• Эхлэл
  • Олон улсын циркийн тасалбар 15-30 мянган төгрөг

Олон улсын циркийн тасалбар 15-30 мянган төгрөг

2016/03/14

“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага,  Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркчдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа болох гэж байна.

Энэхүү тоглолтын талаар зохион байгуулагчид нь мэдээлэл хийлээ.

Шилдэг циркчдийн тоглолтод оролцохоор олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид манай улсад ирэх аж. Энэхүү тоглолтод АНУ, БНАСАУ, Франц, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украйн, Вьетнам зэрэг 15 орны 60 гаруй жүжигчин оролцох юм байна. Мөн арслан, сармагчин, лам гөрөөс, одой морьд, сургуультай ноход зэрэг таван төрлийн амьтан үзүүлбэрт оролцохоор Казахстан, Узбекстан улсаас  өнөөдөр гарсан байна. Амьтад Монголд гурван хоногийн дараа ирэх бөгөөд тоглолт 10 хоногт үргэлжлэх аж.

Хэвлэлийн бага хурлын үеэр “Монгол цирк”-ийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ: “Энэхүү тоглолт жил болгон товлосон хугацаандаа болж байгаагаараа онцлог. Мөн олон улсын циркчдийн тэмцээний алт, мөнгө, хүрэл цомын эзэд оролцдогоороо давуу талтай тоглолт юм. Одоогийн байдлаар тоглолтыг монгол үзэгчдэдээ 7-10 хоногт үзүүлэхээр төлөвлөсөн байгаа бөгөөд тоглолтыг сунгах боломжтой байгаа.

Олон улсын тэмцээнээс нэг мөнгөн цом, гурван хүрэл цом авч байсан, ОХУ-ын алиалагч ирж тоглолтод оролцоно. Испани улсаас ирж буй агаарын гимнастикийн жүжигчин нь дэлхийд цор ганц, эрсдэлтэй циркийн элементүүдийг хийж үзүүлдэг.

Мөн Монголын үндэсний циркийн н.Номуунбаатар ахлагчтай жүжигчид олон улсын тэмцээнээс алтан цом авсан номероороо оролцоно. Түүнчлэн н.Сэлэнгэ багштай уран нугаралтын жүжигчид “Хунгийн бүжиг” гэх цоо шинэ уран нугарлтын номероор оролцох болно” хэмээлээ.

 “Монголын үндэсний цирк”-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвбадам: “Монголын цирк 2013 оноос эхлэн цирк хөгжлийн төвийн байгууллагатай хамтарч циркийн өнөөгийн төвшинг хөгжүүлэхийн тулд дэлхийн циркийн уран бүтээлчдийг урьж авчрах нь зүйтэй гэж үзэн, энэ тоглолтыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Циркийн урлаг бол эрч хүч, эр зориг, гоо сайхныг төгс бүрдүүлж чадсан гайхамшигт сонгодог урлаг. Өнөө үед Дэлхийн Циркийн урлагийн орчин үеийн хөгжлийн төвшинг Монголынхоо үзэгчдэд бодитоор хүргэж байх, үзвэрийн цар хүрээг өргөжүүлэн нэмэгдүүлэх, циркийн урлагийн бахдам сайхныг үзэгч олонд таниулах зэрэг томоохон зорилготойгоор энэхүү ажлыг хамтран хэрэгжүүлж байна” хэмээлээ.

Тоглолтын гол онцлог гэвэл өмнөх жилийн номер давтагдахгүй бөгөөд арслан, одой морьд зэрэг ховорт тооцогдох амьтад ирэх аж.

Тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 15-30 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд Үндэсний циркийн билетийн кассаар худалдаж байна.

Ч.Гэрэл

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна