• Эхлэл
  • Эмээлтэд өвөлжсөн бугыг Хустайн нуруу руу шилжүүлнэ

Эмээлтэд өвөлжсөн бугыг Хустайн нуруу руу шилжүүлнэ

2016/02/26

 

Нийслэлээс холгүй орших "Эмээлт" өртөө орчимд хоёр буга уулнаас бууж ирсэн тухай мэдээлэл интернэтээр цацагдаж, мэдээллийн сайтууд ч энэ тухай бичиж нийтлэх болов.

Дээхэндээ бол өлсөж ундаассан буга Богд уулнаас бууж, Зайсан, үйлдвэр комбинат орчимд явж байхтай олонтаа таардаг байсан. Харин ойрын жилүүдэд мартагдсан түүх дахин давтагдсаны учрыг албаныхан дараах байдлаар тайлбарлажээ.

БОНХАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн захирал Ө.Сумьяабаатар хэлэхдээ:

-Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар байгаль хамгаалагч нарт хоёр бугыг харж хамгаалахыг үүрэг болгосон. Эмээлт өртөөний оршин суугчид хоёр бугад анхаарал хандуулан өвс тэжээл тавьж өгч байгаа. Цаашдаа БОНХАЖЯ-наас үүрэг болгосны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хоёр бугыг Эмээлт өртөөнд хамгийн ойр байрлах Хустайн байгалийн цогцолбор газар хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна гэжээ.

Дашрамд буганы хөл гэмтсэн байсан тухай мэдээлэл мөн гарсан. Албаны хүний хэлснээр бол буга гэмтээгүй гэжээ. БОНХАЖЯ-ны мэргэжилтнүүд өчигдөр Эмээлтэд очиж буганы байдалтай танилцжээ. Дашрамд өмнө бас Эмээлт орчимд чоно сүрэглэн, хүнээс ч айхгүй, зам дагаж явсан гэсэн мэдээллийг сошиал ертөнцөөр мэдээлж байсан. Чоно ийнхүү суурин газарт ойртож ирэх тохиолдол байдаг бөгөөд галзуу өвчин туссанаас хүмүүсээс айхгүй байна гэх мэдээлэл мөн ташаа байсныг албаныхан мэдээлж байсан юм. 

Энэ жилийн хувьд цас ихтэй байснаас буга хот суурин газарт ойртон идэш тэжээл хайх тохиолдлууд гарч байгаа. Тухайлбал, Зайсан орчмоор буга харагдах болсон талаар ч мэдээллүүд гарч байгаа юм. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин