• Эхлэл
  • Уралдаан: Монгол уу, Мозамбик уу?

Уралдаан: Монгол уу, Мозамбик уу?

2017/02/02

Монгол, Мозамбик.

Монгол, Мозамбик хоёр нэг тивд оршдоггүй. Арьсны өнгө нь ч, хэл яриа нь ч, соёл заншил нь ч, газар зүйн байршил нь ч адилгүй. Тэгвэл, хаа хамаагүй улсуудыг юу холбодог юм бэ? Ердөө л байгаа байдал нь холбодог. Хоёул харьяалагддаг бүс нутгийнхаа хамгийн ирээдүйтэй эдийн засаг. Хоёул байгалийн баялагаараа тэргүүлдэг. Гэсэн атал гадны зээл тусламжаар одоо хэр нь “амьдрал”-аа болгож яваа. Авлига, хүнд сурталийн индексээрээ доох нь хэсэгт үүдэн хоймрын зайтай яваа. Ойрхон шиг яваа Монгол, Мозамбик хоёрын хэн нь нэгнээсээ өрсөх вэ?

Баялаг, баялаг, баялаг

Цаг хугацааны хүрд хэдэнтээ эргэлдэж, нэгэнд нь, эзлэгдэж, нөгөөг нь эзэлж явсан бидний Монгол улс одоо мөнхийн хоёр хөршийнхөө тэхий голд нь торойж байгаа. Амбици, чадлынхаа хувьд хөршийнхөө хэмжээнд хүрэхгүй ч баялаг гэдэг зүйлийг “бурхан” харамгүй хайрлажээ. Чухам энэ мэдээлэл 2000-аад оны эхэнд дэлхий дахинаа мандаж байгаатай зэрэгцэн Монголын эдийн засаг алгуур ч гэсэн өсч эхлэв. Дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш өссөн нь Монголын эдийн засгийг 2011 онд 17,5 хүртэл өөд татаж дэлхий нийтийг гайхшруулав. Ердөө хоёр жилийн өмнө буюу 2009 онд хасах зааж байсан гэж бодохоор энэ бол бахдам үзүүлэлт.

Дэлхийн хамгийн том алтны нөөц гэгдэж байгаа Оюу толгой 1358 тонн алтны нийт нөөцтэй. Эрдэнэтээс 3-4 дахин их нөөцтэй энэ аварга төсөл одоо хэрүүл, магтаалын дундуур явсаар ямартай ч үр ашгаа өгсөөр байна. Үүнээс гадна ирэх хаврын хамгийн том хэрүүлийн алим гэгдэж буй Тавантолгойн ордыг бид мартаж болохгүй. Тавантолгой хэдийгээр Оюутолгойгоо гүйцэхгүй ч Азидаа дээгүүрт тооцогдох ашигт малтмалын орд.

Хар тивийн сувд гэгдэж байгаа Мозамбик мөн л манайхтай адилхан. Мөнхийн зургаан хөршийнхөө голд торойж байна. Бусад хөршүүдээ бодвол байгалийн хийн асар их нөөцөн дээр “суусан” энэ улс 1995 оноос дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлжээ. Гэсэн хэдий ч баялаг тойрсон хэрүүл, үндэстэн хоорондын маргаанаас болоод том гэж хэлж болох бүх төслүүд өнөө хэр нь гацаачихсан. Мозамбикийн байгалийн хий дэлхийн чихэнд хүрснээс хойш 1996 онд дэлхийн эдийн засгийн хамгийн том үзүүлэлт гэгдэх 26,9 хувийн өсөлтийг үзүүлж байсан түүхтэй. Ази, африкийн ихэнх улс шилжилтийн үеийн нөхцөл байдалд ядруухан амьдарч байхад Мозамбик улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг гайхшруулж байлаа.

Тус улсын баруун хэсэг буюу Энэтхэгийн далайн эрэг, Мозамбикийн суваг орчимд байгалийн хийн итгэмээргүй нөөц байгаа нь тогтоогдож одоо энэ улс Бразил, Бельги, Португаль улсаас хөрөнгө оруулалт татан мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Зөвхөн баруун Ровумагын нөөц нь л гэхэд буурал тивийг 500 жилийн турш ажрахгүй тэжээх хүчин чадалтай ажээ.

Баялаг тойрсон хэрүүл

“Толгой” тойрсон хэрүүл энд байгаа биднийг зовоож байхад тэнд байгаа Мозамбикийг салхи тойрсон хэрүүл зовоож байна. Ердөө 25 жилийн өмнө хуучин нийгмээ түлхэн унагасан бид ардчиллыг өлгийдөн аваад 10 хүрэхгүй жил болж байхад Оюутолгой болон Овоот толгойн ордын нөөц дэлхий нийтийн анхааралд өртөж, улаан, цэнхэрийн дунд шидэлцсээр 2009 онд гарын үсэг зурсан ч одоог болтол хэрүүлийн алим болсон хэвээр л байна. Одоогоос яг 7 сарын өмнө тухайн үед Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан С.Баярцогт сайдтай холбоотой мэдээлэл Швейцарийн нэгэн сонинд гарсан нь дэлхий дахиныг эргэлзээнд оруулж орхисон билээ. Толгой тойрсон хэрүүл үүгээр дуусахгүй. Тун удахгүй ирэх хавар Тавантолгойн ордыг УИХ-аар хэлэлцэнэ.

Мозамбик улс иргэний дайны хөлд дарагдаж байсаар 14 жилийн дараа 1992 онд дайн, дажин намжиж энхбайдал тогтжээ. Энхбайдал тогтоод төд удаагүй байтал өмнөх засаглалаасаа тэс өөрөөр ардчилсан замналыг замна гэж удирдагчид нь мэдэгдэж, улмаар төрийн өмчит компанийн тоог цөөлөн улсынхаа баялагын нөөцийг гадны экспертүүдээр хийлгэв. Энэ нь одоо ч хөрш улсуудынхаа шүлсийг асгаруулж байгаа Ровумагын байгалийн хийн төслийг ил болгосон билээ. Уг төсөл 2000-аад оны эхэн үед засгийн газраар хэлэлцэгдэж байсан ч цөөнхийн шахалтаас болоод 2014 оныг хүлээх хэрэгтэй болсон юм. Мөн л 14 жил төслийн үр өгөөж тойрч хэрэлдсэний эцэст 2014 онд 30 тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий Ровумагын хосолмол төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Баруун, зүүн хоёр хуваагдсан уг төслийн үр өгөөж 2018 онд гарч эхлэх бөгөөд зөвхөн нэг тал нь л гэхэд жилдээ 20 сая тонн байгалийн хий олборлох хүчин чадалтай ажээ. Төслийг АНУ, Итали, Мозамбикийн хувь нийлүүлсэн компани гүйцэтгэж байна.

Зээлээс зээлийн хооронд

Бид тэдэнтэй адил зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байгаа. Гэтэл бид ч, тэд ч “зах” гэдэг үгийг авч хаян, “зээл”-ийн нийгэм гэж ойлгосоор өдийг хүрчээ. Бид тэднээс ДНБ-д эзлэх нийт өрийн хэмжээгээр илүү. Дэлхийн банкны судалгаагаар 2016 оны байдлаар Монгол улсын нийт өр ДНБ-ний 77,4 хувийг эзэлж байгаа бол Мозамбикийн тухайд 55,4 хувийг эзэлж байна. Хоёул бүс нутгийн хэмжээнд хамгийн эрсдэлтэй бүс нутгийн тоонд багтсаныг Дэлхийн банк зарлав. Тоогоор илэрхийлбэл бид 21 тэрбум ам.доллар, тэд 14,1 тэрбумын өрөнд унажээ. Мозамбикийн хувьд 2018 онд байгалийн хийн мега төслүүд хэргэжсэний дараа эдийн засгийн хүндрэлээс гарна гэж мэдэгдсэн бол бид “толгойнуудыг эргэлдүүлж” түүгээрээ хүндрэлийг давна гэж харж байгаа.

Хоёр нам, нэг зовлон

Орших тив өөр ч зовлон нэг биднийг адилтгах зүйл нь төрийн хүнд суртал. Бидний хувьд МАН, АН хоёр намын дунд улстөрийн тоглоом өрнөдөг бол тэдний хувьд ФРЕЛИМО, РЕНАМО гэсэн хоёр намын хооронд улстөр өрнөж байна. МАН, АН хоёр ана мана үзэлцдэг ч УИХ-ын сонгуульд АН хоёр удаа олонх болж засаг бүрдүүлж байлаа. Тэгвэл Мозамбик улсад РЕНАМО нам хоёр удаа засаг бүрдүүлж, одоо парламентийн хоёр ч танхимд олонхийн суудлыг аваад байна. Өмнө нь ФРЕЛИМО нам дээд танхим болон ерөнхийлөгчийн сонгуульд олонх болдог байсан ч 2013 оноос РЕНАМО нам олонх болсон юм. Хоёр улсын талаарх Дэлхийн банкны тайлан мэдээлэл ч утга агуулгын хувьд ив ижил. “Хэрвээ засаглалын зүй зохистой байдлыг нэн даруй бий болгохгүй бол улсын хувьд баялагын тэгш бус хуваарилалт, засаглалын хямрал нүүрлэх өндөр эрсдэлтэй” гэж 2016 оны 10-р сарын тайланд дурьджээ.

Бид 2011 онд экс ерөнхийлөгч Н.Энхбаяраа авлигийн хэрэгт холбогдуулан оймс гозогнуулж шоронд хийсэн нь улстөрийн түүхэн дэх хамгийн том баривчилгаа байлаа. 2007 онд Авлигатай тэмцэх газар байгуулж, авлигатай бид өндөр дуугаар тэмцэх болов. Одоогийн байдлаар АТГ-д улстөрийн өндөр албан тушаалтай гэх 500 гаруй хүний хэргийг хэлэлцжээ. Одоо ч Д.Арвин, С.Баярцогт, Н.Алтанхуяг нарын хэргийг шалгаж байгаа.

Мозамбик улсад төрийн өндөр албан тушаалтнуудтай холбогдох авлигийн хэрэг олон нийтийн анхаарлын төвд байдаг. Тухайлбал 2011 онд Мозамбикийн Засгийн газрын хоёр гишүүн байгалийн хийн төслөөс их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэргээр шүүхэд дуудагдаж, удалгүй хэргээ хүлээсэн юм. Сүүлийн таван жилийн хугацаанд Мозамбикийн Засгийн газрын зургаан ч сайд авлигын хэргээр аавын хаалга татжээ. Тус улсын засгийн газар 2010 оноос эхлэн авлигатай тэмцэх ажлаа эрчимжүүлж ерөнхийлөгчийн ажлын албаны дэргэд авлигийн тусгай хороо байгуулан ажиллаж байна.

Транспаренси олон улсын байгууллагын гаргасан олон улсын авлигийн индекст бид 87-р байрт авлига өндөр улсын тоонд орсон бол тэд 142-р байрт хамгийн өндөр эрсдэлтэй улсын тоонд багтжээ.

Төгсгөлийн оронд

Монгол, Мозамбик хоёр өөр. Шашин шүтлэг, арсны өнгө, соёл уламжлал, газар нутаг, цаг уурын нөхцөл байдал, газар зүйн байрлал гээд биднийг зааглах зүйл олон. Гэхдээ туулж байгаа зовлон, замнасан замнал, одоогийн нөхцөл байдлаараа бид хэтэрхий ижилхэн. Дэлхийн банк Мозамбикийг 2020-2030 онд Африкийн хамгийн хөгжингүй улс болно гэж өөдрөг хүлээлттэйгээр ажиглаж байгаа бол биднийг хэрвээ төслүүдээ амжилттай хэрэгжүүлбэл 2020 онд эдийн засгийн өсөлтөө өндөр төвшинд хадгалж чадна гэж харж байгаа.

Баялаг болон засаглалын хувьд хэтэрхий ижилхэн Мозамбикаас бидний сурах зүйл их. Хэрвээ 2018 онд Ровумагын байгалийн хийн төсөл эхний ээлжинд 40 сая тонн байгалийн хий жилд олборлоод эхэлбэл биднийг тоосондоо орхиход бэлэн байна. Харин бид энд “Толгой тойрсон хэрүүл”, “Үнээ төхөөрөх маргаан”-тайгаар шинэ сартайгаа золгох гэж байна.

Хэн нь түрүүлэх вэ? Монгол уу Мозамбик үү?

ЖИЧ: Дэлхийн банкны судалгаагаар 2015 онд Монгол улсын төсөв 11,7 тэрбум ам.доллараар хэмжигдсэн бол Мозамбикийн төсөв 14,8 тэрбум ам.доллараар хэмжигдсэн юм. Харин Мозамбикчүүдийн ДНБ-ний өсөлт 6,6 хувьд хүрсэн бол Монголынх 2,4 хувьд хүрчээ.

Б.Болор


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    аль ч талаараа Мозамбик нь түрүүлж яваа харагдаж байна
    2017 оны 02 сарын 05