БҮЛЭГ II
Гурван шөнийн дараа хөгшин Мажор унтаагаараа чимээгүйхэн өнгөрлөө. Түүнийг жимсний бутны ёроолд оршуулав.
Гурван сарын эхэн үе байлаа. Дараагийн гурван сард нууц ажиллагаа маш идэвхитэй өрнөлөө. Мажорын хэлсэн үг фермийн арай илүү ухаантай гэгддэг амьтадад амьдралдаа баримтлах шинэ чиг шугамыг бүрэн төгс зааж өгөв.Тэд Мажорын зөгнөж хэлсэн “Бослого” хэзээ гарахыг мэдэхгүй, тэдний үед гарна гэж бодох үндэс шалтгаан байгаагүй боловч түүнд бэлтгэх нь тэдний үүрэг гэдгийг тов тодорхой ойлгож байлаа. Амьтдын дотроос хамгийн ухаантай нь гэж нийтээр зөвшөөрсөн гахайнуудад бусаддаа зааж зааварлах, зохион байгуулах үүрэг оногдсон нь зүй ёсны хэрэг байв. Гахайнуудын сор нь ноён Жонесын худалдах гэж байсан Сноуболл, Наполеон хэмээх хоер залуу азарган гахай байлаа. Наполеон хавьгүй том биетэй, гал цогтой Беркшайре үүлдрийн азарган болно. Тэр фермдээ ганцаараа Беркшайре үүлдрийнх бөгөөд нэг их сайн илтгэгч биш боловч санасандаа хүрдэг нэгэн. Сноуболл Наполеоныгоо бодоход сэргэлэн цовоо, хурдан ярьдаг, санаж сэдэмтгий гахай боловч зан араншингийн хувьд нөгөөхтэйгээ адилгүй. Фермийн бусад бүх эр гахайнууд нь бодон байв. Тэдэн дундаасаа хамгийн нэртэй нь жижигхэн тарган, цулцгар хацартай, гялалзсан нүдтэй, шаламгай хөдөлгөөнтэй, шаардангуй дуутай Скүиэлер хэмээх гахай болно. Тэр уран илтгэгч бөгөөд хэцүү асуудлаар маргахаараа хөлгийн дарга шиг тал тал тийшээ алхалж сүүлээ модойлгохоороо яагаад ч юм үнэмшил төрүүлдэг байв. Нөхөд нь Скүиэлерийг харыг цагаан болгож чадна гэнэ.
Энэ гурав нийлж байгаад хөгшин Мажорын сургаалийг цогц бодлого болгож, “амьтанизм” гэж нэрлэлээ. Хэдэн шөнийн туршид ноён Жонесийг унтсаны дараа тэд саравчинд цугларч бусад амьтаддаа амьтанизмын зарчмыг тайлбарлан таниулав. Эхэндээ мунхаг мулгуу, хайхрамжгүй байдалтай тулгарч байлаа. Зарим амьтад “Эзнээ” гэж үздэг ноён Жонест үнэнч байх үүргийн тухай ярьж, эсвэл ноён Жонес биднийг тэжээдэг гэх мэт жижигхэн юм сануулна. Нэг хэсэг нь хэрэв түүнийг хөөчихвөл бид өлсөж үхнэ гэсэн санаагаар “Бид яагаад заавал бидний нас барсны дараа болох зүйлд санаа зовох ёстой юм бэ?” гэх юм уу, үгүй бол “ Ямар ч байсан энэ бослого гарлаа гэж бодоход бид үүний төлөө зүтгэсэн зүтгээгүйн ялгаа нь юу байх вэ?” гэж асуухад гахайнууд ингэж бодох нь амьтанизмын ёс зүйд харшилна гэж тэдэнд ойлгуулах гэж нилээд бэрхшээлтэй тулгарлаа. Бүхнээс тэнэг асуултыг цагаан гүү Моллие тавив. Түүний Сноуболлоос асуусан анхны асуулт нь “Бослогын дараа ёотон олдох уу?” гэсэн асуулт байлаа.
Сноуболл “Үгүй ээ, бид энэ ферм дээр ёотон үйлдвэрлэх бодолгүй байгаа. Тэгээд ч танд ёотон хэрэггүй. Та овёс, өвсийг хүссэн хэмжээгээрээ хүртэх болно” гэж ширүүхэн хэллээ.
“Би одоогийнх шигээ дэлэн дээрээ тууз зүүх зөвшөөрөлтэй байх уу?” гэж Моллие асуулаа. “Нөхөр минь ээ, таны тэгэж их зовоод байгаа тэр тууз чинь боолчлогдлын бэлгэ тэмдэг шүү дээ. Эрх чөлөө гэдэг бол туузнаас илүү чухал гэдгийг та ойлгохгүй байна уу?” гэж Сноуболл хэлэв.
Моллие түүний хэлэхийг зөвшөөрсөн боловч ойлгосон шинж мэдэгдсэнгүй.
Гахайнууд тэжээмэл хэрээ Мозесийн гаргасан худал яриаг намжаах гэж ихээхэн тэмцэл хийлээ. Мозес ноён Жонесийн хайртай амьтан байсан бөгөөд мөн тагнуул, хов яригч төдийгүй сайн илтгэгч байсан юм. Тэр бүх амьтад ертөнцийн мөнх бусыг үзэхээрээ очдог Мөсөнчихрэн уул нэртэй нууц орон байдгийг бусаддаа мэдүүлэхийг хүсэж байв. Энэ орон нь хаа нэгтээ тэнгэр дээр үүлнээс бага зэрэг зайтай оршдог юм байх аа. Мөсөнчихрэн Уул долоон өдөртэй, бүхий л жилийн турш хошингор цэцэг ургадаг улиралтай, хашаа хороонд нь дөрвөлжин ёотон болон маалинган бялуу ургадаг гэнэ. Мозес элдэв түүх ярьж ажил хийдэггүй болохоор амьтад түүнийг үзэн яддаг боловч тэдний зарим нь Мөсөнчихрэн Ууланд итгэдэг тул гахайнууд тийм газар байдаггүй гэж арай ядан үнэмшүүлэв. Тэдний талыг үнэнчээр баримтлагч нь тэрэгний морь Боксёр,Кловер хоёр байлаа.Энэ хоёр бие дааж бодохдоо маруухан боловч нэгэн цагт гахайнуудыг өөрсдийнхөө багш гэж тооцох болсоноос хойш тэдний хэлсэн зүйл бүрийг хүлээн авч бусаддаа энгийн хэлбэрээр дамжуулж ойлгуулна.Тэд саравчинд болдог нууц хуралд байнга ирэх бөгөөд хурал өндөрлөхөд үргэлж “Английн амьтад”ыг удирдаж дуулуулна.
Одоо Бослого нь хэн нэгний бодож байснаас хавьгүй эрт, мөн амархан гарчих боломжтой боллоо. Өнгөрсөн хугацаанд ноён Жонес ажилсаг эзэн, чадварлаг фермер гэдгээ харуулж байсан боловч сүүлийн үед уруудах болсон юм. Хуулийн байгууллагаар давж заалдаад мөнгөө алдсандаа ихэд гутарч хирээс хэтрүүлэн уух болжээ.Тэр бүхэл өдрийн туршид хэдэн цагаар гал тогооны өрөөнд байдаг виндзор хийцийн түшлэгтэй модон сандалдаа шигдэн сууж сонин уншиж, юм ууж байх зуураа шар айрганд дүрж чийглэсэн талхны захаар үе үе Мозесийг хооллоно. Жонесийн ажилчид нь нь залхуу, үнэнч биш байсны зэрэгцээ талбай нь зэрлэг өвсөнд идэгдсэн, байшингуудын дээвэр нь цоорхой,хашаа хороо нь эвдэрч хэмхэрсэн, мал амьтад нь дутуу дулимаг хоолтой байлаа.
Зургаан сар гарч өвс хадах цаг бараг хаяанд ирлээ. Бямба гаригт тохиосон зуны дунд сарын Иеийн өдөр ноён Жонес Виллингтон орж “Улаан Арслан” нэрт буурчийн газар их ууснаас ням гаригийн үд дунд хүртэл эргэж ирсэнгүй. Ноён Жонес буцаж ирүүтээ үүдний өрөөний буйдан дээр “Дэлхийн мэдээ” сонингоор нүүрээ бүтээн шууд унтаад өгөв. Орой болоход амьтад хоолгүй л байлаа.Эцсийи эцэст тэд үүнийг удаан тэсвэрлэж чадсангүй. Үнээнүүдийн нэг нь эврээрээ хашааныхаа хаалгыг эвдлэхэд бусад бүх амьтад бие биендээ туслан хашаанаас гарч эхэллээ. Дараагийн мөч гэхэд ноён Жонес дөрвөн залуугийн хамт гартаа ташуур барьсаар саравчинд орж ирэн зүг бүррүү ороолгож гарав. Үүнийг тэсвэрлэх нь өлсгөлөн амьтадын хувьд хирээс хэтэрсэн зүйл байв. Хэдийгээр урьдчилан төлөвлөсөн зүйл байгаагүй ч тэд өөрсдийг нь тамлагчидруу нэгэн санаагаар довтлон залуусынхаа хамт тал талаасаа мөргүүлж өшигчүүлж байгаагаа гэнэт ухаарав. Тэд байдлыг хянах чадвараа бүрэн алдлаа. Мөчийн дараа гэхэд мөнөө тав тавуулаа ялсан амьтдад туугдан төв замруу ордог тэрэгний зам даган нисэж явав.
Хатагтай Жонес юу болоод байгааг унтлагын өрөөнийхөө цонхоор хараад том цүнхэнд ойр зуур хэрэглэх хэдэн зүйлээ чихэж аваад өөр хаалгаар фермээс гарч одлоо. Мозес сургааг модноосоо үсрэн бууж чангаар гуаглан араас нь дэвэв.Энэ үеэр амьтад Жонесыг болон залуусыг зам уруудуулан хөөж араас нь таван тонны хүнд хаалгаа хааж байв. Бараг л тэд юу болсныг ойлгохоос өмнө Жонес хөөгдөж Эзэмшлийн Ферм тэднийх болж Бослого амжилттай өндөрлөв. Эхний мөчид амьтад амжилтандаа итгэн ядаж байв. Хүн төрөлхтөнөөс нэг нь ч ойр хавьд нуугдаж үлдээгүй гэдэгт итгэлтэй байхын тулд эхлээд фермийнхээ зах хязгаараар биечлэн давхиж үзлээ. Дараа нь төв байр руу буцан орж хараал идмэр Жонесийн засаглалын сүүлчийн ул мөрийг арчин хаяв. Морины зүчээний шувтарганд байдаг, морьдыг тэргэнд хөллөдөг өрөөг бүрмөсөн эвдэж, амгаа, хазаар, самсааны гарих, нохойн гинж, ноён Жонесийн торой, унага хөнгөлөхдөө хэрэглэдэг байсан хурц хутгануудыг бүгдийг нь аль болох хол шидлээ. Талбай дээр улалзан асаж буй гал руу бурантаг, шидмэс, нүдний хаалт, хамраас зүүдэг балиар хувин нисэв. Бүхэл бүтэн овоо босжээ. Хогон овоо дөл болон шатаж байгааг харсан амьтад бүгдээрээ баясгалантайяа цоройн харайна. Сноуболл ч бас ажилд оролцож, голдуу зах гардаг өдөр морьдын дэл сүүлийг гоёдог хонхнуудыг гал руу шидлээ.
“Хонх бол хүний шинжийг илтгэсэн хувцас л гэсэн үг.Бүх амьтад нүцгэн явбал зохино” гэж тэр хэлэв. Боксёр үүнийг сонсоод чих рүүгээ ялаа оруулахгүй гэж зун өмсдөг байсан сүрлэн бүрх малгайгаа бусад зүйлийнхээ хамт галруу шидлээ. Амьтад ноён Жонесийг сануулж буй бүгдийг хэсэгхэн зуурт устгаж амжлаа. Дараа нь Наполеон тэднийг саравчруу дагуулан ирж бүгдэд нь хоёр дахин их тариа, нохой бүрт хоёр ширхэг жигнэмэг өгөв. Дараа нь тэд “Английн амьтад”-ыг эхнээс нь эцэст нь хүртэл долоон удаа дуулаад унтах аяаа бодож, урьд өмнө байгаагүйгээр сайхан унтлаа.
Тэд ердийнхөөрөө үүрээр сэрцгээсэн боловч гэнэтхэн гайхамшигтай сайхан зүйл тохилдсоныг санаж хамтдаа билчээррүүгээ давхив. Билчээрээс жаахан уруудахад оройд нь гараад фермийн ихэнхийг харж болохуйц толгод байна.Амьтад толгодын орой руу давхилдан гарч эргэн тойрноо өглөөний тунгалаг наранд ажиглан харлаа.Тийм ээ, энэ бүгд бол тэднийх, хараа нь хүрч байгаа юм болгон тэд нарынх байлаа. Ингэж бодохоос тэд хөөрөн баясаж эргэн тойрон дүүлж, догдолсондоо дээш дээш үсрэн бие биенээ агаарт шиднэ.Тэд шүүдэр дээгүүр гулгаж, зун цагийн амтлаг өвсийг зулгааж, буурал хорвоогийн хэсэг газрыг сэндийчиж тансаг үнэрийг нь хүртлээ. Дараа нь тэд жагсаалаараа явж бүхий л фермийн хадлан, тариалалтын талбай, жимсний бут, шалбааг, төглийг үг хэлгүй боловч сэтгэл хангалуун шалгалаа. Хэдийгээр тэд энэ бүгдийг урьд нь анзаарч байгаагүй боловч одоо ч гэсэн энэ бүхэн өөрсдийнх нь юм шүү гэдэгт итгэж ядан байв.
Дараа нь фермийн цогцолбор руу жагсаалаараа очиж төв байрны үүдэнд дуугаа хураан зогсоцгоов. Тэр байр бас л өөрсдийнх нь байсан боловч тэд дотогш орохоос айцгаалаа. Гэсэн хэдий ч нэгэн мөчийн дараа Сноубол, Наполеон хоёр хаалгыг хаагаараа түлхэж онгойлгоход ямар нэгэн зүйлийг бусниулахаас ихэд эмээн нэг нэгээр цувран орцгоов. Тэд өрөөнөөс өрөөрүү хөнгөн хөнгөн гишгэлэн матрацтай ор, шилэн хундаганууд, морины сүүлээр хийсэн буйдан, Брюселийн хивс, зочны өрөөний карниз дээрх Хатан хаан Викториягийн хөргийг алмайран ширтэнэ. Тэд шатаар уруудах үедээ Моллие алга болсоныг олж мэдлээ. Нэг хэсэг нь буцаж яваад Моллиег хамгийн гоё унтлагын өрөөнд үлдэж хоцорсон байсныг оллоо. Тэр хатагтай Жонесын энгэсэгний ширээн дээрээс нэг цэнхэр тууз аваад дал мөрөндөө барьчихсан толинд өөрийгөө харж баясан тэнэгтэж байв. Нөхөд нь түүнийг хатуухан зэмлээд гарч одов. Тэд байранд тавьсан зүйлээс галын өрөөнд байсан гахайн хэсэг махыг гадагш чулуудаж, угаалгын саванд байсан торхтой шар айргийг Боксёр туурайгаараа хага өшиглөсөнийг эс тооцвол өөр бусад юманд хүрсэнгүй. Тэд төв байрыг музей болгох нь зүйтэй гэж үзэж нэн даруй тогтоол гарган санал нэгтэй баталлаа. Ямарч амьтан энд хэзээ ч амьдрах ёсгүй гэдгийг бүгд зөвшөөрцгөөв.
Амьтад өглөөнийхөө цайг ууж дуусахад Сноуболл, Наполеон хоёр бүгдийг нь дахин дуудав. “Нөхөд өө, одоо зургаан цаг хагас болж байна. Бидний өмнө урт өдөр байна. Өнөөдөр бид ургацаа хурааж эхлэнэ. Гэвч үүнээс урьтаж хийх ёстой өөр нэг зүйл байна” гэж Сноуболл хэлэв. Гахайнууд овоолсон хогон дотроос ноён Жонесийн хүүхдүүдийн үздэг байсан үсэглэлийн номыг олж сүүлийн гурван сарын туршид бие биендээ уншиж бичихийг зааснаа сая л ил гаргаж хэллээ. Наполеон хар цагаан өнгийн савтай будаг авчруулж тэднийг төв зам руу хардаг таван тонны хаалга руу дагуулан уруудав. Тэгээд Сноуболл турууныхаа салаанд бийр хавчуулж (хамгийн сайн бичдэг нь Сноуболл байв) хаалганы оройд “ЭЗЭМШЛИЙН ФЕРМ” гэж бичээстэй байсаныг дарж оронд нь “АМЬТНЫ ФЕРМ” гэж бичлээ. Үүнээс хойш фермийг ингэж нэрлэх болжээ. Дараа нь тэд фермийн цогцолборруу буцаж ирэв. Сноуболл, Наполеон хоёр шат авчруулж том саравчны шувтрагын хананы эсрэг талд байрлуулахыг тушаав. Тэд гахайнуудын сүүлийн гурван сард сурсан эрдмээс үзэхэд амьтанизмын зарчмыг цөөлж Долоон Журам болгох хэрэгтэй байна гэж тайлбарлав. Энэхүү Долоон Журамыг одоо ханан дээр бичнэ. Эдгээр нь “Амьтны Ферм”-д амьдарч буй бүхий л амьтаны хувьд үеийн үед хэлбэрэлтгүй дагаж мөрдөх ёстой хууль болно. Сноуболл зарим нэгэн бэрхшээлтэйгээр ( шатан дээр тэнцвэрээ олох нь гахайны хувьд тийм ч хялбар зүйл биш ээ) дээш авирч хэдэн шатны доор Скүилерээр савтай будгаа бариулан зогсоож байгаад ажиллаж эхлэв. Журмыг таараар бүрсэн ханан дээр гучин яардын цаанаас ч уншиж болохуйцаар том цагаан үсгээр бичлээ. Журам нь ийм ажээ:
ДОЛООН ЖУРАМ
1. Хоёр хөл дээрээ явагч бол дайсан.
2. Дөрвөн хөл дээрээ явагчид болон жигүуртнүүд бол нөхөр мөн.
3. Ямар ч амьтан хувцас өмсөхгүй.
4. Ямар ч амьтан хөнжилд унтахгүй.
5. Ямар ч амьтан архи сархад уухгүй.
6. Ямар ч амьтан өөр бусад амьтанаа егүүтгэхгүй.
7. Бүх амьтад тэгш эрхтэй.
“Нөхөр” гэж бичихдээ “нөөхөр” гэж бичсэн, мөн '5' үсэгнүүдийн нэгийг нь буруу харуулж бичсэнийг эс тооцвол энэ нь маш нямбай бичлэг болсон бөгөөд өргөлт нь бүх үеүүддээ зөв байлаа. Сноуболл бусаддаа зориулж “журам”аа чангаар уншив. Бүх амьтад журмыг бүрэн дүүрэн зөвшөөрч толгой дохиж байхад сэргэлэн нэг нь шууд цээжилж эхлэлээ.
Сноуболл будагтай бийрээ доош буулгаад “Одоо нөхөд өө, хадлангийн талбай руу! Бид Жонес болон түүний залуусын хаддагаас илүү хурдан хадаж чадна гэсэн сэтгэлээс хандъя” гэв.
Гэвч яг энэ мөчид сүүл хирдээ хүнд байдалд орсон шиг байсан гурван үнээ чангаар мөөрөв. Хорин дөрвөн цаг саалгаагүйгээс хөх нь бараг л чинэжээ. Гахайнууд бага зэрэг бодолхийлсэнээ хувин авчруулж үнээг дажгүй сааж орхив.Тэд нарын хөл ийм ажил хийхэд сайн зохицжээ. Удалгүй таван хувин тослог сүүгээр хөөсрөн дүүрэхэд ихэнх амьтад ихэд сонирхон харлаа. “Энэ их сүүг яах вэ?” гэж хэн нэг нь асуув.
“Заримдаа Жонес сүүний хагасыг нь бидний сангастай хольчихдог байсан” гэж тахиануудын нэг нь хэлэв.
Наполеон хувингийн урд гарч зогсоод “Сүүний талаар бүү санаа зов! Арга хэмжээ авах л болно.Хадлан л илүү чухал байна даа. Нөхөр Сноуболл та нарыг дагуулж явна. Хэдэн минут болоод би очно. Урагшаа нөхөд өө! Ургац биднийг хүлээж байна!” гэж хашгирав. Тэгээд амьтад ургацаа хураахаар талбайруу бөөнөөрөө уруудацгаав. Тэд орой буцаж ирэхдээ сүү алга болсоныг анзаарлаа.
Үргэлжлэл бий. Өмнөхийг дор дарж уншина уу
Жорж Орвелл:Амьтны фирм-I бүлэг
Сэтгэгдэл байхгүй байна