Биеэ үнэлэгчийн төгсгөл

2017.12.26

Хотын дарга асан Э.Бат-Үүл нэгэнтээ гайхшаа барчихсан суусансан. Хөдөөнөөс нүүж ирээд хөдөөгийнхнөө “орк” гэнэ. Гэр хорооллоос арай гэж ховхорсон нь гэр хорооллынхноо “орк” гэнэ. Манайхан чинь ер яачихсан улс вэ... гэж. Хүүхэд байхад гэр хорооллын жаалууд орон сууцны айлд очихоор хувцаснаас нүүрс үнэртэж, айлын хүмүүс ам хамраа чимхэхээр жинхэнэ “орк” царайлдаг байлаа. Одоо бол хөдөө хотгүй, хөгшин залуу, баян ядуугүй нийтээрээ утаандаа угаартаад “би, чи”-гүй амар болсон. Улаанбаатарт өвөлжихөд Зайсанд хауст тарвалзсан, траншейнд хэвтсэн хоёрын ялгаа ер байна уу? Адилхан л нэг агаараар амьсгална.

Нэг кино байдаг юм. Залуухан үзэсгэлэнтэй бүсгүй баян тансаг амьдрал хайж яваад эрэмдэг зэрэмдэг, хөгшин эрийн эрхшээлд ордог. Эхэндээ чадлаараа эсэргүүцдэг байсан ч эцэстээ тэсвэрлэхээ больж, эхлээд зодуулахгүйн тулд, дараа нь өлсөж үхэхгүйн тулд түүний хүсэл тачаалыг хангах болж, эцэст нь эрэмдэг эрийн хөрөнгө мөнгө, гоё ганган хувцас, үнэт эдлэлд шунахдаа түүний амраг болон жүжиглэж, өөртэйгээ адил ядуу хүмүүсийг элэглэн доромжилж, тансаг харш дахь боолын амьдралаасаа хагацахгүйн тулд юу ч хийхэд бэлэн болдог.

Монгол хүний амьдрал яг л ийм болоод байна. УИХ-ын сонгуулиар МАН-ын ам панаалд хөдөө хотгүй нам тавиулж, “чонын амнаас гараад барын аманд” болсон монголчуудад удирдагчдынхаа өөрт нь хэрэглэж буй хүчирхийллийг хүлцэн тэвчихээс өөр зам үлдсэнгүй. Нэмэхгүй гэсэн татвараа нэмээд байхад, хамтын тэтгэврийг хүчингүй болгоход, гэр хорооллын барилгажилтыг зогсооход огтхон ч эсэргүүцээгүй мөртлөө “Үр хүүхэд минь хэцүүдлээ. Утаанаас салгаж өгөөч ээ” хэмээн өдөр шөнөгүй мөргөж, өглөө үдэшгүй уйлан дуулах нь гаслантай.

Гэтэл үнэндээ утаа өөрөө хийсч ирээгүй, үлээгээд явчихгүй гэдгийг бүгд л мэддэг. Утаанаас салах цорын ганц арга нь гэр хорооллоо дэд бүтэцжүүлэх, барилгажуулах, дулааны станцуудынхаа хүчин чадлыг нэхэх явдал гэж өмнөх дөрвөн жил нийтээрээ үглэж яншсан. Үглэж яншсаны үр дүнд багагүй ажил хийгдэж, бага ч атугай үр дүн нь үзэгдэж эхэлсэн. Гэтэл өнөөдөр энэ бүгдийг өшиглөөд нураачихсан (ажил хийсэн болгон нь гэмтэн болж, АТГ-ын үүдэнд чулуу няслаад сууж байгаа) нэг намын хөл гуяас зүүгдэн “утаанаас салмаар байна” гэж үглэж янших нь хоолойдоо дээстэй хоол нэхэхээс ялгаа юун. Гучин гэр бүлийн улайг нэхэж, Оюутолгойн гэрээ, оффшорын эсрэг дайнд хөөрцөглөн чулуу хөөхийн оронд “Гэр хорооллын барилгажилт дээр мөнгө тавиад, орон сууцныхаа үнийг хямдруулаад, хашааны газрыг үнэ хүргээд өгөөч” гээд тэмцсэн бол “утаанаас салгаад өгөөч” гэж гаслахаас илүү үнэмшилтэй байлаа. “Эрх баригчид биднийг биеэ үнэлэгч шиг харьцаж байна” хэмээн бухимддаг ч үнэн хэрэгтээ бид өөрсдөө өөрсдийгөө тэр хэмжээнд үнэлдгээс болж буй юм.  

Кино ингэж төгсдөг. Бүсгүй нэг өдөр урт удаан хугацааны мансуурлаас сэрж, баян тансаг биш ч өөрийн дураар, эрх чөлөөтэй амьдрал, хайрлаж байсан залуугаа ч санагалзан өөрийг нь хүлж багласан үл үзэгдэх гинжийг тасдаж хаяад боолчлолоос зугтдаг. Гэвч энэ бол кино. Харин амьдрал бол кино биш.

Саяхан гэр хорооллын иргэд нэгдэж, өөрсдийн эрх ашгийг хамгаалахаар (уг нь бол бусдынх нь ч бас эрх ашиг байгаа юм шүү дээ) улс төрийн нам байгуулснаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр гурвантаа хандахад гурвууланд нь татгалзсан байна. Дээд шүүхийн нөхөд “Гэр хорооллын иргэдэд нам байгуулах хэмжээний боловсрол байхгүй” гэж үзсэн гэнэ...

Б.СЭМҮҮН

           


ИХ УНШСАН
    Сэтгэгдэл:
    Сонин хачин