• Эхлэл
  • Н.Энхбаяр АТГ-ыг Улс төрийн захиалгаар ажиллахгүй байхыг хүсэв

Н.Энхбаяр АТГ-ыг Улс төрийн захиалгаар ажиллахгүй байхыг хүсэв

2016/03/24

Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Энэ эрх Н.Энхбаярт хамаатай. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагаас дуудсан цагт очиж, мэдүүлэг, тайлбар өгөх үүргийг иргэн Н.Энхбаяр хүлээх учиртай. АТГ-аас өгч байгаа мэдээллээр Н.Энхбаярт зарлан дуудах таван ч хуудас өгөөд байгаа гэнэ.

Гэвч тэр нэг ч удаа очоогүй. Энэ тухай МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням “Тэр албан бичгийг намын даргын яг гарт нь өгөөгүй юм билээ. Хүнээр дамжуулсан. Мөн Н.Энхбаяр өмнө нь хилс хэрэгт гүтгэгдэж, хоригдсон.

Иймээс энэ удаад ч ялгаагүй өөрөө буруугүй учраас АТГ-т очих шаардлагагүй гэж үзсэн. Тэр өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх боломжгүй” гэж тайлбарлав. Иймээс ч АТГ-ынхан Төрийн ордонд мань хүнийг “олзолж” зарлан дуудах хуудсыг гарт нь атгуулсан бололтой юм. Гэвч тэрбээр ганцхан Н.Энхбаяртай тэмцэх газар болсон хэмээн АТГ-т албан бичиг хүргүүлжээ. Тус албан бичигт АТГ-ыг улс төрийн захиалгаар намайг болон миний гэр бүл, найз нөхөд хамтран зүтгэгчдийг хоморголон хэлмэгдүүлэх, МАХН-ыг элдвээр шахан дарамтлах хууль бус ажиллагаа явуулж байна гэж үзэж буйгаа бичжээ.

Иймээс тэрбээр АТГ-д очиж мэдүүлэг, тайлбар өгөхгүй бололтой. Түүнчлэн МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооныхон өчигдөр мэдээлэл хийх үеэрээ Эрүүл мэндийн сайдын суудал Г.Шийлэгдамбад хадгалагдаж байх магадлалтайг хэлэв. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг авлигын хэрэгт гүтгэснийх нь шан харамж гэж үзлээ. Учир нь АТГ Г.Шийлэгдамбыг үйл дээр нь баривчилсан гэх ташаа мэдээлэл цацсан гэнэ.

Учир нь Засгийн газрын гишүүнийг хэргийн үйлдэл дээр нь “гардсан” тохиолдолд саатуулан шалгах заалттай. Гэтэл тухайн өдөр Эрүүл мэндийн сайд салбарынхантайгаа хуралдаж байсан аж. Гол нь Г.Шийлэгдамба их хэмжээний мөнгө сейфэнд нь байсан бөгөөд хувийн хэрэгцээндээ ашиглахаар найзаасаа зээлсэн гэж мэдүүлсэн ч удалгүй Н.Энхбаярын шахалт, дарамтаар авлига авсан тухай мэдүүлж, батлан даалтад гарсан.

Мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах хориотой ч тэрбээр телевизийн нэвтрүүлэгт орж, Тахарын хамгаалалтад орсон. Засгийн газрын гишүүнийг чөлөөлснөөс 30 хоногийн дотор дараагийн хүнийг томилох учиртай ч хууль өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Иймээс түүнийг эрх баригчидтай нэг тал болсон хэмээн намынхан нь үзэж байгаад бөгөөд тохиролцсон гэх шийдэлд хүрсэн бололтой.

Ер нь МАН, МАХН нэгдэнэ гэх сургаар тус намынхныг тойрсон элдэв асуудал тасраагүй гэнэ. Хамгийн сүүлд л гэхэд Л.Цог, С.Дашдондог нарыг журмын нөхдөөсөө уучлал гуйхыг шаардсан. С.Дашдондогийн нэхэмжлээд байгаа 540 сая төгрөгийн талаар “УИХ-ын сонгуульд нэр дэвшиж 400 сая төгрөг зарцуулсан” гэж Булган аймгийн намын хурал дээр олонтоо хэлж байсаныг намын гишүүд нь гэрчлэх гэнэ.

Төр мөнгөө өөрийнхөө төлөө сонгуульд зарцуулсан төдийгүй өнгөрсөн хугацаанд албан тушаал нэхэх бүрт нь өгч байсан гэнэ. Сангийн сайд, Худалдан авах ажиллагааны газрын дарга болохыг хүсчээ. Гэвч Гүйцэтгэх засаглалын тэргүүн Худалдан авах ажиллагааны газрын дэд даргаар томилсон ч Засаг солигдож, огцрох нь тэр. Өнөөдрийг хүртэл өрөм идсэн тэрбээр сүүлдээ албан тушаал өгсөнгүй гэж намаа шантаажилж байгаа нь энэ гэлээ.

Харин Л.Цог албан тушаал ахихын хэрээр ааш нь хувирах болсон гэнэ. Иргэний хөдөлгөөнд байхдаа МАХН-д хууль зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллах санал тавьснаар энэ намд 2011 онд элсчээ. Улмаар 2012 оны сонгуульд Орхон аймагт нэр дэвшиж, Н.Энхбаяр сурталчилгааны ажилд нь оролцож байж. Улс төрөөс хөндийрөөд олон жил болсон түүнийг орхончууд таниагүй гэх. Тиймээс намын даргых нь сурталчилгаа ихээхэн дэмжлэг болсон гэж намын нөхөд нь тайлбарласан.

Тийм байтал УИХ-д ормогцоо зан ааш нь хувирч, би гэх үзэл ханхлах болсон аж. Уг нь бүлгийн даргын суудалд МАХН, УИХ-ын дэд даргын албан тушаал МҮАН-д хуваарилагдах учиртай ч Л.Цог УИХ-ын дэд дарга, намын дэд дарга албыг хослуулан намдаа илүү сайн үйлчилье гэсэн агуулгатай санал тавьсан учраас өнөөдрийнхөөр нь үлдээжээ. Өдгөө түүнийг давхар дээлээ тайлаад явах учиртайг гишүүд нь сануулж байна.

Түүний оронд О.Баасанхүүг томилно гэх мэдээлэл бий. Гэвч мань хүн хэдийнэ биеэ тоожээ. Тэрбээр “Шударга ёс эвсэл”-ээс гарах эсэхээ бодож байна” хэмээгээд хэрэв түүнийг эвслээ орхих шийдвэр гаргавал Засгийн газар шууд огцорно гэдгийг хэлэв. Гэхдээ дэд дарга болохгүйгээ уламжилсан. Гол нь мань эрийн өмнө Н.Энхбаяр хэрхэн байхаас эвслийн цаашдын хувь заяа шийдэгдэнэ гэдгийг тодотгосон. Иймээс АТГ-ынхнаас зугтахын хажуугаар О.Баасанхүүд тал засах шаардлага Н.Энхбаярт бий боллоо.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна