• Эхлэл
  • Миний мэдэх залуучуудын байгууллага

Миний мэдэх залуучуудын байгууллага

2021/07/05

Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан нийтлэлийн уралдаан зарлаад байгаа билээ. Энэхүү уралдаанд  "Зиндаа" сэтгүүлийн Ерөнхий редактор Д.Оюунцэцэгийн  ирүүлсэн нийтлэлийг хүргэж байна.

Дашрамд сануулахад сэтгүүлч, нийтлэлч оролцогчид бүтээлээ mediamyf111@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Харилцах утас 77771313, 99049247

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ намар тохионо. Бошгыг халах залуучуудын эвлэл, МХЗЭ, МЗХ гэсэн олон үе шатыг энэ хугацаанд туулан өнгөрөөжээ. Миний хувьд улс даяараа социализмыг өрнүүн байгуулах зорилт тавин урагш тэмүүлж байсан 1970-аад оны дунд үеэс 1990 онд ардчилсан хөдөлгөөн өрнөж, өмнөх нийгмийн тулгуур болж асан олон нийтийн байгууллагууд тарсан үе хүртэлх Монголын залуучуудын байгууллагыг мэдэх юм. Өөрөөр хэлбэл, социализмын үеийн залуучуудын байгууллага ид мандаж явсан цагаас шилжилтийн жилүүд, улмаар татан буугдаж өнөөгийн Залуучуудын холбоо үүсэх хүртэлх он цагийн хэлхээсийг үзэж туулжээ. Тухайн үеийн жишгээр  ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид наймдугаар ангид ормогц улаан бүчээ тайлж, МАХН-ын дайчин туслах, бэлтгэл хүчин гэгдэх МХЗЭ-ийн гишүүнд элсдэг байв. Харин 15 насандаа хөөр баяр дүүрэн элсэж байсан залуучуудын байгууллага маань арваадхан жилийн дараа тарж, гишүүдийнхээ бат илэрхийлэхийг хормойлж аваачаад нийслэлийн МХЗЭ-ийн хороонд тушаах юм гэж төсөөлөөгүй. Сурагч ахуйд

“Улаан туг залуучууд хоёр ихэр юм

Уралдаан, ялалт хоёрын нөхөр юм

Манай өнөөдрийн жавхаа юм

Маргааш өдрийн гялбаа юм” хэмээн дуулж Эрдэнэт хот руу, тариалангийн талбай, мал сүргийн бэлчээр тийш эвлэлийн илгээлт өвөрлөн одох ах, эгч нар бидний бахархан дуурайх жишээ болж байв. Хот, суурин газрын сургуулийн найм, аравдугаар анги төгссөн хөвгүүд охид үйлдвэрийн цехэд, хөдөөгийн сурагчид мал аж ахуйд бүхэл бүтэн ангиараа залуучуудын эвлэлийн илгээлтээр гарч ажиллахын зэрэгцээ техникум, их, дээд сургуульд эчнээгээр сурч мэргэжил, боловсрол эзэмших боломж нь нээлттэй байсан үе. Хүүхэд, залуучуудын театр, Хүүхэд, залуучуудын парк, хүүхдийн “Найрамдал” зуслан, аймаг бүрт шахам хүүхдийн амралтын газрууд, Гэрлэх ёслолын ордон, Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кинотеатр, хүүхдийн “Бамбарууш” кафе, Эх нялхсын эмнэлэг, Хүүхдийн төлөө фонд гээд хойч үе рүү чиглэсэн олон байгууллага ажиллаж, тэр хэрээр Монгол Улсын хүн ам хурдацтай өсөж, гадаад орнуудад “Хүүхэд, залуусын орон” хэмээх алдартай болсон тийм цаг юм.

Бидний хувьд дунд сургуулийн ахлах анги, оюутан цагаа залуучуудын байгууллагын гишүүнээр өнгөрүүлж, сар бүр зохих хэмжээний татвар төлж байгууллагаа дэмждэг байв. Тухайн үед амьд сэрүүн байсан Монгол Улсын баатрууд, хөдөлмөрийн алдар цуутнууд эвлэлийн гишүүдэд яриа, лекц хийж, залуус тэднээс урам авч улам сайн сурах, ажиллах гэгээн хүсэлд умбадаг, залуу хүн бүр шахам тэмүүлэлтэй, мөрөөдөмтгий үед би МХЗЭ-ийн гишүүн сурагч явжээ.

Оюутан байхдаа залуучуудын байгууллагын гишүүдийн нэгэн адилаар  Чилийн коммунистуудын дууг дуулж, АНУ-ын тэмцэгч Дин Ридийн дуунуудыг сонсож, Анжела Дэвисийн тэмцлийг дэмжиж, Америкийн империалистуудын бүтээсэн нейтроны бөмбөгийг эсэргүүцэн жагсаж, Японы милитаристуудыг буруутгах хөдөлгөөнд нэгдэж явав. Эвлэлийн гишүүн залуус улс төрийн дууны хамтлаг байгуулан дайн, түрэмгийллийг эсэргүүцсэн, ажил үйлсэд уриалсан сэдэвтэй дуунуудаар өрсөлддөг байв. Зун, намрын цагаар тариа, ногоо хурааж, малын тэжээл бэлтгэж, мал ариутгаж, хашаа хороо барьж зун, намрын ажил хэмээх нөр их хөдөлмөрт дуу хууртай шамдаж явлаа.

Гэхдээ бид хаалттай боолттой нийгмийг ямар нэг хэмжээгээр сөрч байсан санагддаг. МУИС-ийн Орос хэлний салбарын оюутнууд бид нэг жил ЗХУ-ын Свердловск \Одоогийн Екатеринбург\ хотын Уралын их сургуульд сурдаг байсан юм. 1980 онд хөл тавьж байсан цаг. Монгол оюутнууд бид хаалттай хүрээнд “Битлз”сонсож, баруун Германы “Чингис хаан” хамтлагийн дууны аянд доргицгоодог байв. Манай ангид орос дунд сургууль төгссөн 40 мянгатын цөөнгүй хүүхэд байсан.Тэд хаалттай дуу хөгжмийн бичлэг олж, тийнхүү анги дундаа сонсдог байсан хэрэг. БНМАУ тунхагласны баярын өдрөөр монгол оюутнууд үдэшлэг зохион байгуулдаг уламжлалтай байж. Хэдийгээр үдэшлэгийн хөтөлбөрийг багш нар “үзэл суртлын өндөр түвшинд” хянасан ч манайхан үйл ажиллагааны яг дундуур “хөрөнгөтөн” Германы “Чингис хаан” дуугаа тавин бүжиглэж,  орос багш нар, комсомолын гишүүн зөвлөлтийн оюутнуудын үнхэлцгийг хагалах шахсан удаатай. Үдэшлэгийг тасалдуулж чадаагүй ч түүнээс хойш биднийг комсомолчид “нэг л өөр сэжиглэнгүй нүдээр” харах болсон.

Харин биднийг МУИС төгсөх үед шинэчлэлийн уур амьсгал орж эхлэн хүмүүс хоорондоо чангаар биш гэхэд өөр хоорондоо социалист нийгэм нэг л биш болж байгааг шүүмжлэн хэлэлцдэг болоод байлаа. МУИС төгсөөд сургуульдаа эвлэлийн хорооны зааварлагч хийхийн зэрэгцээ Орос хэлний дээд сургууль буюу хожмын Хүмүүнлэгийн ухааны их сургуульд хичээл заадаг болов. Оюутан залуусаа зун, намрын их ажилд оролцуулах, хичээл сурлагад нь дэм нэмэр болох гадаад, дотоодын залуусын үлгэр дууриаллаас таниулах, “Интернационал” клуб байгуулан гадаадын их, дээд сургуулийн үе тэнгийнхэнтэй нь захидлаар харилцуулах, дуу, хөгжмийн хамтлагууд байгуулах, бусад социалист орнуудад зуны амралтаар нь явуулж оюутны отрядад ажиллуулах зэргээр хичээл сургалтын зэрэгцээ хүмүүжлийн ажил тасардаггүй байлаа. МУИС л гэхэд арав гаруй факультеттай, тус бүрдээ салбар эвлэлийн хороодтой, анги бүр нь эвлэлийн үүртэй байсан.

МУИС төгсөөд гурван жилийн дараа тухайн үеийн МАХН-ын Төв хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийн Эвлэлийн ажилтны ангид суралцсан нь ид өөрчлөн байгуулалтын он цагуудтай давхацсан юм. Нам, эвлэлийн байгууллагын ажилтнуудыг залуу цусаар сэлбэх гэж 20-иод настай сонсогчид элсүүлж эхэлсэн нь тэр юм. Тэр зуур олон жил МХЗЭ-ийг удирдсан Л.Түдэв гуай сэтгүүлчийн ажилдаа шилжиж, одоогийн “Голомт” банкны удирдлагуудын нэг Г.Ганболд залуучуудын байгууллагыг удирдах болж, шинэ үе солигдлоо. Би Намын дээд сургуульд хоёр жил суралцаж төгсөөд тэндээ үлдэж, нам, эвлэлийн ажилтнуудыг сургадаг багш боллоо. Харин ангийн маань олон найз нөхөд МХЗЭ-ийн Төв Хороонд очиж ажилласан юм. Тухайн цагт өөрчлөн байгуулалтын улбаагаар хорин хэдэн настай, залуучуудын эвлэлийн гишүүн голдуу багш нарыг Намын сургуульд ажиллуулж эхэлсэн нь урьд үзэгдээгүй шинэ зүйл байсан юм. Тэр залуухан багш нарын дунд хожмын УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат, Татварын ерөнхий газрын дарга асан С.Энхбаатар, ардчиллын анхдагчдын нэг Г.Чулуунбат нарын зэрэг олны танилууд байв. Ямартаа л “Намын дээдийн багш нар Эрдэнэтэд амарна” гэсэн сургаар хуучны төгсөгчид багш нартайгаа уулзахаар очтол баахан залуучууд байхыг хараад “Өө, манай багш нар өөрсдөө ирэлгүй хүүхдүүдээ явуулчихаж” гэж дуу алдсан гэдэг юм. Ингэж залуучуудын байгууллагын гишүүн голдуу залуу багш нар өмнөхөөс арай л өөр “толгойгоор” хоёр нийгмийн шилжилтийн үе, зах зээлийн системд ажиллах боловсон хүчнүүдийг бэлтгэж эхэлсэн юм. Залуу сонсогчид дундаас маань ардчилсан хөдөлгөөний олон идэвхтэн төрж гарсан нь ч үүнтэй холбоотой.

Бичигч миний бие 1988 онд Намын дээд сургуулийн МХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдов. Өмнөх дарга болох, өдгөө Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбатаас тамга, тугаа гардан авсан юм. Эвлэлийн үүр багш, сонсогч, сургуулийн туслах ажилчдаас бүрдсэн нэлээд олон гишүүнтэй. Хичээл сургуулийнхаа зэрэгцээ залууст чиглэсэн ажлууд явуулж, жүжиг, концерт хүртэл дэглэж тоглодог байв. Харин 1990 оны хавар ардчилсан хөдөлгөөн өрнөж, Намын дээдийн залуус түүний тэргүүн эгнээнд түүчээлэн оролцлоо. Эвлэлийн үүрийн гишүүд залуучуудын байгууллагын гишүүний бат илэрхийлэхээ үүрийн даргын хувьд надад авчирч тушаадаг болов. Байгууллага бүхэнд ийм үзэгдэл өрнөв. МХЗЭ ч тарж эхэллээ. Залуус өөрсдөө шинэчлэлийг хүсэмжлэн хуучин тогтолцооны үеийн асар том тогтолцоогоо нураасан юм. Миний хувьд Намын дээд сургуулийн МХЗЭ-ийн сүүлийн дарга болж, туг, тамга, гишүүдийнхээ бат илэрхийлэхийг Нийслэлийн МХЗЭ-ийн хороонд аваачиж хураалгаснаар миний залуучуудын байгууллагатай холбогдсон түүх өндөрлөсөн. Ингэж миний мэдэх Монголын залуучуудын байгууллага социализмын өрнүүн байгуулалтаар эхлэж, шинэчлэлийн үеэр үргэлжилж, МХЗЭ тарснаар дуусгавар болсон билээ.

Харин одоо Монголын залуучуудын байгууллага техник, технологи хөгжиж цахим сүлжээгээр холбогдон “дэлхий хавтгайрсан” цоо шинэ орчинд, газар орны хол ойр, таних танихгүйгээс үл хамааран нягтарч, мэдээ мэдээллийг хормын дотор түгээн хуваалцах болсон шинэ зуун, мянганы залуусын хүсэл сонирхолд нийцүүлэн огт өөр өнгө, төрхөөр ажиллаж байна.

Зиндаа" сэтгүүлийн Ерөнхий редактор Д.Оюунцэцэг

                                                                       


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна