Монголын эдийн засгийн амьдралд нэн сонирхолтой “шинэ хууль” үйлчилж эхэллээ. Үндэсний статистикийн хорооныхоор бидний ууж буй ус, ундаа, идэж буй мах Монгол Улсыг бүхэлд нь үнийн өсөлтийн шуурга руу чирч оруулсан гэнэ. 2026 оны долоодугаар сарын байдлаар жилийн инфляц 13 хувьд хүрсэн нь Монголбанкны тодорхойлсон албан ёсны 7 хувийн зорилтоос даруй 6 хувиар давж харайв. Хэрэглээний үнийн индексийн энэ өсөлтийн 7 хувь буюу хэвлэл мэдээллээр яриад байгаа 53.7 хувийн өсөлтийг хүнсний багц, тэр дундаа мах, ус, ундаа эзэлсэн гэнэ. Тухайлбал, 52.4 хувиар өссөн махны үнэ инфляцын гол “буруутан”-аар тодорчээ.
Энэ тайлбараар бол монголчууд ус бага ууж, ундаанаас (чихэргүй ч байсан) татгалзаж, мах идэхээ больчихвол инфляц шидэт дохиураар зангасан мэт 0 хувь руу буух бололтой. Гэвч Австрийн эдийн засгийн сургуулийг үндэслэгч Людвиг фон Мизес (Ludwig von Mises), түүний үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч Хэнри Хэзлитт (Henry Hazlitt), Төв Европын орчин үеийн либертари эдийн засагч Йозеф Шима (Josef Šíma) нарын онолоор харвал инээдэмтэй атлаа эмгэнэлтэй төөрөгдөл.
Үгэн тоглоом ба инфляцын жинхэнэ утга
Австрийн сургуулийн хамгийн бат бөх багана бол терминологийн зарчим юм. Мизес өөрийн зангилаа бүтээлүүддээ инфляц гэдгийн утгыг санаатай болон санамсаргүйгээр өөрчилсөн явдал бол XX, XXI зууны хамгийн шигшүүрт заль мэх гэж сануулсан байдаг.
Уламжлалт болоод сонгодог эдийн засагт инфляц гэдэг нь мөнгө болон зээлийн нийлүүлэлт үндэслэлгүйгээр тэлэхийг хэлдэг. Харин үнийн өсөлт (general rise in prices) нь уг мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөөс үүдэн гарч буй үр дагавар юм.
Гэвч өнөөгийн төрийн байгууллага, Төв банкнууд инфляцийг “хэрэглээний үнийн өсөлт” гэж шинээр дахин тодорхойлсон. Ингэснээр тэд өөрсдийн хийсэн хэрэг буюу мөнгө хэвлэх, зээл тэлэх үйлдлээ нуун дарагдуулж, хариуцлагыг зах зээлийн оролцогчид руу, тухайлбал махны чэнж, ус ундаа үйлдвэрлэгч, цаашлаад байгалийн ган, зуд руу чихэх боломжтой гаргаж авсан юм.
Хэнри Хэзлитт “Эдийн засаг ганц зарчмаар” (Economics in One Lesson) номдоо “Үнийн өсөлт бол инфляц биш, харин инфляцын шинж тэмдэг. Ханиад хүрсэн хүн халуурдаг шиг. Халуурахад мөсөн жин тавилаа гээд өвчнийг эдгээхгүйтэй адил, үнийн өсөлтийг буруутгалаа гээд мөнгөний тэлэлтийг зогсоохгүй” гэж бичжээ.
Тэгэхээр мах, ус, ундааны үнэ өссөн нь инфляцын шалтгаан ерөөсөө биш. Үнэ гэдэг бол зах зээл дээрх мөнгөний хэмжээ, бараа үйлчилгээний харьцааны илэрхийлэл. Мөнгөний нийлүүлэлт огцом өсч, барааны хэмжээ тэр чинээгээр өсөөгүй нөхцөлд нэгж бараанд ногдох мөнгөний хэмжээ ихэснэ. Өөрөөр хэлбэл, мах, усны үнэ өссөн юм биш, төгрөгийн худалдан авах чадвар шалан дээр унасан учраас мах, усны үнэ нэмэгдсэн байж таарна. Энэ бол энгийн логик.
Монгол төгрөг ба зээлийн нийлүүлэлт
Төгрөгийн үнэ цэнийн уналт хаанаас эхтэй вэ? Хариулт нь маш тодорхой, Монголбанкны мөнгөний бодлого болон Засгийн газрын төсвийн данхайсан тэлэлт.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, П.Цэнгүүн нарын удаа дараа сануулж, шүүмжилж буйчлан, Монголбанкны мөнгөний нийлүүлэлт (М2) болон зээлийн тэлэлт сүүлийн жилүүдэд зах зээлийн хуулийг зөрчин асар хурдацтай өссөн. М2 мөнгөний нийлүүлэлт жилийн 20-30 хувиар цүлхийтэл тэлж байхад эдийн засгийн бодит үйлдвэрлэл, бүтээмж хэдэн хувиар өсөв? Үйлдвэрлэл 5 хувь өсч байхад мөнгөний нийлүүлэлтийг 25 хувиар тэлбэл зөрүү 20 хувь нь шууд үнийн өсөлт болж хиншүү ханхлуулдаг нь Мизесийн томьёолсон эдийн засгийн ашиг сонирхлын хууль юм.
Австрийн сургуулийн үндсэн онолын нэг Зээлийн циклын онолоор (Austrian Business Cycle Theory):
-
Төв банк зээлийн хүүг зах зээлийн бус аргаар (хиймлээр) бууруулдаг.
-
Ингэснээр арилжааны банкуудаар дамжин зээлийн асар том тэлэлт (credit expansion) явагдана.
-
Энэ хямд мөнгө нь эдийн засагт буруу хөрөнгө оруулалт буюу malinvestment-ийг бий болгодог.
Монголын хөрсөн дээр энэ онол яаж ороолон шиг босож ирсэн бэ? Хамгийн тодорхой жишээ бол хөнгөлөлттэй ипотекийн зээл, янз бүрийн нэртэй сонгууль угтсан хөнгөлөлттэй хөтөлбөрүүд. Зах зээлийн бодит хүү 16-18 хувь байхад төрөөс 6-8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг мөнгө хэвлэн санхүүжүүлсэн. Ингэснээр зах зээлийн жам ёсоор аяндаа хуримтлагдаагүй, бодит хадгаламжаар баталгаажаагүй “хиймэл” төгрөг үүсгэсэн.
Ийм замаар бий болсон хиймэл мөнгө барилгын салбар, хэрэглээний зах зээл рүү цутган орж, улмаар үл хөдлөх хөрөнгийн үнийг хөөргөдөж, цаашлаад өргөн хэрэглээний барааны үнэд шууд болон дам нөлөөлсөн. Зээл тэлж, М2 өсөхийн хэрээр хүмүүсийн гар дээрх мөнгөний худалдан авах чадвар буурч, улмаар дэлгүүрийн лангуун дээрх барааны үнэ өсөхөөс ондоо гарцгүй болдог.
Баячуудыг тэтгэж, ядуусыг шулдаг “Кантиллон эффект”
Мөнгө хэвлэж тараахад бүх барааны үнэ нэг цагт, ижил хувь хэмжээгээр, жигд өсдөггүй. Энэ үзэгдлийг Францын эдийн засагч Ришар Кантиллон (Richard Cantillon) нээж, хожим Мизес, Хайек нар гүнзгийрүүлсэн бөгөөд “Кантиллон эффект” гэдэг.
Мөнгө хэвлэх, эсвэл зээл олгох замаар бэлэн мөнгөний нийлүүлэлтийг тэлэхэд шинэ мөнгө эдийн засагт нэг цагт, тэгш хуваарилагдаж ордоггүй. Тодорхой нэг цэгээр дамжин орж ирдэг.
Монголбанк/Төр
│
▼ (Шинэ мөнгө/Хөнгөлөлттэй зээл)
Засгийн газрын гүйцэтгэгчид, Ипотекийн давуу эрхтэй зээлдэгчид, арилжааны банкууд
│ ──► (Үнэ өсөхөөс өмнө шинэ мөнгийг бүтэн үнэ цэнээр нь зарцуулна)
▼
Барилгын салбар, том ханган нийлүүлэгчид
│
▼
Дундаж ба барилгын ажилчид
│
▼ (Мөнгө эдийн засагт тунаж, үнэ хэдийнэ өссөн)
Тэтгэврийнхэн, хувийн жижиг бизнесүүд, тогтмол цалинтай болон бага орлоготой иргэд
Анхны хүлээн авагчид: Төрөөстендер авч буй компаниуд, хөнгөлөлттэй ипотекийн зээлийг хамгийн эхэнд хүртсэн иргэд, төрийн мега дэд бүтцийн төслийг гүйцэтгэгчид шинэ мөнгөний худалдан авах чадвар буураагүй байхад (хуучин үнээр) шүүрэн авч зарцуулдаг. Тэд ашиг хийдэг.
Эцсийн хүлээн авагчид: Шинэ хэвлэгдсэн мөнгө гар дээр нь очиход эдийн засагт бараа үйлчилгээний үнэ хэдийнэ өсчихсөн байдаг. Эд нар бол тогтмол цалинтай ажилчид, тэтгэврийнхэн, малчид, хувийн жижиг бизнес эрхлэгчид.
Тэгэхээр Кантиллон эффект гэдэг бол Төв банкны мөнгөний нийлүүлэлтийг тэлэх замаар “нийгмийн нэг хэсгээс (ядуу болон дунд давхарга) баялагийг нь хураан авч, өөр нэг хэсэгт (төрд ойр давуу талтай болон томоохон зээлдэгчид) нь бэлэглэх” далд механизм юм.
Монголд ипотекийн зээл аваагүй, төрийн тендерт оролцдоггүй энгийн багш, эсвэл эмч дэлгүүрээс мах, ус авахдаа бусдын хүртсэн, зах зээл дээр баймгүй хямд зээлийн хүүгийн зөрүүг цалингийнхаа худалдан авах чадвараар бодитоор төлөөд явж байна гэсэн үг. Энгүүнээр хэлбэл, бид баячуудын авсан зээлийн хүүгийн талаас илүүг нь төлөхийн төлөө чардайж явна.
Ус яг хэзээнээс Төв банкны бодлогод нөлөөлж эхэлсэн бэ
Статистикийн үндэсний хороо, Засгийн газар, Төв банкны хэвлэлийн төлөөлөгчдийн тайлбар даапаалах шиг сонстоно. “2026 оны долоодугаар сард инфляц 13 хувьд хүрсний гол шалтгаан нь ус, ундаа, махны үнийн өсөлт юм” гэнэ.
Асуудлыг эрүүл саруул ухаанаар харцгаая. Усыг дээдэлдэг өвгөдийнхөө сургаалаар Монголбанкны Мөнгөний бодлогын хороо үнэ цэнийг нь “чандмань эрдэнэ”-ийн зэрэгт аваачив уу? Ус, ундааны үйлдвэрүүд хэзээдээ мөнгөний нийлүүлэлтийг тэлэх хууль зүйн эрх мэдэлтэй болчхов?
Тэдний логикоор бол асуудлыг шийдэх ихээ амархан. Инфляцын буруутан нь ус юм бол монголчууд одооноос тарвага шиг ус уухаа больчихъё. Бас ундаанаас татгалзаад, мах идэхээ зогсоочихвол Монгол Улс шууд Америк, Швейцарийг давсан үнийн тогтвортой бүс нутаг болох нь ээ. Ус уухгүй бол инфляц буучих юм шиг ийм мангуу логик бол төрийн байгууллагууд өөрсдийн үйлдсэн “мөнгөний гэмт хэрэг”-ийг жам ёсны болоод хэрэглээний хүчин зүйл рүү чихэж байгаа хамгийн хөгийн тайлбар.
Мөнгөний нийлүүлэлт (М2)-ийг асар ихээр тэлчихээд, арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй зээлийн хөөс үүсгэчихээд, төсвийн алдагдлаа хэдэн их наядаар нь нэмчихээд ундаа, ус “нарыг” буруутнаар тодруулчихаад сууж байна. Ус мөнгө хэвлээгүй, малаа хариулж яваа малчин алдагдалтай төсөв батлаагүй.
Гал команд өөрсдөө бензин цацаж байшин шатаачихаад, “галын шалтгаан бол амархан шатдаг байшингийн модон хийц” гэж хэвлэлийн хурал хийж байгаа шиг тайлбар тавих ажээ. Модон хаалга шатах нь физикийн хууль, гал сөнөөгчийн цацсан бензин галын шалтгаан. Үүнтэй адил төгрөгийн худалдан авах чадвар буурахад мах, усны үнэ өсөх нь эдийн засгийн хууль. Харин Төв банк төгрөгийн үнэ цэн рүү “бензин цацаад” шатааж байна.
Инфляц бол хуульчлагдаагүй, далд татвар
Йозеф Шима нар төрийн монопол мөнгөний систем болоод инфляцийг симуляцийн тоглоом биш, ёс суртахууны доройтол гэж тодорхойлдог.
Төр хэзээ ч парламентын чуулганаар “Бид иргэдийнхээ хадгаламжийн 13 хувийг татвараар суутгаж авах уу” гэдэг санал хураадаггүй. Хэрэвзээ тийм татвар баталвал иргэд маргааш нь л гудамжинд гарна. Тиймээс төр зальжин арга хэрэглэдэг:
-
Сонгуульд зориулсан амлалт өгч төсвийг асар ихээр тэлнэ.
-
Тэр зардлаа санхүүжүүлэхийн тулд Төв банкаар мөнгө хэвлүүлж, зээлийг нэмнэ.
-
Нэгэнт эдийн засагт их мөнгө ороод ирэхээр барааны үнэ өсч таарна.
-
Иргэдийн дансан дахь 100 сая төгрөгийн хадгаламж жилийн дараа далд инфляцын нөлөөгөөр 87 сая төгрөгийн худалдан авах чадвартай болно.
Ингэж төр иргэнийхээ 13 сая төгрөгийг “хулгайлах” буюу хуульчлагдаагүй татвар (unlegislated tax) авдаг. Халаасны хулгайчаас ялгаагүй.
Хоржоонтой нь, иргэд энэ далд татварыг төрд төлж байгаагаа ухамсарлахгүйгээр “Дэлгүүрийн эзэн үнээ нэмчихэж”, “Усны үйлдвэр үнээ өсгөчихөж”, “Махны чэнжийн шунал дийлдэхгүй” гэхчлэн нэгнээ муулж, хоорондоо хэрэлдэнэ. Энэ бол Төв банк, Засгийн газар хоёрын чимээгүйхэн хийдэг, өөрсдөд нь ашигтай далд хуваарилалтын үр дүн.
Дүгнэлт ба шийдэл
Монголын инфляц 13 хувьд хүрсэн нь байгалийн давагдашгүй хүчин зүйл биш, бас ус, ундааны үйлдвэрт падлийгүй. Монголбанк, Засгийн газар хоёрын зах зээлийн хуулийн эсрэг явуулсан мөнгө, зээлийн тэлэлтийн бодит үр дагавар. Монголбанк нэг гараараа бодлогын хүүгээ 12 хувь болгон чангаруулж байгаа мэт харагдавч, нөгөө гараараа 16 их наяд төгрөгийн 6-8 хувийн татаастай, хөнгөлөлттэй зээлээр зах зээлийг бөмбөгдсөөр байгаа. Бодлогын хүү болон татаастай зээлийн хүүгийн нугарсан том зөрүү нь мөнгөний машин зогсоогүйг, бас инфляцийн жинхэнэ эх үүсвэр нь иргэдийн хэрэглээ биш, төрийн татаастай зээлийн тэлэлт гэдгийг бэлхнээ нотолж байна. Австрийн эдийн засгийн сургуулийн үзэл баримтлалаас харвал энэ зохиомол хямралаас гарах шийдлүүд нь маш тодорхой, зарчимч байдаг:
-
Төв банкны мөнгө хэвлэлт, зээлийн тэлэлтийг нэн даруй зогсоох: М2 мөнгөний өсөлтийг бодит эдийн засгийн өсөлттэй нь уях, эсвэл мөнгөний нийлүүлэлтийг бүр хатуу хязгаарлах.
-
Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдээс бүрэн татгалзах: Ипотек болон бусад салбарт төрөөс хүүг хиймлээр бууруулж өгдөг бүх механизмаас татгалзаж, хүүг зах зээлийн чөлөөт эрэлт нийлүүлэлтээр тогтоох.
-
Төсвийн сахилга бат: Засгийн газар төсвийн алдагдлаа тэглэж, үр ашиггүй асар том дэд бүтэц, сонгуулийн шинжтэй халамжийн зардлуудаа танах.
-
Мөнгөний монополийг халах: Иргэдэд зөвхөн төгрөг бус, бусад баталгаатай валют, үнэт металл, чөлөөт сонголтоор төлбөр тооцоо хийх боломжийг олгох.
Бид ус, ундаа руу инфляцын бурууг чихэж, инээдтэй тайлбараар ард иргэдийнхээ толгойг эргүүлсээр байх уу? Эсвэл асуудлын цөм-Монголбанк гэдэг мөнгөний машинаа зогсоож, төсвийн хариуцлагагүй явдлаа хазаарлах уу?
Мизес “Засгийн газар мөнгөний худалдан авах чадварыг хамгаалж чадахгүй, яагаад гэвэл Засгийн газар өөрөө түүнийг сүйтгэгч нь” гэж сануулсан. Төв банк ус, ундааны үнийг “дэнслэх”-ээ больж, мөнгө хэвлэдэг машинаа зогсоосон цагт инфляц хэмээх далд татвар арилна. Эсбөгөөс үндэсний мөнгөн тэмдэгтээрээ гал ноцоох ирээдүй айсуй.
Нийтлэлч Б.Батбаяр


Сэтгэгдэл байхгүй байна