• Эхлэл
  • “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

2016/04/25

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Энэ удаагийн хуралд Шүүхийн Захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн өнөөгийн байдалд судалгаа хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах зорилгоор Германы олон улсынхамтын нийгэмлэгийн судалгааны мэргэшсэн баг ажиллаж байгаа талаар тус тус мэдээлэл хийлээ.

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу "аймаг бүрт давж заалдах шатны шүүх”, "дүүрэг бүрт анхан шатны шүүх” байхаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн саналыг боловсруулж МУ-ын Засгийн газартай зөвшилцөн, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д уламжилсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр УИХ-д өргөн бариад байна. Хуулийн төслөөр:

Давж заалдах шатны шүүх:

Орхон, Дархан-Уул аймгаас бусад аймаг бүрт Эрүүгийн болон Иргэний хэргийн танхим бүхий давж заалдах шатны шүүх байгуулагдана.

Харин хүн амын нягтаршил, хэрэг маргааны гаралтын төвшнөөр өндөр Орхон, Дархан-Уул аймагт одоогийн байгаа Эрүүгийн болон Иргэний хэргийн төрөлжсөн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаа явуулна.

Аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Эрүүгийн, Иргэний хэргийн танхимын аль нэгэнд харьяалагдаж, бусад танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохгүй байх, мөн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад холбогдох өөрчлөлтийг оруулна.

Дүүргийн шүүх:

Нийслэлийн 7 дүүрэг тус бүрт эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүх байх, харин Багахангай дүүргийн хүн амын тоо, хэрэг маргааны гаралт багатай нөхцөл байдлыг харгалзан Багахангай, Налайх дүүргийн дунд эрүү, иргэний тус бүр нэг шүүх байхаар тусгалаа.

Ингэснээр дагнан мэргэшсэн шүүх, шүүгчээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхийг зорьсон шүүхийн шинэтгэлээс ухрахгүйгээр Үндсэн хууль зөрчсөн зөрчлийг арилгах юм.

Энэхүү хуулийн төслөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдан анхан болон давж заалдах шатны 99 шүүх 115 болж нэмэгдэнэ.

Шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 55,8 хувийг нүүлгэн шилжүүлнэ. Уг хуулийг хэрэгжүүлэхэд нийтдээ 2533,2 сая төгрөг шаардагдах болно.

Дэлхий монголын шүүхийн шинэтгэлд хараагаа чиглүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэл хэрэгжиж эхлээд гурван жилийн хугацааг үдэж байна. Энэхүү шинэтгэлд олон улсын судалгааны байгууллага хөндлөнгийн цогц судалгаа хийж, нэгдсэн дүнгээ тун удахгүй тайлагнах гэж байгаа нь дэлхийн дуран харааг нааш татсан сонирхолтой үйл явц болж байгаа юм.

Энэхүү хөндлөнгийн үнэлгээг шинэтгэл хийсэн болон хийх гэж байгаа улс орнууд тэр болгон зориглон хийлгээд байдаггүй бөгөөд нийт 4 оронд хийгджээ . 2016 оны 3 дугаар сард Монгол Улсын шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн үйлчилгээний хүртээмж, бүтээмж, үр нөлөө зэрэг олон асуудлаар ХБНГУ-ын "Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)”-ийн мэргэшсэн экспертүүд "Шүүхийн цогц зураглал” үнэлгээ буюу олон улсад Judicial Integrity Scan гэж нэрлэдэг хөндлөнгийн үнэлгээ хийлээ.

Монголын шүүхийн хувьд анх удаа ийнхүү гадаадын нэр хүнд бүхий байгууллагаар цогц, хөндлөнгийн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээ хийлгэсэн нь энэ бөгөөд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус, хариуцлагатай байдал, бүтээмж, үр нөлөө зэргийг олон улсын стандартаас нь дотоод хууль тогтоомжийн зохицуулалт, түүний бодит байдал дээрх хэрэгжилт, шүүгч, ажилтнууд, хөндлөнгийн мэргэжилтнүүдийн санал бодол зэрэг олон талын байр суурийг тусгах аж.

Олон улсын экспертүүдийн хийсэн хөндлөнгийн ийм үнэлгээ нь шүүхийн шинэчлэлийн бодит үнэлгээг өгөх төдийгүй цаашид шүүх хэрхэн өөрчлөгдөн шинэчлэгдвэл зохих талаархи зөвлөмж саналыг гаргах юм. Үнэлгээний дүн ирэх сарын эхээр гарна.

Эх сурвалж: Шүүхийн Ерөнхий зөвлөл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна