• Эхлэл
  • Дотоодын цэргийг сэргээн байгуулахаар болов

Дотоодын цэргийг сэргээн байгуулахаар болов

2016/12/14

Засгийн газрын өнөөдрийн /2016.12.14/ хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрлэсэн асуудлуудыг танилцуулж байна

Цагдаагийн алба хаагч хууль бус үүрэг, даалгавар биелүүлэхээс татгалзах эрхтэй

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Додоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Хууль хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах, цагдаагийн албаны үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, алба хаагчийг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд эрх, эрх чөлөөнд нь халддаг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор төслийг боловсруулжээ.

Тухайлбал, дээд шатны байгууллага, алба хаагчийн шийдвэр хуульд нийцсэн байх, шийдвэрийг биелүүлснээс үүсэх үр дагаврыг шийдвэр гаргасан этгээд хариуцахаар тусгасан байна. Мөн цагдаагийн алба хаагч нь хууль бус үүрэг, даалгавар биелүүлэхээс татгалзах эрхтэй байхаар зохицуулжээ.

Цагдаагийн алба хаагчийн цолыг зөвхөн хашиж байгаа албан тушаалаар нь олгож байгааг өөрчилж, албан тушаал, ажлын үр дүн, алба хаасан хугацааг харгалзан үзэж байхаар тусгасан байна. Цагдаагийн дээд цолыг “комиссар” байсныг өөрчилж, “Цагдаагийн генерал” гэх нь зүйтэй гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзжээ.

Хуулийн төсөлд мөн цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг сайжруулж, тэднийг албаны эрх мэдэл, албан тушаалаа улс төрийн зорилгоор ашиглах, ажилтан, алба хаагчийг татан оролцуулахыг хориглох, улс төрөөс ангид байхаар тусгасан байна. 

Дотоодын цэргийг сэргээн байгуулахыг дэмжив

УИХ-аас 1995 онд батлагдсан Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болгосноор Дотоодын цэргийн чиг үүрэг цагдаагийн байгууллагад шилжсэн байдаг.

Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэй байгуулж, бие даасан байдлыг нь хангах нь зүйтэй гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзэж байна.

 Улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн, самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн эсрэг тусгай ажиллагаа гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, түймэр, хүн, малын гоц халдварт өвчний үед аврах болон хорио цээрийн дэглэм сахиулахад оролцуулах шаардлага байгаа учир Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал, албан үүргээ гүйцэтгэх баталгаа, хязгаарлалтын талаарх зохицуулалтыг төсөлд тусган,_ хуульд заасан чиг, үүргээ хэрэгжүүлэх үедээ хэрэглэж болох галт зэвсэг, тусгай хэрэгслийн төрөл, хэрэглэх үндэслэл, журам, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтныг дотоодын цэргийн алба хаагчийн гүйцэтгэх чиг үүрэгтэй уялдуулан тогтоох юм.

Дотоодын цэрэг хуягт тээвэрлэгч, газар уснаа явагч, тусгай хэрэгслээр тоноглосон бусад тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын техник хэрэглэж болох бөгөөд хэрэглэх үндэслэлийг ч тодорхой болгох юм байна.

Жолооч нарт шийтгэлийг давхардуулан ногдуулж байгааг зогсооно

 Засгийн газрын хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулинд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулсан ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 7 хоногоос 30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан. Энэ нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулан ногдуулж байгаа хэрэг хэмээн Засгийн газар үзэж хуулинд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна.

Мөн цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд захиргааны шийтгэл оногдуулахаар заасан боловч баривчлах шийтгэлийг хэн оногдуулах нь тодорхой бус байгаа юм. Үүнээс болж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргавал шийдвэрлэх боломжгүй байна. 

Тодорхой зохицуулж өгөөгүй учир улсын хэмжээнд 4265 зөрчилд хуульд заасан шийтгэл оногдуулж чадаагүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр 2970 зөрчлийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 1295-д нь ямар нэг хариуцлага ногдуулаагүй гэсэн судалгаа гарчээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барина

  Засгийн газрын хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

  Цэргийн албан хаагч урд нь иргэний байгууллагад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийн хугацааг зургаан сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож, тэтгэврийг нь нэмэгдүүлэн тооцох зохицуулалтыг 2010 онд холбогдох хуулинд тусгасан.

  Ингэхдээ алба хаагч эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсний дараа энгийнээр ажиллаж шимтгэл төлсөн хугацаагаа цэргийн алба хааснаар тооцуулж, тэтгэврээ нэмэгдүүлэн тогтоолгохоор  ойлгогдож байсан юм. Энэ нь цэргийн алба хаагч болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын хооронд маргаан үүсгэж, хуулийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар нэгдсэн ойлголтод хүрч чадалгүй, тэтгэвэр тогтоолгох, тэтгэврээ өөрчлөн тогтоолгоход цаг хугацаа алдаж, хүндрэл чирэгдэл үүсгэж байгаа учир хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ.

  Эрэгтэй 25, эмэгтэй 20 жил алба хаасан бол цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд тэтгэврийг илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлснөөс 1.5 хувиар бодож нэмэгдүүлж байгаа. Харин илүү ажилласан сарын нэмэгдлийг ямар хувь хэмжээгээр тооцох талаар тодорхой зохицуулалт алга байна.

  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2015 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “…гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний 2 тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан 2 даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс … бодож тогтооно” гэсэн заалт орсон ч үүнд цэргийн тэтгэвэр авагч хамаарахгүй байгааг өөрчлөх шаардлагатай болсон байна.

Мөн цэргийн алба хаагч тухайн ажиллаж байсан байгууллагаасаа халагдсанаас хойш ажил эрхлээгүй, энгийн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаагүй байх үедээ хөдөлмөрийн чадвараа алдах, нас барсан тохиолдолд гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Бразил, Индонезид суугаа Элчин сайдын яамыг татан буулгаж, Шанхайд Консулын газар нээнэ

Манай улсын иргэд цөөн тоогоор оршин суудаг, хоёр талын улс төр, хүмүүнлэгийн харилцаа сул, төрийн зарим үйлчилгээг цахим сүлжээгээр явуулах боломжтой тул Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа  Элчин сайдын яам, Бүгд найрамдах Индонези Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг татан буулгах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Монгол Улсын 27 иргэн Бразилд, 25 иргэн Индонези Улсад байнга оршин суудаг. Хамгийн сүүлийн статистик мэдээнээс харвал манай улс Бразил Улстай 2 мянга гаруй, Индонези Улстай 12 мянган ам.доллартай тэнцэх худалдаа хийдэг байна.  БНХАУ-д Монгол Улсын дипломат  төлөөлөгчийн дөрвөн газар ажиллаж байгаа тул тэдгээрээс Хайлаарын асуудлыг шийдэх, Осака хотод суугаа Ерөнхий консулын үүргийг Токио дахь Элчин сайдын яамнаас хариуцаж болно гэж Засгийн газар үзлээ.

Харин Монгол Улсын хүн ам олноор оршин суудаг, ажиллаж суралцдаг байдлыг харгалзан БНХАУ-ын Шанхай хотод Консулын газар шинээр нээж, Киргизийн Бишкек дэх Консулын газраа Элчин сайдын яам болгох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Дипломат албаны томилолтын хугацааг 4 жил болгоно

Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжиж хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд,

-Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн  газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарлах,

-Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгох,

-Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат албаныхны цалин хөлсийг 3 жил тутамд Засийн газраас шиинэчлэн тогтоож байх, хүүхдийнх нь цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтооны 45 жилийн ойг 2017 онд тэмдэглэхээр болов. Ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны даргаар Гадаад харилцааны сайдыг томилж бүрэлдэхүүнийг нь батлав.

Ойн хүрээнд шуудангийн марк хэвлүүлэх, лого тэмдэг гаргах, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх, Япон орны тухай зохион бичлэг, илтгэлийн уралдаан зарлах зэрэг 40 орчим арга хэмжээ хийхээр төлөвлөөд байна.

Бүтэн жилийн турш зохион байгуулах эдгээр арга хэмжээ нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж Засгийн газар үзлээ. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2017 оны 02 дугаар сарын 24-нд тохиох юм.

Зарим суманд гал унтраах аврах анги шинээр байгуулна

Ой, хээр, обьектын түймэр их гардаг, мөн хүн ам, аж ахуйн нэгжийн тоо олон, гамшиг, осол, гал түймрийн эрсдэлтэй байдлыг харгалзан Дорнод аймгийн Халхгол, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд суманд Гал унтраах аврах анги, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Эрэн хайх аврах бүлэг шинээр байгуулахаар шийдвэрлэв. Бэлтгэл ажлыг 2017 онд хангаж 2018 оноос ажлыг нь эхлүүлэхээр боллоо.

Халх голд хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгоно

“Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс”-ийн талаар авах зарим арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Бүсийн үйл ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд, байгаль орчинд ээлтэй, экспортын баримжаатай, эрчимжсэн ХАА-н бүс хэлбэрээр хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Мөн “Халх гол бүтээн байгуулалтын бүс”-д хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгохыг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд үүрэг болголоо. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын зээлээр барина

Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болов. Төслийг БНЭУ-ын банктай тохиролцохыг холбогдох сайд нарт даалгалаа. 

Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон.

Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байна.

  Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

  Төсөл хэрэгжсэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой. 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр валютын орлого нэмэгдэн, макро эдийн засгийн тэнцвэр хангагдаж, мөнгөний бодлогын орой зай нэмэгдэнэ.

  Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт 1 тэрбум ам.доллараар буурах бөгөөд валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ. 

Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрч, 600 гаруй шууд ажлын байр бий болох юм. Үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, резинэн эдлэл, хуванцар, химий-цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдана гэж Сангийн яам тооцоолсон байна.

Гадаад зээлийн ашиглалтыг сайжруулна 

Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарт даалгав.

2017 оны нэгдсэн төсөвт 117 төсөл, арга хэмжээг 857 тэрбум гаруй төгрөгийн гадаад зээл, тусламжаас санхүүжүүлэхээр тусгасан. Үүнээс 74 төсөл, арга хэмжээг 723 тэрбум төгрөгийн гадаад зээлийн эх үүсвэрээр, 43 төсөл, хөтөлбөрийг 134 тэрбум гаруй төгрөгийн гадаад тусламжаас санхүүжүүлэхээр тооцсон юм.

Гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан 74 төслийн 15 нь ирэх оноос хэрэгжиж эхлэх бөгөөд одоо хэрэгжиж байгаа 59 төслийн 25 нь хэвийн, 21 нь хугацаандаа хэрэгжих боломжгүй, 13 нь зогсонги байдалд орсноор хөрөнгийн ашиглалт 10-аас дээш хувьтай байна.

Үүнээс болж хөрөнгө байршуулсны төлбөр, зээлийн хүү төлж эхлэх, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж үргүй зардал өсөх, урсгал зардал нэмэгдэх зэрэг хүндрэл үүсч эхэлжээ.

Иймд ТЭЗҮ, зураг, төсөв хийж батлуулсан төслийг эхлүүлэх, төслийн дэд бүтцийг урьдчилан шийдвэрлэх, худалдан авах ажиллагааны явц, хяналтыг сайжруулах, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийн ажилд тавих хяналтыг сайжруулж, хариуцлагыг өндөржүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.

Ажлын өдрийг шилжүүллээ

Томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүллээ. Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр /12 дугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1/ нийт дөрөв хоног амрах юм.

Товч мэдээ

-  Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзлээ. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн зориулалтыг дэд бүтэц, боловсруулах үйлдвэрийн салбарын төслүүдийг санхүүжүүлэх чиглэлээр өөрчлөх талаар БНЭУ-ын талтай тохиролцон Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайдад даалгалаа.

-  УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзэн үндэслэлээ хууль санаачлагчид уламжлахаар боллоо.

-  Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган, үзэл баримтлалыг хамтран баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

-  Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтын үр дүнг сайшаав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд салбарын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, хэрэгжиж байгаа зээл, тусламжийн хэрэгжилт, үр дүнг сайжруулахыг сайд нарт үүрэг болгов. Хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, зохицуулах, Хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Сангийн сайдад даалгав.

-  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдлийн даатгалын тухай хуулийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин