн хуулийг УИХ-аар баталснаас хойш ядрахыг ч мартан яардаг боллоо” гэж байна. Асуудал дотооддоо л байна. Энэ тухай бичье, ичиж зовмоор амархан асуудлууд Ковидынхоос ч хэцүү бэрхшээл болчихоод гацааж байх гэж гэхээс дотоод, гадаад ажилчдаасаа санаа зовж суулаа.
Д.Алтанцэцэг захирлын амин чухал арван хүсэлт
Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн төслийн захирал Д.Алтанцэцэгийн төслөө танилцуулсан хэсгийг та бүхэн зурагтаар үзчих байх. Харин Ерөнхий сайдад аравхан хүсэлт тавьсныг нь товчхон хүргэе.
1. Боловсруулах түүхий тосны хангамж. Анх эднийх Монгол газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ганцхан зорилготой байсан ч зайлшгүй шаардлагаар Монголын анхны алсын замд түүхий тос дамжуулах 527 км урттай магистралл хоолой барихаар болсон. ҮАБЗ-ийн шийдвэр 2021 онд гарч, Засгийн газраас 2022 онд Давст-XXXI талбайг олгосон байдаг. Үйлдвэрийн төсөл өргөжсөн, үүрэг роль нэмэгдсэнтэй холбоотойгоор усны олборлолт буурсан. Хэдийгээр төр засаг ажиллаж байгаа ч үйлдвэр ажиллах минимум хүчин чадал гэж байдаг. Энэ талаар анхаарч өгнө үү.
2. Төсөл хэрэгжүүлэгч компанид асар их татвар хураамж ногдуулж байна. Барилгаа зориулалтын дагуу ажиллаж эхлээгүй. Цахилгаан станцтай болох хүртлээ зардлаа хэмнээд лабораторийн байранд ажиллаж байна. Гэтэл баригдсан бүх барилгад Үл хөдлөх хөрөнгийн татвар гэж зөвхөн энэ жилд л гэхэд 1 тэрбум 237 сая төгрөгийн татвар тавьж байна. Дуусаагүй барилгын гэрчилгээ өгөөч гэж ТӨБЗГ-т хандаж ч үзлээ. Үүнээс гарах ганц гарц нь Үйлдвэрлэл технологийн парк гэдгээр гэрчилгээ авч болох юм байна. Гэтэл үүнийг өгдөггүй. Манайх ҮТП биш юм бол өөр хаана, ямар ҮТП байна вэ гэж асуумаар байна. Хоёр гурван сэндвичэн байшин барьсан төсөлд ҮТП гэрчилгээ өгчихөөд энэ том бүтээн байгуулалт хийж байгаа компанид өгөхгүй юм. Үүнийг шийдэж өгөөч.
3. Үйлдвэр ажиллаж эхлэхэд бүх салбар яамнаас оролцсон томоохон Ажлын хэсэг хэрэгтэй байна. Бүтээн үйлдвэрлээд ачихад хэн ачих вэ? Манай компани, МТЗ ТӨХК, хувийн хэвшлийнхэн гээд чухам хэн хариуцаж хийх вэ? Цаашид яахаа шийдэхгүй байна. Мөн сая Энэтхэгийн Гадаад харилцааны сайд ирэхдээ “Үйлдвэр ажиллуулахдаа байгууламж тус бүр дээр гурван ээлжээр, 20-оос дээш жилийн туршлагатай инженер шаардлагатай гэдгийг хэлсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр бол тэсрэх, дэлбэрэх, галын 001 гэдэг аюултай бүсэд тооцогддог. Манай үйлдвэрийн инженерүүд эхний ээлжинд дагаж ажиллана. Гадаадын чадварлаг, туршлагатай багийн эхний ээлжийнхнийг далд ажлууд хийгдэж байхад авчрах шаардлагатай байна. Тэдний цалин өндөртэй салбар, дэлхий дахинд тогтсон жишигтэй. Үүнийг шийдэж өгөөч.
4. Зураг төслийн магадлал. Аж үйлдвэрийн төслийн зураг төслийг бид харж байгаагүй, мэдэхгүй гэдгээ Барилгын яам, Барилга хөгжлийн төвд 2020 оноос хойш хэлж байгаа, тэд ч мэддэг. Тиймээс ч Газрын тосны үйлдвэрийг дэмжих хууль зориулан баталж байгаад ерөнхий зураг төслийг баталъя, нарийвчилсан магадлалыг мэргэжлийн баг хийж байгаа учраас анхных, туршлагагүй гэдэг үүднээс бид оролцохгүй байя гэж шийдээд тусгасан шүү дээ. Гэтэл EPC-2 төслийн зураг 2 жил батлагдахгүй, ажлыг эхлүүлэхгүй гацааж байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг бол зураг төслөө дуусчихаад баталдаг. Гэтэл энэ үйлдвэрийг тэгж баталбал бүтэхгүй. Блок, хэсэг тус бүрээрээ зураг гардаг үйлдвэрийг заавал бүгдийг нь нийлүүлж батална гэж зүтгээд хэчнээн тайлбарлаад ч ойлгохгүй зүтгээд байх юм. Олон хурал зөвлөгөөн, эксперт, ажлын хэсэг байгууллаа, юу ч шийдсэнгүй. Бид цөхөрч байна. Гаднаас хүмүүсээ авчирчихаад байхад ажил эхлэх зөвшөөрлийг өгөхгүй маш их зовоосон. Жижигхэн барилга, орон сууц барихад зөвшөөрөл амархан өгчихдөг. Төр засгийн шийдвэрээр том үйлдвэр барихад зөвшөөрөл өгөхгүй, бид уйлж байж авсан.
5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг манай салбарын яам өгчих байх гэж найдаж байна. Бас л аймаг, орон нутгийн засаг дарга нарын зөвшөөрлийг авахад саадтай. Эцэстээ хууль, дүрэм журамдаа л асуудал байна.
6. Монгол Улсын тал говь нутагт бетон цутгах чулуу байхгүй гэвэл хүн үнэмшихгүй шүү. Чулуу олж өгдөггүй. Бид гуйгаад л яваад байна.
7. Сангийн сайдаас хүсэхэд, манай дамжуулах хоолой бол нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжиж байгаа төсөл. Дөрвөн гэрээтэй, гол гэрээ нь Глори таун-ЭТТ хоорондын асуудлаас болоод өнгөрсөн 11 дүгээр сараас хойш нүүрс ачигдаагүй. Есөн сар зогсчихсон. Одоо дамжуулах хоолойн гүйцэтгэгчид шаардлага тавих гэхээр нүүрс чинь гацсан гэж ам тагладаг. Татварын Ерөнхий газар тогтмол тоо нүүрс ачилт дээр тавьчихаад, зах зээлийн хэлбэлзэлд ороод ачилт ихэсч багасахыг тооцоолоогүй юм билээ. Үүнийг өөрчлөх шаардлагатай.
8. Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтийн төслүүд дээр санал байна. Үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс эдийн засгийн маш том тулгууртай болох гэж байна. Үүнийхээ сонирхлыг хамгаалж өгөөч. Бидний оруулсан саналыг хуулийн төсөл дээр ажиллаж буй Ажлын хэсгүүд хасчихаад байдаг. Бид хувийн эрх ашгийнхаа төлөө заалт оруулаагүй. Улс яаж хяналт тавих вэ, төр засаг газрын тос боловсруулах үйлдвэрлэл, нефть химийн салбараа гартаа авдаг болох боломж бүрдүүлэхийн тулд тусгасан жаахан засвар оруулж өгөөч.
9. Манай компанийг “Эрдэнэс Монгол”-д нэгтгэснийг би хувьдаа зөв гэж боддоггүй, Ерөнхий сайд аа. Тухайн үед, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед Хөгжлийн банк гэнэт манай цалинг тавихаа больчихсон. Түүнээс болоод тухайн үеийн Засгийн газар манай үйлдвэрийг 20 инженерээ алдсаны дараа “Ядаж урсгал зардлыг нь санхүүжүүлье” гээд “Эрдэнэс Монгол”-д нэгтгэсэн. Урсгал зардлаа өнгөрсөн 3 дугаар сараас хойш “Эрдэнэс Монгол”-оос авч байгаа. Гэхдээ Хөгжлийн банк шиг ижилхэн буюу 13 хувийн хүүтэйгээр толгой компаниасаа охин компани нь зээлж байна. Тухайн үед эсэргүүцээд дийлээгүй. Буланд шахагдсан. “Та цалингаа тавихыг хүсч байвал толгой компаниасаа 13 хувийн хүүтэй зээлж болно, эсвэл боль” гэсэн. Яагаад төрийн өмчит компани нэгэндээ буюу толгой компани нь охин компанидаа мөнгө хүүлж зээлүүлэх ёстой юм бэ гэв. /Энэ асуудлын талаар албаны эх сурвалжаас тодруулахад харилцан хамаарал бүхий компаниуд хоорондын буюу товчхондоо татвараас зайлсхийх байдлыг хаасан Татварын тухай хуульд заасан зохицуулалттай холбоотой. Татварын тухай хуульд өөрчлөлт оруулж байж л энэ байдлыг засах боломжтой гэж хариулсан юм/.
Хөгжлийн банк 2018 онд манай компанийн хийж байгаа дэд бүтэц, барилга байгууламж, урсгал зардалд зориулж 248 сая төгрөгийн зээлийн шугам нээчихээд, саяхан өнгөрсөн 6 дугаар сард тус банкны ТУЗ нь дээрх зардлаас 37 тэрбум төгрөгийг хасаж баталсан. Яагаад? “Та нар Эрдэнэс Монголоос урсгал зардлаа авдаг учраас” гэнэ. Бид нэг төгрөг ч өөр зориулалтаар зарцуулаагүй. Хөгжлийн банкнаас томилсон удаа дараагийн хяналт шалгалтаар “Авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулсан цор ганц компани” гэдэг нь батлагдсан. Үнэндээ манай урсгал зардал маш бага. Орон тоо огт нэмдэггүй. Ийм том бүтээн байгуулалт хийж байгаа мөртөө 80 орчим хүн, ганцхан машинтайгаар дөрвөн жил ажилласан. Энэ бол аймаар хүнд нөхцөл. Хүнээ нэмэхгүй, боловсон хүчнээ бэлтгэхгүй бол дараа нь бидэнд маш үнэтэй тусна шүү. Нэг хүнээс гурван сая төгрөг харамласныхаа төлөө 5 жилийн дараа 10 мянган ам.долларын цалингаар ажилтан урина. Том хохирол амсана гэдэг эрсдлийг сануулъя.
10. Шивээ дэд станцын өргөтгөл, холболт. Газрын тос боловсруулах үйлдвэр бол өөр хоорондоо үл хамаарах гурван эх үүсвэртэй байх ёстой гэж Эрчим хүчний яам өөрөө шаарддаг. Манай станц өөрийгөө бүрэн хангадаг. Гэнэтийн эрсдэлд учирвал манай дизель генераторууд, гол байгууламжууд нөхөж ажиллана. Гэтэл Монгол Улсын хууль тогтоомж болон салбарын яамны шаардсанаар барилга угсралтын шатанд хэрэглэж буй Шивээт станцыг өргөтгөж байна. Өргөтгөлийн ажил дээр санхүүжилтийг нэмж өгөөч, дизель түлшний үнийн өөрчлөлтөөс эхлээд зардал нэлээд өссөн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгөөч.
За, товчлоход ийм хүсэлтүүд тавьсан. Ерөнхий сайд Н.Учрал хэрхэн хариулсныг төгсгөлд өгүүлье.
Элчин сайд Атул Малхари: Энэтхэгээс хяналт шалгалтын баг ирэхийг хүлээж байна
БНЭнэтхэг улсын Элчин сайд Атул Малхари хэлэхдээ “Миний бие БНЭнэтхэг улстай оюун санааны ахан дүүсийн харилцаатай Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирээд Ерөнхий сайд Н.Учрал таныг ЗГХЭГ-ын дарга байхад нь уулзаж байсан. Тэр үед бид Н.Учрал сайдаас уг төслийн дөрвөн багц ажлын эхнийх дээр Улсын комисс ажиллуулж өгөхийг гуйж байв. Үр дүнд нь эхний багц ажлыг Улсын комисс ажилуулж өгч, эдүгээ 4-р багц дээр амжилттай ажиллаж байна. Шулуухан хэлэхэд, Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхад болон тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж та бүхний зааварчилгаа, удирдлага дор энэ төсөл хурдацтай урагшилж байсан. Тиймээс энэ төслийг ашиглалтад оруулахад тулгараад байгаа асуудлуудыг Та бүгдийг нь шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Мөн тэрбээр "Энэ удаад Засгийн газраас уг төслийн гүйцэтгэлийн санхүүжилтийг улсын төсвөөс салгахаар шийдвэрлэсэн хуулийн төслийг УИХ-аар батлуулсан, нийт 16 сав газарт хайгуулын ажил хийх олон улсын тендер зарласан нь Монголын төр, засаг Газрын тос боловсруулах төсөлд ямар их анхаарал тавьж буйг харуулж байна. Энэ оны зургаадугаар сард Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчлахдаа тус үйлдвэрийн ирж ажилласан. Энэ үеэр Энэтхэгээс өндөр дээд хэмжээний хяналт, шалгалтын багийг энэ төсөл дээр оруулахаар болсон. Бид шалгалтын багийг хүлээж байна гэсэн мэдээллийг өгсөн юм.
Гайхамшиг үргэлжилсээр... Мега төсөл гэж үүнийг л хэлдэг байх
Анх эднийх Монгол газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ганцхан зорилготой байсан ч зайлшгүй шаардлагаар Монголын анхны алсын замд түүхий тос дамжуулах 527 км урттай магистралл хоолой барихаар болсон. Мөн 2018 оноос эхлэн төмөр зам, хүнд даацын автозам, эрчим хүчний сүлжээ, эмнэлэг, ирээдүйд тус үйлдвэрт ажиллах 3000 орчим ажилчдадаа хотхон барьж байна. Усны эх үүсвэр буюу үйлдвэрээс 40 орчим км зайд байрлах Бор хөөврийн говийн гүний усны орд дээр 11 худаг байршуулж станц байгуулсан, үйлдвэрийг усаар хангах 30000 м.куб багтаамжтай, 5м гүн усан сан, шугам хоолой зэрэг эхний төсөлд технологийн бус маш олон барилга байгууламжийг Ковидын үед барьж эхэлсэн, 2024 оны 11 дүгээр сард ашиглалтад оржээ.
Дараагийн багц ажилд үүнийг дагалдуулах технологийн байгууламжуудын ажил эхэлж байгаа юм. Атмосферийн болон Вакуум гээд хоёр нэрлэгийн байгууламж, хий ялгах байгууламж, газрын тос болон завсрын бүтээгдэхүүний агуулах сав, шингэрүүлсэн хийн сан болон шугам хоолой зэрэг маш олон ажил байдаг аж.
Аж үйлдвэрийн төслийн хувьд инженерчлэлийн загварчлал гэгч хамгийн их цаг хугацаа, тооцоо судалгаа ордог ажил байдаг юм байна. Инженерчлэлийн загварчлалын хамгийн сүүлчийн үе хүртэл 30, 60, 90 хувийн гүйцэтгэлээр очиж шалгадаг. 30 хувийн гүйцэтгэл дээр тоног төхөөрөмжүүдийг тодорхойлсон хэмжээ, загварын дагуу захиалдаг. Тэгэхээр бидний мэдэх “шахаа” гэгч байх зүү орох ч зай завсар алга. Ширхэг эрэг боолт, жийргэвчийг ч шууд худалдаж авдаггүй, бүгд заасан үйлдвэрээс тусгайлан загвар, хэмжээгээр захиалж авдаг. 2-р шатны инженерчлэлийн ажлыг Испанийн Intecsa компани гүйцэтгэж зөвхөн “Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-д зориулсан загварчлалыг хийдэг. Нийт хэрэгцээтэй гол тоног төхөөрөмжийн 70-аад хувийг нь Энэтхэгийн хагас хойгийн хотуудад үйлдвэрлэгддэг. Гэхдээ Энэтхэгт үйлдвэрлэгддэггүй тоног төхөөрөмжүүдийг Герман, Франц, АНУ зэрэг улсын компаниудаас авдаг. Үйлдвэрийн 4-р багц дээр ажиллаж буй MEIL компани өөрөө дөрвөн үйлдвэртэй үйлдвэрлэгч. Эднийх нефть химийн салбарын тоног төхөөрөмж, тэр ч байтугай газрын тосны onshore, offshore цамхгуудыг үйлдвэрлэдэг. Далд шугам хоолойг ихэнхийг нь хийгээд дуусчихсан болохоор харагдахгүй. Ил шугам хоолойгоос 263 км, үүнд асар их ган ордог. Зөвхөн 2,3-р багц нийлээд 25 мянган тонн ган орсон байх жишээтэй. Саяхан 2-р багцийн хамгийн том, овор ихтэй байгууламж Энэтхэгийн Арабын тэнгис дэх Мубайн боомтоос ачигдаж, Хятадын Номхон далайн Тяньжин боомт дээр буугаад, газраар Хятад, Монголын хил дээр ирж хоёр удаагийн амжилттай том тээвэрлэлт хийж авчирлаа. Энэ хоёр цамхгийн жин нь доторх тоноглолгүйгээр нэг нь 246 тонн, нөгөө нь 233 тонн хүнд. Гэтэл Монголд хамгийн хүнддээ 250 тоннын кран л байдаг. Ингээд 1250 тоннын даацтай краныг тусгайлан захиалж хоёр цамхгаа өргөсөн гэнэ.
3-р багцийн онцлог нь үйлдвэрийг дагалддаг шингэн түлшээр ажилладаг Цахилгаан станц. Зөвхөн цахилгаан, дулаан үйлдвэрлэхээс гадна үйлдвэрийн хэрэгцээнд шаардлагатай хурц уур үйлдвэрлэдэг. Үүний хоёр ширхэг турбин генераторыг Германы Siemens-т, уурын генератор нь Испанийн Woods-ийн охин компанид захиалсан хийгдэж байна.
4-р багц. Нэмэлт шаардлагатай санхүүжилт 2024 оны 12 дугаар сард Энэтхэгийн талаас батлагдаад, 1-р сарын 23-нд УИХ соёрхон батлаад 2025 оны 2 дугаар сарын 6-нд сүүлийн багц ажлын гэрээг байгуулсан. Үйлдвэр бүх багц ажил дууссаны дараа ажиллаж эхэлнэ.
Нэрлэгийн байгууламжуудаас гарч буй түлш шатахуун бүгд түүхий, шууд аваад хэрэглэж болдоггүй. Заавал гүн боловсруулалт хийж цэвэрлэж байж хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинг хордуулахгүй, шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хаана ч хийсэн заавал Shell, Honeywell зэрэг технологи зохиогчдын лицензээр үйлдвэрлэсэн байх ёстой байдаг. Ингээд гэрээ оройтож байгуулагдсан, цаг их алдсан тул яаравчлах үүднээс Intecsa, Chemtex хоёр компанид зэрэг хувааж өгсөн байдаг.
ТЭЗҮ хийгээд л үйлдвэр барьчихдаг гэдэг буруу ойлголт байдаг. Аж үйлдвэрийн төсөлд ТЭЗҮ-ийн дараа үндсэн дизайн, Basic дизайн, Front-end дизайн гарч байж тендер зарладаг. Basic дизайн гараагүй бол хэн ч тендерт оролцдоггүй гэж байна лээ шүү. Ингээд тендер шалгаруулж гүйцэтгэгч тодорсны дараа нарийвчилсан зураг төсөл, инженерингийн ажил, худалдах худалдан авах, талбайн бэлтгэл ажил, суурийн ажил хийгддэг. Яг одоо хаана явна вэ гэвэл шугам хоолой суурилуулж, тоног төхөөрөмжөө босгож байна. Үүний дараа цахилгааны, автоматжуулалтын тоноглолуудыг хийгээд шалгаж тестлээд Улсын комисст хүлээлгэн өгөх нь ээ.
“Норинко” ажлаа хийгээд бараг дуусчээ
Газрын тос дамжуулах хоолой буюу өнөөх “Норинко”-ийн барьсан хоолойн ажил үндсэндээ дуусаад хамгийн сүүлд эрчим хүчний асуудлаа шийджээ. Газрын гүнд 2.8-3 км-т булсан шугам байдаг, боловсруулах үйлдвэрийг “Давст-31” талбай буюу одоо газрын тос олборлож буй “Дачин” компанийн 19-р талбайн том боловсруулах байгууламжтай холбох үүрэгтэй юм. Энэ шугам 528 км үргэлжилдэг. Байгалийн унаган төрх, мал амьтны шилжих хөдөлгөөнд огт саадгүй. Гэвч ийм урт үргэлжилсэн шугамыг тавихад хэдийгээр хятадууд ажлын даалгаврынхаа дагуу технологийн зам тавьсан боловч зүүн бүсийн замуудыг хүнд даацын машинууд нэлээд эвдэж сүйтгэсэн. Ямартай ч шугамын ажлаа дуусгаад, дөрвөн төрлийн тест хийгдээд, булаад, гагначихсан, одоо зөвхөн станцын барилга угсралтын ажил хийгдэж буй гэнэ. Энэ жилдээ бүрэн дуусна. Үйлдвэрийн төсөл дуусахаас найман сарын дараа дуусгах ёстой учраас хяналт тавьж буй “Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл” ТӨХХК-иас тэгтлээ хугацаагаар шахаагүй. Учир нь энэ хоолой хөнгөн дизель ч юмуу ямар нэг нүүрс устөрөгчөөр дүүрэн байх ёстой учраас үйлдвэрээс түрүүлээд дуусчихаж болдоггүй гэнэ.
Дүгнэлт: Ерөнхий сайд Газрын тос боловсруулах үйлдвэр төслийн “галыг” өөртөө авсан нь найдвар төрүүллээ
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгийн хүсэлтэд Гүйцэтгэх засаглалын тэргүүн ямар хариулт өгсөн бэ.
Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Атул Малхари болон тус улсаас ирж ажиллаж буй ажилтан, мэргэжилтнүүд, төслийн удирдлагууд болон нийт албан хаагчдад талархал илэрхийлж, дээрх тулгамдсан асуудлын талаарх санал бодлоо хуваалцлаа. Хамгийн гол нь асуудлыг газар дээр нь шийдвэрлэж холбогдох салбарын удирдлагуудад нэр зааж үүрэг даалгавар өгсөн. Харин УИХ-аар хэлэлцүүлж батлах асуудлуудыг намрын чуулган эхлэхэд нэн яаралтайгаар өргөн барьж шийдүүлэхээ амлав.
Газрын тос боловсруулах үйлдвэрт өргөн бүрэлдэхүүнтэйгээр бүтэн өдөр ажилласны дүнд нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох салбарын яам, агентлаг, газар, хэлтэс гэхчлэн шат дараалан албан тушаалтан тус бүрт дамжихаас илүүтэй цаг алдахгүйн тулд өөрийн биеэр энэ төслийг хариуцаж байнга анхаарал тавьж ажиллахаар болов. Үүнд төсөлд оролцогч бүхэн алга ташин баярласан нь цаанаа нэгийг өгүүлнэ. Ерөнхий сайд Н.Учрал Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг дуусгах эрх, үүргийг өөртөө авсны дүнд хамгийн богино хугацаанд дуусах нь гэсэн бүрэн итгэлтэй болж буй нь хүн бүрийн нүднээс тодорхой уншигдаж бөөн найдвар, дүүрэн урам зоригтой үлдлээ. Энэ бол зөвхөн төслийн ажилчдын бус монголчуудын мөрөөдөл хүсэл билээ.
Төгсгөлд нь нийт уншигчдынхаа өмнөөс “Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл” ТӨХХК-ийн ажилтан ажилчдаас гадна үйлдвэрлэл, инженерчлэл дээр 3700 энэтхэг, 500 хятад, мөн хилийн чанадаас тус үйлдвэрийн төлөө ажиллаж буй бүх хамтран зүтгэгчдэд ажлын өндөр амжилт хүсэж “Баярлалаа” гэж хэлье.
Нийтлэлч У.Оргилмаа


Сэтгэгдэл байхгүй байна