Өнөөдөр шинэ сар эхэлж байна. Монголчуудын уламжлалт сар шинийн баяр ч хаяанд ирлээ. Ирж буй бичин жилийн өнгө ямар байх талаар Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн Гэвш, Хамба лам Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.
-Бич жил их хатуу болох тул сар шинэ болохоос урьтаж хүмүүс хүүхдийнхээ даахийг үргээх, бэр гуйх зэрэг ёслолуудаа хийж байна. Үнэхээр тийм хатуу жил болно гэж зурхайд буусан уу?
-Жаран жил өөр өөрийн гэсэн нэртэй байдаг. Энэ жил XVII жарны Муу нүүрт, гал бичин жил гарч байна. Ийм жил жаран жилд нэг удаа тохионо гэсэн үг. Ирж буй жилийг хатуу жил болох тул их олон үйлийг хийж болохгүй гэсэн яриа гарсан нь үнэн. Тэр бүрд нь би эргүүлээд “Тэгвэл хүн төрж болох уу” гэж асууж байна. Юу үнэн гэхээр төрөх, өвдөх, өтлөх, үхэх нь үнэн. Ингэхээр энэ жаран жилд сайн өдөр байна уу гэвэл байна. Балжинням, Дашнямтай өдрүүд байна, тэрсүүд өдрүүд ч бий. Тэгэхээр хүн төрж байгаа нь үнэн юм чинь бусдыг нь ч бас хийж болно.
Даахь үргээж, угаал үйлдэж, бэр гуйж, хурим найр ч хийж болно. Үүнд ямар ч асуудал байхгүй. Яахав давтамжийн дагуу өмнөх жаран жилд зуд болсон гэхээр хүмүүст эмээж байгаа зүйл бий. Гол нь бид эвтэй найртай, эвсэг зөөлөн, залхуугүй хөдөлмөрч байвал ямар ч бэрхшээлийг давж чадна. Жилийн нэр төдийгөөр айж болохгүй. Зарим зурхайч сонгууль болох жил тул хатуу, хэрүүл тэмцэл ихтэй байна гэх мэтээр сүсэгтэн олныг айлгаж, үймүүлж байгаа нь харамсалтай.
Бид уламжлалт баяраарааа хэрүүл тэмцэлгүй, ёс заншилтай, уламжлалт ёс заншлаа дээдлэж тэмдэглэх хэрэгтэй. Хоёрдугаарт, жилийн өнгийг зурхайд харахаар хаврын урь ордог өдрийг олно. Энэ өдөр хоёрдугаар сарын 4-ний өдөр таарч байгаа бөгөөд тухайн өдрийн зурлагаар “үхэр зураг”-аа зурахаар наанаас нь жилийн ерөнхий өнгө харагдаж байгаа юм.
-Энэ жилийн өнгө ямар харагдаж байна вэ?
-Хаврын амьсгал орсон өдөр болон тухайн жилийн амь бие эрхтэн махбодуудад дулдуйдан, гал бич жилийн шороон үхрийг зураглавал цагаан биетэй, улаан толгойтой, шар омруутай, эвэр чих сүүл нь улаан, улаан ходоодтой, шар шийртэй, амаа ангайсан, сүүлээ зүүн тийш шарвасан үхрийн өмнө шар биетэй, ногоон дээл өмсөж, цагаан бүс бүсэлсэн, үсээ толгой дээрээ тоорцоглон боосон хүү хоёр гутлаа бариад яаравчлан гүйж яваагаар дүрслэгдсэн. Үүнээс харахад жилийн ерөнхий байдал нь гандуу, хүчтэй аадар мөндөр ихтэй, халуун өвчин гарна. Жилийн сүүлээр ургац арвин авна. Мал сүрэгт ээлтэй боловч хямрал их болно. Залууст амгалан, нялхас болон өвгөдөд ширүүн жил болно. Энэ жил үр тариа чухаг болж, амгалан жаргалтай байна.
-Улирч буй жилийн тодотгол “Галзууруулагч” гэж байсан. Гэтэл ирж буй жилийнх “Муу нүүрт” гэх юм. Хүмүүс энэ тодотголуудыг их бэлэгшээлгүй гэж ярилцаж байна?
-Өмнө хэлсэнчлэн хүн төрчихсөн юм чинь бусад үйл болж л таараа. Ямар ч жилд сайн өдрүүд байдгаараа л байна. Муу өдрүүдэд хүртэл сайн цаг байдаг шүү дээ. Жаран жилд нэг удаа тохиодог ёгт нэрнээс ерөөсөө айх юм байхгүй. “Илжиг” гэсэн нэртэй жил хүртэл байдаг шүү дээ. Бид өөрсдийнхөө бие, сэтгэл, хэлээр хийдэг үйлэндээ л хянамгай байвал бүх зүйл сайхан болно. Хүнд хэцүү жил болохоос эмээж байвал малчид маань хавар цагаас эхлэн сайн бэлтгэлээ базаах хэрэгтэй. Ингэхэд л болно, айх зүйл үгүй.
-ГАЛ БИЧ ЖИЛ МОНГОЛ ТҮМЭНД МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, САЙН САЙХАН БҮХНИЙГ БЭЛЭГЛЭНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА-
-Тун удахгүй цагаан сарын шинийн нэгэн болох гэж байна. Зарим хүмүүс хэрхэн мөрөө гаргах талаар тогтсон, тодорхой ойлголтгүй байдаг. Та хэлж өгнө үү?
-Ургасан жилд хүнийг ямар хөлөлд суусныг тооцохдоо эрэгтэй хүнийг “гал”-аас эхлэн нар зөв, эмэгтэй хүнийг “ус”-аас эхлэн нар буруу тойруулан билгийн насаар тоолж, ямар хөлөлд хүрнэ тэр нь хүний тухай жилд суух суудал болно. Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргахдаа суусан хөллийн хиймрийн зүгт гарч, буян хишгийн зүгээс ирдэг. Та өөрийн ямар суудалд сууснаа цагалбараас харж болно.
-Шинийн нэгний өдөр юуг цээрлэвэл зохистой вэ?
-Энэ өдөр гол, горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ, үйл мэтгэх оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ, эд юм зээлэр өгөхийг цээрлэдэг. Мөн уйлах хэрэлдэхийг цээрлэж, биедээ мэсний зүйл авч явахыг цээрлэвэл зохистой. Зуух тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэж, билэг дэмбэрэлгүй үгс хэлэх, мал нядлах, ан гөрөө хийж араатан амьтны амь таслахыг цээрлэ. Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгох ч мөн цээртэйн дээр архи ууж агсам согтуу тавих, ёс жаяг зөрчихийг цээрлээрэй.
-Битүүний өдрийн цээр гэж бий юу?
-Битүүн бол тухайн жилийнхээ хамгийн сүүлийн өдөр шүү дээ. Энэ утгаараа айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэг гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг. Битүүний өдөр мөн нохой зодохыг цээрлэдэг. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдоно хэмээдэг. Харин цадтал хооллоорой. Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Угаадсаа ил задгай асгаж болохгүй.
Эс тэгвээс чөтгөр ам долоож, яр шархандаа баригдана. Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээдэг. Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэж үздэг тул хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ. Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга дуугарахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй, айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө хэмээн цээрлэдэг заншилтай.
Мөрөө хэрхэн гаргах мэдээллийг эндээс уншина уу.


Сэтгэгдэл байхгүй байна