Сонгуулийн өмнөх хамгийн том дуулиануудын нэг болсон оффшор хэмээх “хадны мангаа” сэдэв дахин хүчийг авч эхэллээ. Хийсэн нэвтрүүлгүүд нь байнга олны анхаарлын төвд байдаг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээрээ дахин шуугиан дэгдээлээ.
Энэ удаагийн нэвтрүүлгээр хүү Б.Чулуудай нь оффшор бүсэд компани байгуулсан “хэрэг”-т орсон хотын дарга Э.Бат-Үүлийн хэрвээ хүүгийнх нь компани данстай байгаад гүйлгээ хийсэн байх юм бол сонгуульд нэр дэвшихгүй ажлаа хүлээлгэж өгнө гэж мэдэгдлээ.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан:Хэрвээ Чулуудайн компани их хэмжээний мөнгөн дүнгийн данстай, гүйлгээ хийсэн байвал яах вэ?
Э.Бат-Үүл:-Үнэхээр тийм байвал би өөрийн хүсэлтээр ажлаа өгнө. Шууд огцорно. Чулуудайн дансаар нэг мөнгөний гүйлгээ хийсэн байдаг юм бол чиний хэлснээр заавал их мөнгө гэх албагүй, үнэхээр Чулуудайн хэлсэн “оффшор компани байгуулаад данс нээж амжилгүй хаагдсан” гэдэг нь худлаа байгаад, тэр дансаар ямар нэгэн гүйлгээ хийгдсэн байвал, тэр мөнгөний дүнгээс хамаарахгүйгээр би шууд чөлөөлөгдөх хүсэлтээ тавина. Огцрох хүсэлтээ өөрөө гаргана гэж амлажээ.
Оффшорын тухай яриа дэгдэж, хүүгийнх мэдээлэл гарангуут Э.Бат-Үүл хүүгээсээ асуухад оффшор компани байгуулаад, дансаа ч нээж чадалгүй хаагдсан байна гэж тайлбарласан аж.
Э.Бат-Үүл:Миний хүү гурван хүүхдийн аав. 36 хүрч байна. Биеэ даасан өрх айл. Би Чулуудайн өдөр тутмын амьдралыг мөшгөөд байдаггүй. Ямар бизнес хийж байна гэж шалгаад байдаггүй гэж ярьжээ.
Дараагийн нэг том амлалт бол Ардчилсан намын дарга З.Энхболд намаас нь оффшор данстай хүн байх ахул нэр дэвшүүлэхгүй гэдгээ түс тас илэрхийллээ. Тэрээр МАН-ыг мөн ийм алхам хийхийг уриалснаар сонгуулийн сурталчилгааны өмнө сонгогчдоос том оноо авч болох алхам хийлээ.
З.Энхболд ямар ч хоёрдмол санаагүйгээр “Манай намаас УИХ-д нэр дэвшихээр яригдаж байгаа 100 гаруй хүнээс ганцхан С.Баярцогт л оффшорт нэр холбогдсон” гэж тод томруун хэлжээ.
Ийнхүү өдгөө нэр дэвшүүлэлтийг бараг дангаараа “шийдэж” байгаа З.Энхболд С.Баярцогтыг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж хэлснээр АН-ын оффшортонгуудын эсрэг хатуу арга хэмжээ авч байхад МАН-ынхан ичмээр юм гэсэн давалгаа үүсч байна. МАН-ынхны хувьд Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар гээд хэд хэдэн хүн нэр холбогдоод байгаа. Тэдний хувьд одоо ямар алхам хийх нь сонгогчдынх нь хувьд сонирхол татахаар байна.
Түүнээс гадна АН оффшортонгуудтай дайн зарласан мэт харагдах гэж ганцхан С.Баярцогтыг золигт гаргах гэж байна гэсэн хардлага ч бас дэгдсээр л байна.
С.Баярцогтын хувьд 2008 онд дөрвөн найзтай хамтран оффшоор компани байгуулсан. Эдийн засгийн хямрал болж, ашиг олохгүй нь тодорхой, өөрөө мөн сонгуульд ялж, Сангийн сайд болсон. Ингээд мөнгөө эргүүлж татаж, дансаа хаалгах гэтэл бичиг баримт бүрдүүлэн, зургаан сар хүлээх шаардлагатай байсан учир монгол төгрөгөөр гурав орчим сая төгрөг үлдээсэн, түүнийгээ ХОМ-тээ бичихээ мартсан байсан гэж тайлбарладаг. Харин энэхүү гурван сая төгрөгийг олон нийт “автомат”-аар шахуу нэг сая ам.доллар гэж ойлгож, “сая доллар мартдаг” гэсэн хочтой болж, тухайн үеийн УИХ-ын дэд даргын суудлаасаа огцорч байсан С.Баярцогт энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцож чадахгүй нь гэсэн таамаг хэдийнэ бий болоод байна.
Харин Э.Бат-Үүлийн хувьд УИХ-д нэр дэвшихгүй ч нийслэлийн сонгуульд багаа толгойлон орох ёстой. Хэзээний ил шууд зангаараа заримдаа бодлогогүй гэмээр үг хэлчихдэг түүнийг хүүд нь өөр данс байхгүйг баараггүй мэдсэн болов уу гэж дэмжигчид нь сэм түгшиж байна. Өөр дансны гүйлгээ байж гэмээнэ өрсөлдөгчдөд нь том олз, өлгөж аваад дайрч эхэлнэ гэдгийг мэдэж байгаа учраас ийм ам бардам дуугарсан болов уу?
Нэмэлт мэдээлэл 2016.05.23:Харин энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
-Гэм буруутай нь тогтоогдож байж эрхийг нь хасах тухай ярих учиртай. Оффшорт нэр нь холбогдсон учраас нэр дэвшихийг нь хязгаарласан хуулийн заалт хаана ч алга. Өөрөөр хэлбэл, тийм хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл алга. Хууль, хяналтын байгууллагууд оффшор данстай байх нь хууль зөрчсөн үйлдэл мөн, эсэхийг тогтоох хэрэгтэй. Оффшор болгоныг муухай гэж хэлж болохгүй байх гэсэн хариулт өглөө.
А.АНУ


Сэтгэгдэл байхгүй байна