• Эхлэл
  • Хүмүүс минь ухаарч нэг өөрийгөө хараач!

Хүмүүс минь ухаарч нэг өөрийгөө хараач!

2020/12/08

Эх дэлхий ээжийгээ хайрлая хүмүүсээ! 
Дэлхий ээжийнхээ хэвлий уул усандаа хүүхэд насаа  үдсэн, ойн жимээр алхаж, тоглон наадаж өссөн хүмүүн билээ. Эмээ минь  биднийг уул усандаа зэрлэг догшин шунаг сэтгэлээр ханддаггүй энэрэнгүй сэтгэлтэй болгон хүмүүжүүлсэн. Эмээ минь голын ус бохирдуулж, мод хугалж болохгүй. Мод бүхэн амьтай хүн шиг гар хөлтэй амьсгалдаг гэж захидаг. Шувууны үүр сүйтгэж болохгүй, бүр сүүдрээ ч тусгадаггүй юм шүү гэж сургадаг байсан. Ингэж л өвөг дээдэс минь байгальтайгаа зөв харьцах тухай ярьж, биднийг үлгэрлэн сургасан. 
Миний хүүхэд насаа өнгөрөөсөн ой маань битүү шигүү байсан юмсан. Нас яваад ч тэр үү үе үе ойгоо санагалзах болсон. Ууландаа гарч хэсэг суулаа. Уруудаж өгсөж нилээд явлаа. Хэд хоногийн өмнө гөрөөс харж учиргүй баярласан. Өнөөдөр сэтгэл нэг л хөндүүр. Уур ч хүрээд байгаа юм шиг. Бүр хүүхдүүлээ алдчихсан эжий шиг энэлэн шаналж байлаа. 

 

Самраа өөрөөр хэлбэл өвлийн хүнсээ алдсан өөдөсхөн хэрэм өлбөрч бурханы оронд заларсныг харлаа. Түүнийг харсан би зог тусч хоёр хөл минь тушигдсан. Орилж уйлмаар санагдсан. Өөрийн эрхгүй огиулан, хоёр нүдний нулимс асгарлаа. Хүйтэнтэй зэрэгцэн асгарсан нулимс хөлдөж хацар хайрч байсан. Гадаа тийм ч хүйтэн биш. Гэхдээ сэтгэл тэр чигтээ хямарч далайн давалгаа шиг хүчтэй давалгайлсан. Байгалийн хүчтэй ширүүн урсгал намайг  хайр найргүй балбаж байлаа. 
Өөдөсхөн хэрмийг удаан харж чадсангүй. Цаашаа жаахан мөлхлөө. Энэ л зурвасыг давчихбал гэж бодон мөлхөж байлаа. Толгой эргэж, бүр босч чадсангүй. Хамаг хүчээ шавхан хүчлэн бослоо. 
Энд тэндгүй цохиулж арьсаа хуулуулсан, унасан хус... Моддын “арьс”-ыг нь хуулан хадаасаар цоолжээ. Тэд дахин цэцэглэн шим шүүсээ дахин өгөхгүйгээр хатчихжээ. Байгалийн жамаар бус, ухамсаргүй хүний гараар цэл залуухан насандаа нүд хальтрам дүрийг сонгожээ. 
Хавар хусны шүүс ууна гэж хүмүүс ийм болгосон. Уг нь та түүнийг эргүүлээд модоор тагласан бол энэ жил дахиад шүүс ууж болох юм шүү дээ. Харамсалтай үйлдэл. Хагас зуун жилээс илүүтэй наслах модыг цэл залуугаар нь сүйтгэжээ. Мацаж мөхсөөр хус модыг түшин босох гэтэл чадсангүй. Намартаа самрыг авах гэж хүчтэй нүдүүлсэн мод надад тулах тулгуур болж чадсангүй уналаа. Би ч зүрхэндээ хүчтэй цохиулсан мэт модоо дагаж уналаа. Мод бид хоёр хамт хар хүчинд дийлдсэн. 
Зүрх зогсох шиг мэдрэмж намайг бүрхлээ. Нулимс байтугай дуу гарахгүй хэсэг гуйван дайван зогсох гэж оролдсон. Өөрийн эрхгүй хүмүүс минь тэр хэрэм таны хүүхдүүдтэй л адилхан гэж хэлмээр. Бүр хашгирмаар. Та хус модыг биш өөрийнхөө амьсгалыг боймолж байна гэж ойлгуулмаар. Хүн та эрүүл мэндээ бодож байгаа бол байгалиа, амьтай бүгдийг хайрла. Тэгж гэмээн бид урт удаан насална. Элбэг дэлбэг энх тунх амьдарна. Бид ухамсар дорой шуналаасаа болж дэлхий эжийгээ хөнөөж байна. Эцсийн эцэст дэлхий биш, бид дэлхийгээ хөнөөж байна. Гэрээ үгүй хийсэн өвлийн хүйтэнд хаана амьдарч амь гарах юм бэ. Үүнтэй агаар нэгэн. Ой модгүй бол бид амьсгалах агаар хүчилтөрөгч үгүй болно. Газрын гүний ус татраадамьтан хүнгүй хэцүүдэнэ. Хорвоо ертөнц гэдэг чинь угтаан бол хүмүүн та өөрөө юм шүү дээ. Хүмүүс минь ухаарч нэг өөрийгөө хараач!

Гуйж байна.
 

Гансүх Жаргалсайхан 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин