• Эхлэл
  • Г.Батсайхан: Улаанбаатар хот хүнгүй хот болох ёстой юу? 

Г.Батсайхан: Улаанбаатар хот хүнгүй хот болох ёстой юу? 

2016/04/22

Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт болж байгаатай холбоотой жолооч болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа нь иргэдэд таалагдахгүй байгаа.

Иргэдийн хэлж буйгаар уулзалт боллоо гээд ард иргэдээ булан тохойгоор нуугдаж яв гэсэн утгатай үйлдэл гаргаж байгаа нь хүний эрхийг зөрчсөн хэрэг хэмээн үзэж байна. Үүнээс гадна Улаанбаатар хотын иргэдийн төлөөллөөс АСЕМ-ын уулзалтуудын үеэр жагсаал, цуглаан хийлгүүлэхгүй гэсэн тушаал гаргасантай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын иргэн Б.Цэрэн "Нийслэлийн зарим иргэд Нийслэлийн Засаг даргад шаардлага хуудас удаа дараалан хүргүүлж байсан ч одоог хүртэл хариу ирүүлээгүй. Тиймээс энэ сарын 22-25-ны хооронд жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн боловч Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт болж байгаа гэх шалтгаанаар жагсаал цулаан хийхийг хориглосон.

Энэ шалтгаан нь ард иргэдийн цуглаан, жагсаал хийхэд хамаагүй юм. Түүнээс гадна парламентын гишүүдэд "Монгол гэж дүр эсгэсэн ардчилалтай улс юм. Дарангуйлсан хэлбэр рүү орчихсон. Ардчилал гэж өөрийгөө ярьж явж байсан хотын дарга долоо хоногийн өмнөөс Үндэсний түүхийн музейн өмнө цуглаан хийхийг хориглож байна.

Ардчилал хаана байна? Бид ямар ч аргагүй болчихсон учраас өнөөдөр хурал хийж байна. АСЕМ-тай холбоотой уулзалтуудаар дамжуулан дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Ардчилал хаана байгааг харуулахыг хүсч байна" хэмээсэний дараагаар иргэн Г.Батсайхан ч гэсэн өөрийн үзэл бодлоо хэлсэн юм. Тэрээр "26 жилийн өмнөх Ардчилсан шилжилт хөдөлгөөний удирдагч Э.Бат-Үүл байсан. Тэр үеэс илүү дарангуйлалтай үе эхэлж байгаа юм биш үү гэж бид үзэж байна.

Гэтэл сүүлийн дөрвөн жилд сэтгэл эмзэглэмээр үйл явдал их болдог болсон. Монгол Улсын иргэн хаана ч байсан үгээ хэлэх эрхгүй болжээ. Үүнтэй холбоотой хуулийг үл хүндэтгэж, захирамж гаргадаг боллоо.

Монголд олон улсын төлөөлөгч нар ирлээ гээд Улаанбаатар хотынхон муухай хувцастай ч явж болохгүй эсвэл Улаанбаатар хот хүнгүй хот болох ёстой юу? 

Бид Э.Бат-Үүлд биш, АСЕМ-ын холбогдох уулзалтуудаар ирж буй олон улсын төлөөлөгч нарт хүргэх гэж өнөөдрийн хэвлэлийн хурал хийж байна. Монгол Улсын АРДЧИЛАЛ байхгүй болсон гэдгийг илчлэхийг хүслээ" хэмээв.

Энэ мэтчилэн иргэдийг төлөөлж дургүйцэлээ илэрхийллээ.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна