Хятад судлаач, Орчуулагч Х.Баатархүү
XXI зууны 21 дэх он гараад удаагүй байна. Энэхүү нийтлэлээрээ манай өмнөд хөрш-БНХАУ-ын “Дөрвөн 100” гэсэн ойлголтыг уншигч та бүхэнд танилцуулахыг хичээлээ.
Нэг: 2021 он бол ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн жил.
Хоёр: 2021 он бол 2012 онд хуралдсан ХКН-ын XVIII их хурлаар баталсан “Хоёр 100 жил ” хөгжлийн зорилтын эхний 100 жилд зорилтоо биелүүлэх цаг хугацаа.
Гурав: БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 100 их наяд юань давж, цах тахлын хүнд цаг үед ч гэсэн тус улсын эдийн засгийн өсөлт 2.3% байгааг БНХАУ-ын Үндэсний Статистикийн Газар 2021 оны хоёрдугаар сарын 28-нд албан ёсоор зарлав.
Дөрөв: 2021 онд БНХАУ сүүлийн долоон жилд 100 сая шахам иргэдээ ядуурлаас бүрэн ангижруулснаа албан ёсоор зарлав.
Энэ талаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2021 оны хоёрдугаар сарын 25-нд БНХАУ-ын ядууралтай хийх тууштай тэмцлийн ажлын тайлангийн хурал дээр "Хятадын Коммунист Нам, Хятадын ард түмний хамтын хүчин чармайлтын үр дүнд ХКН-ын түүхт 100 жилийн ойн босгон дээр манай улс ядуурлаас бүрэн ангижруулах тууштай тэмцэлд ялалтад хүрлээ" хэмээн албан ёсоор зарлав.
Дэлхийн улс орон бүр ядуурлыг арилгана гэх үгсийг төрийн засгийн хэмжээндээ хөтөлбөр болгон хэрэгжүүлж, улс төрчид сонгуулийн сурталчилгаандаа илүүтэй ярьдаг сэдэв болгож, олон улсын хурал цуглаан, уулзалт ярины үед үргэлж яригддаг хөгжлийн ирээдүйн цэг тийш тэмүүлэх ташуур нь болоод хоёр зууныг дамжжээ. Гэвч таван тивийн 200 гаруй улс орны хэмжээнд ядуурлын арилгана гэдэг нь амлахад амархан ч хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй, хэт өргөн хүрээний, дэлхийг хамарсан нийгмийн асуудал юм.
Дэлхийд сүүлийн 25 жилд нэг тэрбум хүн ядуурлаас ангижирсан нь ядуурлын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Одоогоор дэлхий нийт хүн амын 8.6 хувь нь үгээгүй ядуу амьдарч байна. НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилт, Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд дээрх үзүүлэлтийг 6 хувь хүртэл бууруулах зорилт тавьсан.
2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70-р чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн зорилтын 17 зорилгыг дэлхий нийтээр хэрэгжүүлж байна. Энэхүү Тогтвортой хөгжлийн зорилгын нэгдүгээр зорилго нь ядуурлыг арилгах явдал юм. Энэ нь 2030 он гэхэд дэлхий даяар ядуурлыг арилгах явдал бөгөөд нэн тэргүүнд өдрийн орлого нь 1.25 ам.доллароос бага орлоготой гэж тооцогдож буй хүн амыг ядуурлаас ангижруулахаар зорьж байна. Дэлхийн хамгийн олон хүн амтай улс болсныхоо хувьд БНХАУ ядууралтай тэмцэх асуудлыг анхаарлын төвдөө авч 40 жилийн турш ядуурлыг бууруулах арга хэмжээг эрчимтэйгээр хэрэгжүүлсээр ирсэн. БНХАУ-ын албан ёсны мэдээллээр өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлсэн 1978 оноос хойш нийт 740 сая хүнийг ядуурлаас гаргасан нь тухайн хугацаанд дэлхий дахины хэмжээнд ядуурлаас гаргасан хүн амын 70 хувьтай тэнцэж байна. Энэ бол маш том амжилт юм. Энгийн үгээр хэлбэл БНХАУ-д нэг минут тутамд 35 хүнийг ядуурлаас гаргаж байна.
Ши Жинпин дарга: “Сүүлийн долоон жилд өнөөгийн мөрдөж буй стандартын хүрээнд хөдөө тосгоны 98.9 сая ядууралтай хүн ам ядуурлаас бүрэн ангижирч, 832 сум ядууралтай гэсэн хаяг шошгоо авч хаян, 128,000 ядуу тосгоныг ядуурлаас бүрэн гаргаж, үргэлжилсэн ядуурлын асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Үнэмлэхүй ядуурлаас салж, ядуу зүдүү байдал эцэс болсноор манай ард түмэн нэгэн түүхэн гайхамшгийг бүтээж чадлаа!” гэж онцлон тэмдэглэжээ.
Хятад улс 20-дугаар зууны 80-аад оноос эхлэн хөдөө орон нутагт өндөр зохион байгуулалттай, маш тодорхой төлөвлөгөөтэй, өргөн цар хүрээтэй ядуурлыг бууруулах чиглэлийн бүтээн байгуулалт ихээр хийж, Хятадын Коммунист Нам ард түмнээ удирдан ядуурлын эсрэг тэмцэж, үр дүнтэй ажилласан билээ. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Хятад улсын ядуурлыг бууруулах чиглэлийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдан, ядууралтай бүс нутгууд үсрэнгүй хөгжилд хүрч, бүс нутгийн хэмжээнд ядуурлыг бууруулж, улмаар улсын хэмжээнд ядуурлаас бүрэн ангижирсан үр дүнд нэгэнт хүрчээ.
БНХАУ-ын ядууралтай эрчимтэй тэмцэх явцдаа доорх таван оновчтой бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг товчлон танилцуулъя.
1. Газрын шинэтгэл, иргэддээ газар эзэмшүүлэх ажлыг илүү оновчтой болгов.
Өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлого бүх шатанд гүнзгийрч, ядуурлаас ангижрах бодлогын хүрээнд Хятад улс бүх иргэдийнхээ газар эзэмших эрхийг нээлттэй болгосон байна. Ингэснээр иргэд нь газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор газар эзэмших, ашиглах боломжтой болжээ. Энэ нь ард иргэдийг эзэмшлийн газартаа тариалалт, мал аж ахуйг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тогтмол орлогын эх үүсвэртэй болгох зорилготой юм.
Газрын шинэтгэлийн хүрээнд нэг чухал үр дүнд хүрч байгаа арга хэмжээ нь уулын бүсэд оршин амьдардаг ядуу иргэдийг нүүлгэн шинэ суурьшлын бүсэд төвлөрүүлэн хамтын хоршооллын аж ахуйн байгуулан тэдэнд шинээр газар олгож улмаар хөдөлмөрөө хоршин эрхлэх хамтын аж ахуйн сэтгэлгээг суулгаж байна.
Үүний зэрэгцээ 2000 оноос хойш хот хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулах, ядууралтай тэмцэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газраас мэргэжлийн фермерийн цуврал бодлогуудыг авч хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр бодлого нь ХАА-ын салбарт ажиллагсдад чиглэсэн олон тооны шууд татаас, хөнгөлөлтүүд, ХАА-ын бүтээгдэхүүний татвар чөлөөлөлт, алслагдмал нутгийн нийтийн үйлчилгээг сайжруулах, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд үндсэндээ чиглэгдсэн. Энэ төрлийн бодлогууд нь ядуурлыг бууруулах, фермерүүдийн ажилчдын амьжиргааны түвшнийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулсан байна. Амьдрал ядуу иргэд тогтмол орлоготой болсноор ядуурлаас ангижраад зогсохгүй эргээд ядуурал руу буцахгүй байх боломжтой гэж үзжээ.
2. ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлөөс бүх мужийн дарга нартай ядуурлыг бууруулах гэрээ байгуулжээ.
ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлөөс бүх мужийн дарга болон ХКН-ын мужийн хороодтой ядуурлыг бууруулах гэрээ байгуулж, ядууралтай бүс нутгийг нарийвчлан тогтоож, тухайн бүс нутгийн давуу тал, онцлогт нь тулгуурласан эдийн засгийг тэтгэх, хүн ардын орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах тусгай бодлогыг хэрэгжүүлэх даалгаврыг өгчээ. Мужийн дарга нар нь хот суурины дарга нартайгаа, хот суурины дарга нар нь сум гацааны дарга нартайгаа гэх мэтчилэн бүх үе шатдаа ажил үүргийн тодорхой хуваарилалт, хүрэх үр дүнг тооцох шалгууртай хариуцлагын гэрээ байгуулдаг. Юуны өмнө, тухайн суурин, тосгонд хэдий хүн ядуу амьдарч байгааг тогтоож, бүртгэл архив үүсгэн нэгдсэн системд оруулдаг. Дараа нь түүнд чиглэсэн бодлого боловсруулж, хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг бүх талаар дэмжин ажилладаг аж. Мужийн дарга нарт өгсөн үүрэг даалгавар биелж байгаа эсэхэд хяналт тавьж, хугацаандаа биелээгүй бол сануулга өгч, цаашлаад гацаа тосгоны намын үүрийн дарга нарын ажлыг иргэдээр нь дүгнүүлж, муу оноо авсан дарга нарыг ажлаас нь чөлөөлөх, сайн ажиллаж байвал цаашид дэвшин ажиллах нэг шалгуур болгож, хэрэв ядуурлыг бууруулах ажилд ноцтой алдаа гаргасан бол намын албан тушаалаас нь огцруулах хүртэл арга хэмжээ авдаг байна
3. Зөвхөн халамжаар тэтгэх биш, нээн хөгжүүлэх бодлого хэрэгжүүлжээ.
Хятад улс ядуу амьдарч байгаа иргэдэд сар бүр бэлэн мөнгөний тэтгэмж олгохыг урт хугацааны хэрэгжүүлэх арга биш гэж үздэг байна. Тодруулбал, ядуурлыг бууруулахдаа ядуу иргэдийг зөвхөн тэтгэх биш, иргэдээ ажил бизнес хийх боломж олгож өөрсдийгөө нээн хөгжүүлэх бодлого баримталж байна. Энэ нь тэтгэмж өгөхөөс илүүтэйгээр тухайн ядуу өрх, иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, өөрсдийнх нь чадварыг дайчилж тогтмол ажилтай орлогын эх үүсвэртэй болгодог. Мөн Хятадад хөгжлөөрөө тэргүүлж буй зүүн бүсийнхэн нь баруун болон баруун хойд хөгжөөгүй бүс нутгаа ядуурлаас гарахад нь туслан тэтгэж, харилцан туршлага солилцох замаар ядуурлыг бууруулж байна. Хятадын төр засгаас халамжийн хавтгайруулсан тэтгэмж олгохоос илүү ядууралтай онцгой бүсүүдийг тогтоон зорилтот бүлэг болгож, түүн рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх жишиг тогтжээ.
Хятад улсад ядуу өрх, иргэнд олон төрлийн халамж олгодгоос доорх гурван хэлбэрийн халамж тэтгэлгийг жишээ болгон дурдъя. Нэгдүгээрт, тухайн муж, тосгонд тогтоосон өрхийн орлогын баталгаажсан түвшнээс доогуур орлоготой байгаа өрхөд зөрүүг нь нөхөн олгох тэтгэмжийг 2 жилийн хугацаанд сар бүр олгодог байна. Тодруулбал, тухайн тосгоны баталгаажсан орлого 5000 юань бол сарын 4000 юанийн орлоготой өрхөд сард 1000 юанийг нэмж, тэтгэмж хэлбэрээр олгодог байна. Хоёрдугаарт, 2011 оноос хойш 60-аас дээш насны тэтгэврийн насны тэтгэвэр авагч иргэн тухайн мужийн амьжиргааны түвшин, зардлын өсөн нэмэгдлээс шалтгаалж сар бүр 90-128 юанийн тэтгэмжийг тэтгэвэр дээр нь нэмж олгодог болсон байна. Гуравдугаарт, Хэрэв тухайн тариачид газар тариалан эрхлэхээ больж ойжуулах ажилд оролцсон бол га тутамд 18000 юань байхаар тооцож, үүнийг 3 жилд хуваан олгодог байна.
Хүн амыг ядууралд өртүүлж байгаа хамгийн том шалтгаануудын нэг өвчлөлийг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн хөдөөгийн хүн амыг бараг бүхэлд нь хамарсан Шинэ хөдөөгийн хамтарсан эрүүл мэндийн тусламжийн тогтолцоог хөгжүүлэхэд голлон анхаарсан.
Ядуурлаас гарах бас нэг гарц бөгөөд ядуурлын үе дамжуулахгүй таслан зогсоох чухал нэгэн арга бол боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх явдал юм. 2016–2020 оны хооронд хэрэгжиж байгаа XIII таван жилийн төлөвлөгөөний дагуу ядуурал ихтэй, хотжилт багатай баруун ба төвийн бүсэд илүү анхаарах болж сургуулийн өмнөх боловсрол (3 жилийн) болон бүрэн дунд боловсролыг (12 жилийн) үнэ төлбөргүй олгох болжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд сургуулийн насны бүх хүүхдэд (шилжин суурьшигчид, ажилчид, сургууль завсардсан хүүхдүүдийг оруулаад) бүрэн дунд боловсрол олгохоор ажиллаж байгаа аж.
4. Хөдөлмөрийн бүтээмжийг дэмжсэн хүүгүй зээл олгожээ.
Төр засгийн бодлогын үр дүнд ядуурлаас нь гаргаж дундаж орлоготой иргэдийн эгнээд шилжүүлсэн иргэдийг байнгын ажлын байртай байлгах, тогтмол орлогын эх үүсвэрийг дэмжих үүднээс жижиг дунд бизнес, тэр тусмаа жижиг дунд, өрхийн үйлдвэр эрхлэгч иргэдэд гурван жилийн хугацаатай 50 мянган юанийн зээлийг хүүгүй олгодог байна. Иргэдээ байнгын ажилтай, тогтмол орлоготой байлгах төсөл хөтөлбөрийг дэмжсэнээр эргээд ядууралтай байдал руугаа буцахгүй гэж үзэж байгаа аж. Түүнчлэн иргэдэд нийтийн болон насан туршийн боловсрол олгох, эрүүл мэндийн мэдлэгт анхаарч, өөрсөддөө жижиг аж ахуйг авч явах сэтгэхүй, менежментийн арга ухаан суулгахыг зорин ажиллаж байна. Энэ чиглэлд мэргэжлийн боловсрол олгохыг чухалчилсан олон төрлийн шат дараалсан сургалт дамжааг өргөн хүрээтэй тогтмол зохион байгуулсаар байна. Ажлын байрны судалгааг тосгон бүр хийж хөгжсөн бүс нутагт ажлын байранд зуучлах ажлыг тасралтгүй хийснээр мэргэжилтэй ажилчид тогтмол ажлын байртай болжээ.
5. Компанийн нийгмийн хариуцлага ба ядуурлыг бууруулах бодлого хэрэгжүүлэв.
Дотооддоо болон дэлхийд нөлөө бүхий үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн томоохон компаниуд нь Төрийн зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу ядуурлыг бууруулах бодлогын хэрэгжилтэд чухал дэмжлэг үзүүлэн ажилладаг байна. Томоохон групп компаниуд аль нэг суурин, тосгоныг шефлэн авч ядуурлыг бууруулах бодлогыг бие даан хэрэгжүүлж байна. Энэ нь тэдний нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр гэж үздэг. Тухайлбал, цахим худалдааны Алибаба, Жиндун зэрэг компаниуд хөдөө тосгонд газар тариалан, мал аж ахуйн эрхэлж байгаа иргэдийн бүтээгдэхүүнийг интернэт орчинд шууд үнэ төлбөргүй сурталчилж, тариаланчид тариалангийн талбайгаас бүтээгдэхүүнээ шууд борлуулж, хэрэглэгчидэд эрүүл хүнсийг газар дээрээс нь илүү хямд өртгөөр шууд худалдан авах боломжийг бүрдүүлж өгчээ. Ингэснээр нэг талдаа тариалан эрхэлж байгаа иргэдийн орлого, нөгөө талд цахим худалдаа эрхлэгч компанийн ч ашиг орлого нэмэгдэж хамтын хожилтой шинэ бизнесийн загвар болоод байна.
БНХАУ-ын дарга Ши Жинпин ядууралтай тэмцэх нь бүх нийгмээрээ хөдөлж байж амжилттай биелүүлэх компанит ажил байх болно гэж тодорхойлж, төрийн үйл ажиллагааг энэ чиглэлд улам илүү хандуулах болсноор энэ ажлын хүрээнд төрийн албан хаагчид ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд 2020 оны байдлаар нийт улсын хэмжээнд 775,000 төрийн албан хаагч орон нутагт томилогдон ядууралтай хийх тууштай тэмцлийн тэргүүн эгнээд ажиллажээ. 2012 онд хуралдсан ХКН-ын XVIII их хурлаар баталсан “Хоёр 100 жил” хөгжлийн зорилтын эхний 100 жилийн зорилтоо биелүүлж ядуурлаас бүрэн ангижирсан Хятад улс нь 2049 он буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор орчин үеийн хөгжингүй чинээлэг улс болох зүгт ийнхүү тэмүүлж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна