• Эхлэл
  • Үхрийн махны үнэ 305 төгрөгөөр буурчээ

Үхрийн махны үнэ 305 төгрөгөөр буурчээ

2016/12/08

2016 оны 12-р сарын нэгдүгээр долоо хоногт хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн мэдээг хүргэх гэж байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийг харахад махны үнэ ханш тогтворгүй харин хүнсний ногооны ханш өссөн үзүүлэлттэй байгаа юм. 

Махны дундаж үнэ: Хонины ястай нэг килограмм мах дунджаар 4110 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5270 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.5 хувиар буюу 305 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 0.6 хувиар буюу 40 төгрөгөөр өссөн байна.

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 250 төгрөгөөр өсч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ: Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. 

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна.

“Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо: Монгол төмс 0.7 хувиар буюу 5 төгрөгөөр, манжин 2.2 хувиар буюу 30 төгрөгөөр буурч, харин лууван 15.3 хувиар буюу 140 төгрөгөөр, байцаа 18.8 хувиар буюу 150 төгрөгөөр тус тус өссөн байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин