• Эхлэл
  • П.Тунараа: Сэтгэлийн тэнцвэрээ олохуй

П.Тунараа: Сэтгэлийн тэнцвэрээ олохуй

2020/11/04

UB palace-ийн их танхим өнгөрсөн ням гаригт сэтгэлийн тэнцвэрээр дүүрэн амьсгалав. Энэ бол ямар нэгэн урлагийн тоглолт биш хүн болгоны өөрөө, өөрийгөө олох гэсэн тэмүүлэл, ухаарал хайрлах үгс цалгилсан лекц байлаа. Монголд арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа “Тунараа” аз жаргалын төвийн захирал П.Тунараа багш энэ удаа сэтгэлийн тэнцвэрээ хэрхэн олох, хэрхэн өөрийгөө жолоодох, хэрхэн амар амгаланг олж болох талаар лекцээ толилуулан юм. Ингээд түүний INTERNATIONAL телевизийн Зочны хойморт уригдсан оролцсон ярилцлагыг хүргэж байна.

-UB palace ийн их танхимд “Сэтгэлийн тэнцвэр” лекцээ толилуулсан. Тэгэхээр сэтгэлийн тэнцвэр гэж юуг хэлээд байна вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Аливаа зүйлд баланс буюу тэнцвэр гэж байдаг. Жаргал зовлон, нар сар, халуун хүйтэн ээлжилдэгтэй адил бид сэтгэлийн тэнцвэрээ олж чадахгүй бол амьдралаас хүртэх зүйлээ олж авч чаддаггүй. Та бүхэн мэднэ шүү дээ, сэтгэлийн тэнцвэр муутай хүн багахан зүйлд сөхөрч бүдэрдэг, тэнцвэртэй хүн бол аливаа зүйлийг даван туулж,  тэр хэрээрээ амьдралаас аз жаргал, аливаа бүхнийг хүртэж, мэдэрч чаддаг. Бизнест ч гэсэн сэтгэлийн хаттай хүн унаж бүдэрч, мандаж буурах нь бага. Буурсан ч түүнийг давж чадвал амжилтанд хүрдэг. Амьдралын богинохон хугацаанд сэтгэлийн тэнцвэрээ хадгалж чадвал амьдралын шуурганд амархан нугарахгүй, нугарахгүй. Монголчууд сэтгэлийн хат гэж ярьдаг даа, сэтгэлийн дархлаа, сэтгэлийн хүч үгүй бол амархан хугарч, өвдөж, бүр гэр бүл салах гэх мэтээр маш олон бэрхшээл бий болдог. Бидний хувьд багаасаа боловсрол эзэмшиж, ахуйтайгаа танилцаж, материаллаг ойлголт ихийг авдаг мөртлөө зүрх сэтгэлийн боловсрол гээчийг орхигдуулж, сэтгэл гэдэг зүйлээ гүйцэт мэдэрч чаддаггүй болсон нь олонх. Гэтэл хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан шүү дээ.

-Өнөөдөр нийгмээрээ их стресстэй байна гэж ярьдаг. Энэ юунаас болоод байна вэ, таны бодлоор?   

-Нийгэм нэг хүнээс эхэлдэг. Нийгмийн нэг эд эс болсон нэг хүний сэтгэлийн тэнцвэр алдагдахад орчин тойрон гэр бүл цаашилбал нийгэмдээ нөлөөлж эхэлдэг.  Тэгэхээр хүссэн хүсээгүй сэтгэлийн боловсрол хүсэгдэж эхлэх нь зүй ёсны зүйл. Сэтгэл сайтай хүнтэй уулзаж нөхөрлөхсөн, сэтгэл сайтай хүнийг ажилд авна гэх мэтээр сэтгэлийн мөн чанарыг өөрөөр хэлбэл сэтгэлийн тэнцвэр боловсролыг хайж хүсэмжилж байна. Хүний мөс чанар гэж бид ярьдаг. Хүн угаасаа л аз жаргалыг хүсдэг. Хүн төрөлхтөн тэр чигээрээ аз жаргалыг эрэн хайж байна. Гэвч түүнд яаж хүрэхээ мэддэггүй.

-Сэтгэлийн аз жаргал гэж таныхаар юу вэ?

-Дотоод сэтгэлийн амар амгалан. Хүн болгон л үүнийг хэлнэ. Харамсалтай нь үүнд хүрэх аргачлалаа мэддэггүй, зарим тохиолдолд хайхардаггүй, эрж хайдаггүй.

-Тэгвэл түүнд яаж хүрэх вэ?

-Бидний багш Segu Krishna Ramesh 40 гаруй жил гэмтлийн мэс засалчаар ажилласан хүн байдаг. Багш маань олон жил судалсны эцэст хүн өөрөө, өөрийгөө олж, өөрийгөө мэдэрч, дотоод мөн чанараа ойлгосноор амар амгаланд хүрдэг юм байна гэдгийг судалж гаргаж ирсэн. Тийм ч учраас бид сүүлийн 10 гаруй жил баяртайгаар сургалтаа явуулж байна. Хүн хэчнээн баяжсан  ч дахиад л баялагт шунадаг, эсвэл сэтгэл зүйн хувьд шаналсан хэвээр байдаг. Жишээлбэл, манай улстөрчид намайг л сонгочихвол үлгэрийн мэт амьдруулна гэж ярьж байгаа биз дээ. Гэтэл амьдрал дээр ямар байдаг билээ? Юу ярьж байгаагаа ч мэдэхгүй, юун дээр буухаа ч мэдэхгүй. Яагаад гэвэл сэтгэлийн тэнцвэр байхгүй болохоор оюуны тэнцвэр байхгүй. Тухайн үедээ үнэхээр л болчих юм шиг өөрөө боддог байх. Гэвч тэнцвэргүй хүн жоохон чулуунд бүдэрдэг шиг, сэтгэлийн тэнцвэргүй хүн эхний шуурганд бүдрээд өөр тийшээгээ явчихдаг. Сэтгэлээ сонсч чадахаа больчихдог гэсэн үг.

-Сэтгэл хаана байдаг юм бэ?

-Маш сайхан асуулт байна. Сэтгэл таны дотор өр зүрхэнд чинь байгаа. Та тархин дахь бодол санаагаа өрцөндөө буюу сэтгэл санаагаа төвлөрүүд 2 минут өөрийгөө сонсч мэдэр, тааламжтай байх юм бол 9 минут төвлөр, цаашилбал 15 минут төвлөр гэх мэтчилэнгээр оюун ухаанаа төвлөрүүлж сурах хэрэгтэй. Хамгийн наад захын энгийн хичээл аргачлал юм даа.  Бид лекцээрээ энэхүү 9 минутын дасгалыг заадаг. Маш олон хүнд эерэг амьдралыг бэлэглэж  чадсан.  

Хүний бие махбодь буюу физик төвшин таны 1 л хувь, харин үлдсэн 99 хувь нь оюун сэтгэл буюу долгисон бие эзэлдэг. Хүний хамгийн гол хэсэг болсон 99 хувь өвдөж эхлэхэд физик бие өвддөг. Сэтгэлээр унаад, шархлаад, эсвэл уурлаад л жижигхэн ч гэсэн зүйлд гомдоод өсөрхөөд хямраад байвал ходоод нь мушгираад өвдөөд, дагаад элэг, зүрх бөөр бүх эрхтэн өвдөж эхэлдэг. Өөрөөр хэлбэл сэтгэлийн тэнцвэр алдагдахад физик бие өвдөнө гэсэн үг. Наад захын энгийн хар ухаанаар авч үзье л дээ. Айлд нэг ууртай хүн байхад л бусдад нь ямар нөлөө үзүүлэх вэ? Ууртай хүний харц, үг, үйлдэл ямар байдаг билээ. Орж ирэхдээ л тип, тап гээд л уурлаад л юм шидлээд хашгираад хархираад эхлэхэд гэр бүл нь хүүхэд нь, хань ижил нь хямарна. Ийм хүнтэй хүн хэдийхэн амьдрах билээ, сална. Ийм гэр бүлд өссөн хүн ямар хүүхэд болох вэ? Ууртай, сөрөг баланстай орчинд өссөн хүүхэд далд ухамсартаа түүнээ хадгалсан байдаг. Хэчнээн сайхан боловсрол эзэмшсэн, хэчнээн гялалзсан хүн болж өссөн ч бай тавгүй орчинд тэр нь ил гардаг. Дахиад л гэр бүлдээ сөрөг энергиэ гаргадаг. Ийм нөхцөлд аз жаргал байх уу? Аз жаргалгүй хүний дэргэд хэн ч удаан тогтохгүй шүү дээ.

-Нээрээ юу ч болж байсан ажрахгүй хүн байхад юухан дээр ч зовлон тоочиж, гонгинож байдаг хүмүүс бий. Тэгэхээр тэд сэтгэлийн тэнцвэргүй хүмүүс байх нь ээ дээ?

-Бид мэднэ шүү дээ, гадаа цасан шуурга боллоо гэхэд  “Гадаа хүйтэн байна, аргагүй дээ, өвөл юм чинь...” гэдэг хүн байхад “Ёо хөлдөж үхлээ, гадаа чинь тэнгэр газар нийлж, дэлхий бараг сүйрч байна” гэдэг. Халуун нар гарахаар “Шарж алах нь” л гэдэг. Ийм сөрөг давтамжтай хүн сөрөг л байдаг. Бас ийм орчинд өссөн хүүхэд сөрөг мэдрэмжтэй болдог. Ийм орчинд хүүхдүүд сэтгэлийн тэнцвэрээ алдаж, өвчний мэдээллийг авч эхэлдэг, цаашилбал өвдөж эхэлдэг. Олон нийтийн сүлжээнд ч гэсэн юу л болно шүүмжилдэг, муулдаг, хараадаг хүмүүс байдаг.   

-Хүн хэтэрхий их албан тушаал ч юм уу, эд баялагт шунахаар өөрөө өөрийгөө алддаг гэж та нэг ярилцлагадаа ярьсан байсан?

-Хэтэрхий их эго-той болчихсон байна аа гэсэн үг. Хүний хүсэл хязгааргүй. Нэг шуудай алттай боллоо гэхэд хоёр, гурван шуудай болгох гэж өөрийгөө зовоож эхэлдэг. Хүслээ хязгаарлаж чадахгүй болох тусам шунал болдог. Эрх мэдэл, эд баялаг ямар ч зүйд хэт шунахад хүн өөрийгөө алдаж эхэлдэг. Тэгэхээр л өөрийгөө сонс, мэдэр, сэтгэл зүрхээ бүү алд гээд байгаа. Сэтгэл зүрхийг ч гэсэн дасгалжуулж, хөгжүүлж байхгүй бол тэр мөхнө. Өнөөдөр хүмүүс ихийг сурч мэдэж, өндөр боловсролтой болж байна. Гэтэл нэгтээ өөрийгөө алдчихсан байдаг. 

Улстөрч, хуульч, эмч ч юм уу маш өндөр боловсролтой, соёлтой хүн байг. Гэхдээ л юм юм руу сандчаад л сарваганаад л өөрийгөө ч бусдыг ч зовоогоод байна гэдэг бол мэдрэмжээ алджээ л гэсэн үг. Нэг их сайхан боловсролтой, ганган дэгжин эмч хүн байлаа гэхэд гэртээ ороод юм хумаа шидлээд л хүүхдээ, зандраад, хөмсгөө зангидаад байна гэдэг сэтгэлийн боловсрол мэдрэмжгүй байна гэсэн үг. Гадуур нэг сайхан ааштай, гэртээ ороод арслан бар шиг болчихдог хүмүүс байдаг үүү дээ. Тэд зүрх сэтгэлээ мэдэрч хөгжүүлэхгүй бол өөрөө өөрийгөө алдаж байна гэсэн үг. Хүний амьдрал богинохон их бол 100 насална. Гэтэл 70,80 насалсан өвчин ярьсан, уурласан, ганцаардаж гунигласан хүмүүс байдаг. Тэд ид насандаа зөндөө их зүйл хийсэн, сурч боловсорсон, үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулсан байг. Хүүхдүүдээ байртай, машинтай бизнестэй болтол нь зүтгэлээ, гэтэл өөрсдөө гунигтай ууртай өтөл настай золгодог. Яагаад гэвэл өөрийгөө алдчихсан, өөрөө, өөрийнхөө төлөө юу ч хийгээгүй, зүгээр л амьдралаа эрх мэдэл, эд хөрөнгө, карьер, боловсрол үр хүүхдийнхээ төлөө зориулчихсан байдаг. Эцэст нь ямар аз жаргалгүй, “Би та нарын төлөө бүхнээ зориулсан” гэж хүүхдүүддээ гомдоллоод яах билээ? Тэгэхээр хүн өөрөө өөрийгөө сонсч өөрийгөө мэдрэх сэтгэлийн боловсрол олоосой гэж боддог.

-Эцэг эх болгон хүүхдээ мэргэжил боловсролтой, сайн хүн болоосой гэж хүсдэг. Тэр хэрээр зааж чиглүүлж байдаг. Гэхдээ хэтэрхий их хүчилж байгаа нь бидний алдаа ч юм уу гэж боддог?

-Мэдээж бид бүгд эцэг, эхийн сургаалийг сонсч, тэдний замаар амьдарч яваа. Гэхдээ тэр хэдийгээр миний хүүхэд мөн боловч тэр бол өөрөө бас хувь хүн.  Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, өөрийн гэсэн зам мөртэй, өөрийн даалгавартай хорвоод ирсэн байгаа. Өөрийнхөө унаж босч, хөгжиж тэмүүлж хүн болдог. Амьдрал тэр чигээрээ сургууль. Бид хүүхдээ алдаж, эндэх вий гэдэг үүднээс зааж сургадаг, түүнийгээ хэтрүүлдэг. Хүүхэд хөл бөмбөг тогломоор байхад аав, ээж нь хичээлээ давт гээд суулгачихад хүүхэд эцэг эхээсээ ч юм уу багшаасаа айгаад хичээлээ хийдэг. Гэвч өөрийн хүсэл байхгүй учраас тийм ч их үр дүн гардаггүй, аз жаргалгүй, аз жаргалын гормон байхгүй. Харин эсэргүүцлийн гормон ялгарч байдаг.  Эцэг эх нь ийм мэргэжил чамд тохирно, чи ийм сургуульд орох ёстой гээд дарамт нь хэтэрснээс  өөртөө итгэлгүй, зорилгогүй, өөрийгөө илэрхийлдэггүй зориггүй хүмүүс болдог. Магадгүй манай нийгмийн 70,80 хувь Багаас нь боомилсоор байгаад аав, ээжийнхээ хүслийн дор амьдарч байгаа хүн яаж зорилготой, аз жаргалтай байх билээ?

Тоглоод гүйж байхдаа аз жаргалын гормоныг ялгаруулж байдаг. Хүүхдийнхээ хүсэл, сонирхлыг нь сонс.

-Нийгмийн сэтгэл зүй тогтворгүй болохын хэрээр сэтгэл судлал, сэтгэл судлаач, сэтгэл зүйч дутагдаад байна уу гэж бодогддог. Таны бодлоор бол?

-Хүн өөрөө өөрийнхөө сэтгэлийг сонсч байж сэтгэл зүйч болдог. Сэтгэл гэдэг нэгдмэл чанарыг агуулж байдаг. Би өөрийгөө судалж байж өөр хүний сэтгэлийг сонсч чадна

Сэтгэцийн алдагдал бий болж байна, дургүй хичээлээ хийдэг, дургүй ажлаа хийдэг, дургүй хүнтэйгээ хамт байдаг, өөрийнх нь хүсэл сонирхлыг сонсдоггүй, дарангуйлдаг, хүүхэдтэйгээ хашгирч, дарангуйлж ярьдаг. Тэгээч ингээч гэх нь хүүхдийн сэтгэцийн чадамжийг унагаж байдаг.

5 настай хүүхэд ямар аз жаргалтай байдаг билээ. Гэтэл тэгээч ингээч гэж тулгаснаас сэтгэцийн асуудал үүсдэг. Ердийн хүний ухамсар 200, ууртай хүн бол 150, сэтгэцийн асуудалтай болж эхэлж байна гэж үзнэ. Догшин хүчирхийлэл үйлдэх хүсэлтэй хүнийх 100, азгүй новш, үйлийн үртэй хүн гэж бодож эхлэхэд 30, амиа хорлох хэмжээнд 10 хувьтай болж эхэлдэг.

Гэтэл өнөөдөр Монголын нийгэмд 200-тай хүнийг олоход бэрх болж байна.  Саяхан бид нэгэн жижигхэн суурингийн 14-16 насны 80 хүүхдэд судалгаа хийж үзэхэд 50 хувь амиа хорлох тухай боддог гэж гарсан. Яагаад гэвэл тэр жижигхэн газар архидалт маш их. Хүүхэд эхлээд архи уудаг ээж, ааваасаа ичнэ, дараа нь стрест орж, том болоод өөрөө ууж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, далд ухамсарт нь нөлөөлчихсөн байна гэсэн үг.

-Тэгвэл зовлон гэж юу вэ?

-Зовлон янз бүрийн хэлбэрээр биднийг үргэлж дагаж явдаг. Байх, байхгүйн, ахуйн сэтгэлгээний, гоо үзэсгэлэнгийн гээд  Хүн өөрөө өөрийгөө ойлгож ийм учраас зовоод байжээ гэдгийг ойлгосон цагт тэрнээс ангижирч чадна. 15 настай хүүхэд яагаад догшин. Би өөрийгөө ойлгож чадаагүй хүүхэддээ ширүүн хандаж, хашгирч орилж дарангуйлж байсан учраас тэр хүүхэд  мөн дарангуйлагч болж өсдөг

Хүүхдийн атма-г тэжээх ёстой. Атма гийн тэжээлийг урам өгдөг. Айлын хүүхэд ийм байхад, яахаараа ингэж хичээлээ хийдэггүй хүүхэд вэ гээд хүүхдээ дарангуйлах биш урам өгч атма-г нь тэтгэж байх ёстой юм.  

-Тэгвэл бид яаж энэ бүхнээсээ салах ёстой вэ? Гэгээрэлд хүрэх зам хаана байна?   

-Би ч гэсэн гэгээрэл бол эгэл биш хүний хүрэх төвшин гэж боддог байсан. Одоо бол хүн өөрийгөө таньж мэддэг, худлаа хэлж, хулгай хийнэ гэдэг бол мунхаг юм гэдгийг ойлгодог, уураа барьж чаддаг, хүүхэдтэйгээ хэл амаа ололцож чаддаггүй байсан бол ойлголцдог болчиход л гэгээрэл юм гэдгийг ойлгодог болсон. Зовлонгийн шалтгаан бол мунхаг юм гэж Бурхан багш кинон дээр гардаг. Түүнийгээ ойлгочихвол тэр гэгээрэл юм. Хоосон чанарын мөн чанарыг ойлгоно гэдэг бол мэдээж дээд гэгээрэл. Гэхдээ өөрөө өөрийгөө олчиход л энэ бол гэгээрэл. Худлаа хэлж, хулгай хийх бол өөрийгөө ямар их гутаан доромжилсон, дорд унагасан үйлдэл юм бэ гэдгийг ойлгочиход л болоо. Уур уцаар, хүчирхийлэл бол хүн өөрийгөө араатан амьтны хэмжээнд аваачсан байна гэсэн үг. Харин би одоо өөрийгөө араатан биш, хүн юм гэдгийг ойлгодог мэдэрдэг болсон. Хүн гээч ямар сайхан гэгээлэг, нарийн нандин, дахин давтагдашгүй бүтээл юм бэ, ямар гоё уран нарийн мэдрэмжтэй юм бэ гэдгийг ойлгодог болсон.

-Өөрөө өөрийгөө олж, сэтгэлээ танин мэдрээрэй гэсэн үг юм байна тийм үү?

-Хүнээс үг, үйлдэл гарч байдаг. Тэр бүхэн хүний өөрийнх нь бүтээл. Мэдээж хүн өөрийгөө олоход хэцүү. Хүн өөрөө өөр дээрээ ажиллаж, ухаарч байж үйлийн үр карма барагдаж эхэлдэг.

Дэлхий бол үйлийн үрийг багасгах гэр. Хүн болгон жижиг, том цүнхтэй ирдэг. Энэ дэлхий дээр үйлийн үргүй хүн буухгүй. Дэлхий бол маш их материаллаг, хүнд вибрацитай ертөнц.

Ядуу, баяны зовлон, архи, өвчний зовлон, гомдол тээсэн зовлонг ухаарахын тулд бид дэлхийд ирсэн. Үүнийгээ ухаарсан хүн дэлхийд эргэж ирдэг. Таны миний ертөнцийн төв энд л оршдог. Зүрх зогслоо хүн байхгүй. Үүнийгээ сонсч ччадвал зовлонгийн шалтгаан, үйлийн үрээ мэдэрч чадна.

-Жишээлбэл, сошиалд гэхэд дандаа сөрөг муу хэрүүл хийж байдаг. Сошиал хүмүүсийг эвдэж байна гэдэг. Тэгэхээр бид яах ёстой вэ?

-Сошиал Маш хэрэгтэй мэдлэг авах, өөрийнхөө бизнесийг түгээн дэлгэрүүлэх. Дэлхийн олон оронд байгаа монголчуудтайгаа харилцаж байна. Тэнд зовлонтой амьдрач байгаа хүмүүс ч байна заавал ч тэрэнтэй ноцолдоод донтоод байхгүй, хэрэгтэй юм аа ав. Хэрэгтэй юмаа аваа л гарчихаж сурах хэрэгтэй.Сөрөг зүйл цацмааргүй байгаа юм.

-Тэдэнд ч бас таны лекц, бясалгалын дасгал хэрэгтэй байх. 9 минутын бясалгалын дасгалыг яаж сурах боломжтой вэ?

-Юутууб, CD гаргасан байгаа. Мөн онлайнаар өглөө, орой тогтмол лекц явуулж байгаа. Та энэ хаягаар манай бясалгалд суралцаж болно.

ДАЛД УХАМСАРЫГ СЭРЭЭХ 9 МИНУТЫН БЯСАЛГАЛЫН ГРУПП

ТУНАРАА АЗ ЖАРГАЛЫН ТӨВ

Хүн болгон өөрөө өөртөө нэг ертөнц, давтагдашгүй нандин бүтээл. Энэ сайхан байгалийн давтагдашгүй бүтээл гэдгээ мэдэрч, өөрийнхөө потенциалаа мэдэрч, зовлонгоосоо салж, инээж наргиж, жаргаж, амьдраарай. Бид яг адилхан. Аз жаргал хүсье.

-Баярлалаа та бүхэнд амжилт хүсье.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин