• Эхлэл
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгана

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгана

2016/12/15

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2016.12.14/ болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд,

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгана

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд,

- Авлига өгөх гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ялын бодлогыг дахин хянаж, хорих ялын доод хугацааг 6 сар болгон өөрчлөх,

- Төсвийн хөрөнгөөр “эд хөрөнгө” худалдаж авахдаа зах зээлийн дунджаас өндөр үнээр авсан бол гэмт хэрэгт тооцохыг “бараа, ажил, үйлчилгээ” гэж хамрах хүрээг өргөтгөх,

- Одоо батлагдсан хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар байгааг өөрчилж, нийгэмд учруулах хор аюул багатай гэмт хэргүүдэд хорих ял оноохгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг өргөн хэрэглэх,

- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол дахин нийтийн албанд томилогдох, төрийн алба эрхлэхгүй байх хугацаа хоёр жил байсныг 5 жил болгон нэмэгдүүлэх, 

- Залилангийн гэмт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл оноохдоо бусдад учруулсан хохирлоо барагдуулсан, эс барагдуулсныг харгалзан үзэх зэргээр, ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгахаар тусгажээ.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ 2016 оны наймдугаар сарын 30-ны өдөр баталж, 2017 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хугацааг тогтоосон юм.  

Цагдаагийн алба хаагч хууль бус үүрэг, даалгавар биелүүлэхээс татгалзах эрхтэй

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Хууль хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах, цагдаагийн албаны үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, алба хаагчийг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд эрх, эрх чөлөөнд нь халддаг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор төслийг боловсруулжээ.

Тухайлбал, дээд шатны байгууллага, алба хаагчийн шийдвэр хуульд нийцсэн байх, шийдвэрийг биелүүлснээс үүсэх үр дагаврыг шийдвэр гаргасан этгээд хариуцахаар тусгасан байна. Мөн цагдаагийн алба хаагч нь хууль бус үүрэг, даалгавар биелүүлэхээс татгалзах эрхтэй байхаар зохицуулжээ.

Цагдаагийн алба хаагчийн цолыг зөвхөн хашиж байгаа албан тушаалаар нь олгож байгааг өөрчилж, албан тушаал, ажлын үр дүн, алба хаасан хугацааг харгалзан үзэж байхаар тусгасан байна. Цагдаагийн дээд цолыг “комиссар” байсныг өөрчилж, “Цагдаагийн генерал” гэх нь зүйтэй гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзжээ.

Хуулийн төсөлд мөн цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг сайжруулж, тэднийг албаны эрх мэдэл, албан тушаалаа улс төрийн зорилгоор ашиглах, ажилтан, алба хаагчийг татан оролцуулахыг хориглох, улс төрөөс ангид байхаар тусгасан байна. 

Дотоодын цэргийг сэргээн байгуулахыг дэмжив

УИХ-аас 1995 онд батлагдсан Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болгосноор Дотоодын цэргийн чиг үүрэг цагдаагийн байгууллагад шилжсэн байдаг.

Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэй байгуулж, бие даасан байдлыг нь хангах нь зүйтэй гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзэж байна.

Улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн, самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн эсрэг тусгай ажиллагаа гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, түймэр, хүн, малын гоц халдварт өвчний үед аврах болон хорио цээрийн дэглэм сахиулахад оролцуулах шаардлага байгаа учир Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал, албан үүргээ гүйцэтгэх баталгаа, хязгаарлалтын талаарх зохицуулалтыг төсөлд тусган, хуульд заасан чиг, үүргээ хэрэгжүүлэх үедээ хэрэглэж болох галт зэвсэг, тусгай хэрэгслийн төрөл, хэрэглэх үндэслэл, журам, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтныг дотоодын цэргийн алба хаагчийн гүйцэтгэх чиг үүрэгтэй уялдуулан тогтоох юм.

Дотоодын цэрэг хуягт тээвэрлэгч, газар уснаа явагч, тусгай хэрэгслээр тоноглосон бусад тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын техник хэрэглэж болох бөгөөд хэрэглэх үндэслэлийг ч тодорхой болгох юм байна.

Эх сурвалж: Zasag.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин