• Эхлэл
  • Хүүхдүүдэд эмнэлгийн тусламжийг гэрт нь үзүүлнэ

Хүүхдүүдэд эмнэлгийн тусламжийг гэрт нь үзүүлнэ

2016/04/19

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад Ерөнхий сайд хэд хэдэн үүрэг, чиглэлийг өгчээ.

Улаанбурхан өвчинтэй холбоотойгоор 0-1 насны нярай хүүхдийн эндэгдэл их байгаа учир энэ насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хөнгөлж, бүтэн цалинтай ажиллуулахыг төр болон хувийн хэвшлийн бүх байгууллагад үүрэг болгожээ. Энэ нь ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл хэрэгжих юм.

Ханиад томууг өргөжүүлэхгүй байх үүднээс 0-1 насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламжийг гэрээр нь үзүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл энэ насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламжийг гэрээр нь үзүүлэх юм.

Мөн аймгийн нэгдсэн эмнэлгүүд болон ХӨСҮТ-ийн халдвартын тасаг, эрчимт эмчилгээний тасагт хүнд өвчилсөн хүүхдүүдэд зориулах эм, тариаг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлээд, Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангаас 500 сая төгрөг гаргахыг С.Эрдэнэ, Б.Болор сайдад тус тус үүрэг болгосон байна.

Улаанбурханы вакцин ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд манай улсад ирэх бөгөөд ирэх сарын 10-наас эхлэн орон даяар нэмэлт вакцинжуулалт хийхээр болжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна