Өнөөдөр Дэлхийн цаг уурын өдөр тохиож байна. НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг болох Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын Конвенц 1950 онд хүчин төгөлдөр болсон өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 23-нд Дэлхийн цаг уурын өдрийг тэмдэглэж байхаар тогтсон байдаг.
Өнөөдөр болсон Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хурлын үеэр жил ирэх тусам зундаа хэт халж, хуурай уур амьсгалтай болох ирээдүй биднийг хүлээж байгаа талаар тайлбарлалаа.
Энэ нь сүүлийн жилүүдэд эрс мэдрэгдэж эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн 2015 онд зундаа хэт халж, өвөлдөө эрс хүйтэрч, ганцхан жилийн дотор гамшигт үзэгдлийн тоо олон жилийн дунджаас 35-аар нэмэгджээ.
Энэ нь эргээд хүлэмжийн хийн ялгарал өндөр түвшинд хүрсэнтэй холбогдож байгаа юм. Тухайлбал, өнгөрөгч 2015 онд дэлхийн хойд хэсгийн агаар мандал дахь хүлэмжийн хий болох нүүрс хүчлийн агууламж хаврын улиралд хамгийн өндөр түвшинд хүрчээ.
Нэгэнт нөхцөл ийм болсон тул бид урьдчилан мэдээлэх техник хэрэгслийн хангамжаа бэлдэж, ирээдүйд ирэх хэт халуун, хуурай уур амьсгалд бэлтгэлтэй байхаас өөр аргагүй гэдгийг албаныхан хэллээ.
Цаашид ч зундаа хэт халж, өвөлдөө цас их унадаг болох юм байна. Ийм нөхцөлд бэлчээрийн мал аж ахуй, усалгаагүй газар тариалан эрхлэх ажлыг өмнөх шигээ зөвхөн цаг агаарын мэдээнд найдаж зохицуулдаг байдлаас салах хэрэгтэйг санууллаа.
Гол нь технологи, ажилтнуудын мэргэшил дээр ч давхар анхаарах цаг үе ирснийг энэ үеэр онцолсон юм. Мөн цаг агаарын урт хугацааны прогноз, урьдчилсан мэдээ гаргах арга технологийг шинэчлэх шаардлага тулгарсныг уламжилж байлаа.
Сэтгэгдэл байхгүй байна