“НордАрт 2016” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа, тусгай программд оролцсон Монголын уран бүтээлчид нутаг буцаж, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.
Күнствэрк Карлсхютте - Cоёл урлагийг дэмжих ашгийн төлөө бус байгууллагаас зохион байгуулдаг "НордАрт - ОЛОН УЛСЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭН"-Д 2016 оны 06 дугаар сарaaс 10 дугаар сар хүртэл Монгол Улсын павильон 2 дахь жилдээ "Уламжлал ба Орчин үе" сэдвийн дор нийт 17 Монгол уран бүтээлчийн 50 гаруй бүтээлийг уран зураг, гельеф, баримал, фото зургийн төрлөөр толилуулж байна.
„Монголчууд маш идэвхитэйгээр 2 дахь жилдээ оролцож буйг, түүнчлэн куратор O.Оюунтуяагийн санаачлага хамтын ажиллагааг юуны түрүүнд дурьдах нь зүйтэй. Монгол Улс нь түүхэндээ хир том гүрэн байлаа, монголчууд нь хаагуур тархсан байлаа гээд бодохоор үнэндээ “Монгол Урлаг” нь олон улсын шинж чанартай ч өөрийн өвөрмөц онцлогтойг харж болно. “Монгол Уран Бүтээл”-ээс Монголын уламжлалт түүх, асар уудам тал нутаг, нүүдэлчин соёл иргэншлийн онцлог, эрх чөлөө түүнчлэн Торгоны замын хөгжлийн нөлөөг ч хүртэл мэдэрч болно. Монгол Улс нь өөрийн онцлог төрхөө даяарчлалын эрин зуунд ч хадгалан үлдсэнд би баяртай байна.“ хэмээн НордАрт-н ерөнхий куратор, Күнстверк Карлсхютте-н гүйцэтгэх захирал ноён Вольфганг Грамм онцлон тэмдэглэв.
Энэ жилийн нээлтийн ажиллагаа 2 өдөр үргэлжилсэн бөгөөд Тусгай нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд ноён Ц.Болор гэргий хатагтай Б.Оюунчимэгийн хамт, 1-р нарийн бичиг Д.Мөнхбаатар, Монголын уран бүтээлчдийн төлөөлөл, зохион байгуулах ба хэвлэл мэдээллийн баг нийт 24 хүний бүрэлдэхүүн оролцов. Элчин сайд Ц.Болор “Монголын павильон”-ыг албан ёсоор нээж, үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр Шлесвиг-Холштайн муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч ноён К.Шлий, Ерөнхий сайд ноён Т.Албиг нартай уулзаж, мөн үзэсгэлэнгийн зохион байгуулагч, ивээн тэтгэгч ноён Алманн болон кураторын багтай санал солилцон, Монгол улсын оролцоог энэ жил ч дэмжин ажиллаж буйд нь талархал илэрхийлэв. Тусгай нээлтийн ажиллагаанд зөвхөн урилга бүхий 250 орчим албан ёсны түншүүд, дипломатууд, кураторууд, зочид, олон улсын 130 уран бүтээлчдийн төлөөлөл хүрэлцэн ирэв.
Монголын павильоны ерөнхий зохион байгуулагч, куратор О.Оюунтуяа болон НордАрт 2015 оны үзэгчдийн шагналт уран бүтээлч А.Очирболд нар үзэгчдийн албан ёсны оройн нээлтийн ажиллагааны үеэр Монголын уран бүтээлчид, албан түншүүдээ төлөөлөн хүрэлцэн ирсэн 4.000 урлаг сонирхогч зочдод төрөлх Монгол хэлээрээ мэндчилгээ дэвшүүлэв.
НордАрт-ыг үндэслэгч, Күнстверк Карлсхютте-н ТУЗ-н тэргүүн ноён Ханс-Юлиус ба хатагтай Ёханна Алманн нaр 2014 оноос хойш НордАрт нь Монгол Улстай маш сайн, байнгын холбоотой ажиллаж буйг онцлон тэмдэглэв. Онцлох орноор оролцсоны дараа тухайн улсын уран бүтээлийг үзэгчид дахин харахгүй байх явдал нь маш харамсалтай. Тийм ч учраас 2015 онд Монгол Улс нь Онцлох орноор оролцсоны дараа 2 дахь жилдээ НордАрт-тaй хамтын ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэн „Уламжлал ба Орчин үе“ сэдэвт өөрийн бие даасан павильоноор оролцож байгаад маш их баяртай байгаагаа илэрхийлэв.
Tөслийн албан ёсны түншээр Монгол Улсын ГХЯ, БСШУЯ, ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ ба "Arts & Media Project Management & Consulting“-гийн мэргэжлийн баг “НордАрт”-тай хамтран Монгол Улсын Павильоны нэгдсэн зохицуулалт, менежментийг 2 дахь жилдээ үргэлжлүүлэн удирдан ажиллаж байна.
НордАрт 2016
ХБНГУ-ын Шлесвиг-Холштaйн мужийн Бюделсдорф хотноо 1999 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг “НордАрт” нь шүүгчдийн сонгон шалгаруулaлттaй, дүрслэх урлагийн бүх төрөл, хэв маягийг агуулcан Европ дахь орчин үеийн урлагийн томоохонд тооцогдох үзэсгэлэн юм. НордАрт2016-д 109 орны 4.500 уран бүтээлчдийн хүсэлтийг хүлээн авснаас энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон 55 орны 250 уран бүтээлчдийн бүтээлүүдийг НордАрт-н ерөнхий куратор, Вольфганг Грамм, ко-куратор Инга Ару нар 22.000 м² үзэсгэлэнгийн талбай, 80.000 м² уран баримлын цэцэрлэгт хүрээлэнд дэглэн 90.000 гаруй үзэгчдэд 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 09 хүртэл толилуулж байна.
2016 оны Онцлох Орон-Израйль Улс
БНХАУ, ОХУ, Балтийн орнууд болон Монгол Улсын дараа энэ жилийн Онцлох Орон болох Израйль Улс нь “Амьдралын хүрд” павильоноор анх удаа оролцож байна. Израйлийн павильоны куратор Кармит Блюмэнзон сэдвийн хүрээг тайлбарлахдаа: ”Энэ нь 28 уран бүтээлчдийн нийгэмд эзлэх байр суурийн тухай, ялангуяа олон ургалч үзэл, хувийн дүр төрх ба нийтлэг чанарын харьцуулалт, ирээдүй ба өнгөрсөн үе, айдас, хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, гоо сайхан, муу муухай, үхэл хагацал зэрэгт хандах уран бүтээлчдийн хандлага, тэдний дотоод ертөнцийг илэрхийлэх агуу хүчин чармайлт, хүсэл тэмүүлэл бүгдийн баялаг цогцолбор юм. Нууцлаг чанарыг агуулсан уран бүтээл бүхнийг харахад, уран бүтээлч бүрийн өөрийн гэсэн соёлын болон улс төрийн хандлага, хувийн ба үндэстний хөгжлийн түүх дурсамжийг уран бүтээлдээ хэрхэн тусгаж буй онцлог болон тэдний үзэл бодол, байр суурийн ялгааг тодоор илэрхийлж байна.”
Израйлийн павильон нь Израйлийн Гадаад Хэргийн Яам ба Берлин дэх Израйлийн ЭСЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа юм.
НордАрт 2016 - Онцлох Уран бүтээлч ба урилгаар оролцож буй уран бүтээлчид
Бас нэг онцлог нь энэ жилээс эхлэн НордАрт нь Онцлох Уран бүтээлчийг сонгон оролцуулж байгаа бөгөөд анхных нь БНХАУ-ын уран бүтээлч Лью Руванг юм. Түүний 108 төмөр цутгамал чононууд бүхий асар том баримлын инстольяц болох “Чонон сүрэг айсуй” (Wolves coming) ба „Залгамжлагдан ирсэн гэм нүгэл“ /хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш үеэс үед залгамжлагдан ирсэн гэм нүгэл/ (Original Sin) 36 аварга том 3,5м өндөр Мич-хүн нь өнөөгийн дэлхийн байдалд шүүмж хэлэх мэт. Лью Руванг: “Мич хүн тэнгэр өөд харж эртний соёл иргэншлийг эргүүлэн бий болгохыг билэгдэж байна. Өнөөдөр нийгмийн өндөр хөгжил нь материаллаг соёлын давуу талыг авчирч, бидний амьдарч буй байгаль эх дэлхий тасралтгүй сүйрсээр байна. Мич хүний цочирдсон харц, гэнэн цайлган царай нь энэ бүгдийг засч залруулж, гэрэлт ирээдүй рүү урагш алхах хүслийг харуулж байгаа юм. “Original Sin” сэдэв нь нийгмийн бодит байдал дээрх миний мэдрэмжээс үүсэлтэй. Бидний амьдарч буй соёл иргэншлийн далайд гажуудуулсан хэсэгт миний сэтгэл гонсойж, бид сайхан зүйлд илүү их анхаарал хандуулаад байна гэдгийг энэхүү цуврал бүтээлээр анхааруулахыг хүссэн.“
“Лью Рувангийн уран бүтээлийн хилийн чанад дахь үзэсгэлэнгийн аялал” сэдэвтэйгээр 3 жилийн аялалаа Лью Европ, Америк орнуудаар төлөвлөн эхлүүлсэн ба түүний уран бүтээлийн эхний зогсоол нь НордАрт юм. Үзэсгэлэнгийн аялалын кураторaaр Бээжин хотын Дүрслэх Урлагийн Төв Академийн профессор, Хятадын Баримлын Институтийн дэд ерөнхийлөгч Иен Шуангци, НордАрт-н ерөнхий куратор Вольфганг Грамм, Италийн Соёл-Урлагийн Төвийн ерөнхийлөгч Винченцо Санфо нар ажиллаж байна. Энэхүү төсөл нь Олон улсын соёлын солилцооны төв, БНХАУ-ын Соёлын Яам, Бээжингийн хилийн чанад дахь соёлын солилцооны төв, Бээжингийн Фюжэн академиудтай хамтран хэрэгжиж байна.
Түүнчлэн НордАрт 2016-д БНХАУ-ын уран бүтээлч Лью Юнганг /НордАрт2015 шагналт/, ОХУ-ын уран бүтээлчдийн “AES+F групп” /НордАрт2014 шагналт/, 2015 оны үзэгчдийн шагналт уран бүтээлчид Жан Юүнсон (Өмнөд Солонгос), Лү Шүн (Хятад Улс), манай Монгол Улсаас Аюурзаны Очирболд нар нь урилгаар оролцож өөрсдийн шинэ бүтээлүүдээрээ үзэгчдийн мэлмийг мялааж байна.
Монгол уран бүтээлчдийн тусгай хөтөлбөр
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд ноён Ц.Болор нь Монгол уран бүтээлчдийн төлөөлөл болох 8 уран бүтээлч болон хэвлэл мэдээллийн багийг ЭСЯ-ны байрандаа хүлээн авч, “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцов.
Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн уран бүтээлчдэд зориулан "Arts & Media Project Management & Consulting“-ийн хамт олон Берлин, Хамбург хотуудад орчин үеийн урлагтай танилцах тусгай хөтөлбөр зохион байгуулав. Үүнд: Уран бүтээлчид 19, 20-р зууны Германы романтизм, Ван Гог, Пол Сезан гэх мэт Голланд, Францын мастер зураачдаас гадна 20, 21-р зууны модернист, нэн орчин үеийн урлагийн баялаг цуглуулга бүхий Хамбургийн урлагийн музей (Hamburger Kunsthalle – Museum für moderne Kunst), Германы нэн орчин үеийн урлагийн музей болох Хамбургэр Баанхоф (Hamburger Bahnhof), Берлин хотын галерейнууд, нэн орчин үеийн урлагт чухалд тооцогддог Юулиа Штошекийн медиа урлагийн цуглуулга, “Берлин Биенналь”-аар зочлон, танилцаж судлан, мэргэжлийн туршлага солилцлоо.
НордАрт 2016 Монгол уран бүтээлчид:
НордАрт 2015 оны үзэгчдийн шагналт уран бүтээлч А.Очирболд | Н.Амарсайхан | Л.Амарсанаа | Ж.Анунаран | Ц.Баттөр | Д.Батзориг | Д.Булгантуяа | Л.Ганболд | Ц.Ган-Эрдэнэ | Л.Ганхуяг | Б.Номин | М.Уранбэрх | А.Чадраабал | О.Энхтайван | Хөх зэв уран бүтээлчдийн нэгдэл: Л.Базарсад, Ж.Мөнхжаргал, Б.Энхчулуун
Дэлгэрэнгүй мэдээллийг www.nordart-mongolianart.de ба www.nordart.de вэб
хуудаснаас авч, бидэнтэй office@nordart-mongolianart.de и-мейлээр холбогдоно уу.
Сэтгэгдэл байхгүй байна