• Эхлэл
  • В. Путин: Газар нутгийн маргаан Москвад байхгүй, Токиод л байгаа

В. Путин: Газар нутгийн маргаан Москвад байхгүй, Токиод л байгаа

2016/12/14

Энэ долоо хоногийн сүүлээр ОХУ-Японы дээд хэмжээний уулзалт Токиод болох гэж байгаатай холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Японы хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж ярилцсан байна.

Ярилцлагын гол сэдэв нь хоёр орны хоорондын газар нутгийн маргаан байсан юм.

Путин энэ үеэр хэлэхдээ “Манай хооронд газар нутгийн маргаан байхгүй гэж бид боддог. Харин Япончууд байгаа гэж үздэг. Тиймээс энэ талаар хэлэлцэхэд бид бэлэн байна” гэжээ.

Тэр бас дэлхийн хоёрдугаар дайны энхийн гэрээний талаар “Бид бол Ази, Номхон далайн бүс нутаг дахь хэвийн түншүүд. Гэвч энхийн гэрээг одоо болтол байгуулаагүй байгаа нь бидний олон талт хамтын ажиллагааг хөгжихөд саад болж байна” гэсэн юм.

Ингэхдээ Москва, Токиогийн хооронд хүмүүнлэгийн, соёлын, худалдааны харилцаа бий болж, харилцан итгэлцэл үүсэх нь энхийн гэрээ байгуулах суурь нөхцөл болно гэж үзэж байгаагаа Путин хэлжээ. Путин үүнийг дурдахдаа Орос-Хятадын хооронд газар нутгийн маргаанаа яаж шийдсэн амжилттай түүхийг жишээ болгосон байна.

Гэвч Японы хувьд асуудлыг шийдэхэд бэлэн байгаа эсэхэд Путин эргэлзэж байгаагаа хэлжээ. Тухайлбал Японы “холбоотнуудынхаа өмнө хүлээсэн үүрэг” үүнд гол нөлөөлж байгаа хүчин зүйл гэсэн байна.

“Хятадтай бид хамтын ажиллагаагаа дээд түвшинд хөгжүүлж, худалдаагаа либералчилж байна. Харин Япончууд бидний эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Ялгаа харагдаж байна уу?” хэмээн Путин сэтгүүлчдээс асуужээ.

“Би Япончуудыг юу хийх, хийхгүйг заах хүн биш. Энэ бол Японы удирдагчдын шийдэх асуудал. Гэвч Японы холбоотнуудынхаа өмнө хүлээсэн үүрэгт бидний тохиролцоо нийцэх эсэх, Японы тал бие дааж шийдвэр гаргаж чадах эсэхээс бүх юм хамаарна гэдгийг бид ойлгох хэрэгтэй” гэлээ.

Оросууд Өмнөд Курилын арлууд гэдэг, Япончууд Хойд газар нутаг гэдэг дөрвөн аралыг 1945 оны Потсдамын гэрээгээр Оросын талд шилжүүлсэн. 1954 онд Токио-Москва дипломат харилцаагаа сэргээхдээ талууд энхийн гэрээ байгуулсны дараа арлуудын хоёрыг нь Японы талд шилжүүлнэ гэсэн хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Гэвч одоо болтол энхийн гэрээ байгуулагдаагүй, арлуудын маргаан үргэлжилсээр байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН