Улс төрийн газрын зураг дээр Өвөрхангай аймаг алаглан харагдана. Солонгорон харагдах эл тойргийг олзлохыг санаархагчид олон. Тиймдээ ч тэмцэл, тулаан ширүүхэн өрнөх нь бий. Энэ жилийн тухайд АН-ын шонхорууд байлдааны эгнээ рүү шилжиж буй. Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг гэдэг ч хачир дээрээ арын алба хашиж, гал тогоонд үлддэг хачин зуршил энэ намынханд бий.
Иймээс энэ удаад намын дарга З.Энхболд үлгэрлэж, аавынхаа нутгийн зүг жолоо мушгихаар шийдээд байгаа аж. Мань хүний тухайд эл тойргоос хоёр ч удаа сонгогдсон туршлага бий. Үүнээс өмнө Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн ч дэмжлэг хүлээгээгүй.
Уг нь ажил, амьдралын гараа нь эл аймгийнхантай салшгүй холбоотой ч түүнд итгэх итгэл нь парламентын босго давах хэмжээнд хүрдэггүй гэхэд хилсдэхгүй биз. Ямартай ч мань эрд аавынх нь нутаг ээлтэй. Иймээс Өврийн сайхан хангайг зорихоор эрс шулуудсан гэлцдэг.
Түүнтэй дөрөө харших хүн одоогоор тодроогүй байна. Г.Батхүүгийн тухайд энэ удаад жагсаалтад эрэмбэлэгдэх гэнэ. Д.Зоригтын хувьд өмнөх сонгуулиар ард түмнээс биш шүүхээс сонгогдсон гэх өмнөтгөл зүүх болсон төдийгүй УИХ-д суусан бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн ажил багатай.
Тэр ч бүү хэл, чуулганы хуралдааны үеэр үг хэлсэн нь ч ховор. Эрчим хүчний сайдын хувиар гишүүдийн асуултад хариулна уу гэхээс бусад асуудалд тэр бүр байр сууриа илэрхийлээд байдаггүй “сураггүй” гишүүдийн нэг. Цаашлаад “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байсан гэх мэдээлэл ч бий. Иймээс энэ удаад шаанс байхгүй гэдгээ мэдэрсэн тэрбээр энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдчихсэн.
Гэхдээ Монголын толгой баячуудын тоонд эрэмбэлэгддэг тэрбээр улс төрөөс ангижрахгүй. Харин өөрийн залгамж халаагаа бэлдэж яваа сурагтай. Ямартаа л АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчигийг дагуулан нутгаараа ойр ойрхон гарч орох болсон гэнэ.
Уг нь намын даргын санаа нь “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаярыг хөтлөлцөн сонгуульд оролцох санаатай. Гэвч мань эр нэр дэвших хараахан болоогүй хэмээн халгаад байгаа тул Зэ-д амаргүй байгаа бололтой. Түүнчлэн Г.Батхүүгийн дэмжлэгтэй гэлцдэг Ерөнхий сайдын зөвлөх Б.Даваацэрэнгийн нэр ч дуулдах болсон. Өвөрхангайгаас ҮЗХ-ны гишүүнээр 10-аад жил сонгогдсон Б.Даваацэрэнгийн тухайд ч тэнгэрээс од шүүрэх боломж бий хэмээн партизанууд “өхөөрдөх” хандлагатай. Юутай ч намын даргатай дөрөө харших хүнд гурван жараахай өрсөлдөж, араас нь партизанууд түлхүүрдэж суугаа нь энэ.
Тэгвэл МАН-аас С.Чинзориг даагаа нэхэх аж. 2012 оны сонгуулийн дүнгээ луйвардуулсан хэмээн гомдоллож, намынхнаа дэмжиж туслаагүй хэмээн тунирхдаг түүнд яалт ч үгүй нэг мандат хуваарилагдах биз. Уг нь нам буруугаа хүлээж, мань хүнийг Хөдөлмөрийн сайдаар хэдэн сар ажиллуулсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл гомдол нь тайлагдаагүй яваа гэх юм билээ. Харин түүнтэй хамт УИХ-ын гишүүн Я.Содбаатар нэр дэвшихээр эртнээс бэлтгэлээ базаасан.
Өмнөх сонгуулиар намын нэрийн жагсаалтаар УИХ-ын өндөр босгыг давсан тэрбээр хангай руу гүйдэлтэй болсон нь шалтгаантай. УИХ-ын гишүүний хувиар аймаг, орон нутагт хийх уулзалтуудаа эхлүүлсэн тэрбээр аймгийн залуучуудтай дугуйн аялал хүртэл зохион байгуулсан. Мөн аймгийн уяачдыг цуглуулж, найман шарга морь бэлгэнд авч, тэдний сэтгэлийг татахаар бэлэг тараасан гээд хийж “хэрэгжүүлсэн” ажил ч их.
Түүнээс гадна эл тойрогт өрсөлдөхөөр шүлсээ унагах цөөнгүй хүн эл намд бий. Тухайлбал, МАН-ын намын хорооны дарга, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү гэхчлэн дурьдаж болно. Н.Төмөрхүүгийн хувьд мөн л өмнөх сонгуулиар саналаа луйвардуулсан гэх гомдол цээжинд нь хураастай. Иймээс өмнөх үйл явдал мань хүнийг өргөж, нутгийнхны дэмжлэгийг дахин хүлээх магадлал өндөр. Харин аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн өмнөх сонгуулиар нэр дэвшихээр зэхэж байсан ч хурган дарга нарыг АТГ-аас шалгах шуурганд өртөж, боломжоо алдсан юм. Иймээс энэ удаад утасны үзүүрийг алдахгүйн тулд хичээх нь дамжиггүй.
Ямартай ч өмнөх сонгуулиар шүүх, цагдаадаа тулсан Өвөрхангайхан энэ удаад ч ширүүхэн тулаан өрнөх нь бололтой. АН-д ч, МАН-д ч эхлээд дотроо хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ шийдэхэд ч амаргүй байх нь дамжиггүй. Хоёр мандаттай эл тойрогт нэг намаас хорин хүн өрсөлдөж болохгүйгээс хойш намын хувьд ч оновчтой шийдэлд хүрэх шаардлага тавигдана.
Эцэст нь гомдсон сэтгэл, цөхөрсөн тунирхал, луйвардуулсан хонзонгоо авахын зэрэгцээ суудлаа авч үлдэх гэсэн, намын даргын ретингээ хадгалах гэсэн хатуу ширүүн өрсөлдөөн тус тойрогт явагдана. Будлиантай тойрог руу хараагаа унагаж суугаа бусад намынхан дунд ч өрсөлдөөн ширүүхэн байгаа сурагтай
Сэтгэгдэл байхгүй байна